ЛУК 15:4-24
ЛУК 15:4-24 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хэрэв та нарын дундаас хэн чинь зуун хоньтой байтал, нэг нь алдагдахад ерэн есөн хонио бэлчээрт орхин, алдагдсан хонины араас явж, түүнийг олтлоо хайдаггүй вэ? Тэгээд хонио олбол, тэр баяртайгаар мөрөндөө тэгнэн, гэртээ ирээд, анд нөхдөө болон хөршүүдээ хамтад нь дуудаж, “Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!” гэнэ. Би та нарт хэлье. Мөн үүний адил, гэмших шаардлагагүй ерэн есөн зөвт хүнээс илүүгээр гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно. Нэгэн эмэгтэйд арван мөнгөн зоос байжээ. Хэрэв нэг зоосоо алдчихвал, дэнлүүгээ асаан, гэрээ шүүрдэн өнөөхөө олтлоо ихэд шаргуу хайхгүй гэж үү? Тэр эмэгтэй алдсан зоосоо олмогцоо, анд нөхөд, хөршүүдээ хамтад нь дуудаад тэдэнд “Би алдсан зоосоо олсон тул надтай хамт баярлагтун!” гэнэ. Би та нарт хэлье. Мөн үүний адил, нэг нүгэлтэн гэмшвэл Бурханы тэнгэр элч нарын оршихуйд баяр хөөр болно гэв. Тэр —Хоёр хүүтэй нэг хүн байжээ. Бага хүү нь эцэгтээ “Аав аа, эд хөрөнгөнөөсөө оногдох хувийг минь надад өгөөч” гэхэд эцэг нь хоёр хүүдээ хөрөнгөө хувааж өгөв. Хэдхэн өдрийн дараа бага хүү нь хамаг юмаа хамаад, алс холын оронг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоороо амьдарч, эд хөрөнгөө үрэн таран хийв. Түүнийг бүх юмаа барж дуусахад тэрхүү нутагт нь ч сүрхий өлсгөлөн болж, тэр юм юмаар гачигдаж эхлэв. Тэгээд тэр явж, уг нутгийн нэгэн хүнийг бараадах болж гэнэ. Тэр хүн гахайгаа хариулуулахаар түүнийг явуулдаг байлаа. Тэр гахайны идэж байсан буурцгаар ходоодоо дүүргэхийг хүсэмжлэвч хэн ч түүнд юу ч өгсөнгүй. Тийнхүү тэр ухааран, “Эцгийн минь хөлсөлсөн хүмүүсийн хичнээн нь ч талхаар элбэг дэлбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд өлсөж үхэх нь. Би босоод, эцэг уруугаа очъё. Тэгээд түүнд «Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ. Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй, харин намайг хөлснийхөө нэг хүн болгооч» гэж хэлье” гэв. Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ. Харин эцэг нь түүнийг холоос хараад, ихэд өрөвдөн гүйн ирж, тэврээд үнсэв. Хүү нь түүнд “Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ. Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй” гэв. Харин эцэг нь боолууддаа “Хамгийн сайхан хувцас хурдан авчирч, түүнийг хувцасла. Гарт нь бөгж зүү, хөлд нь гутал өмсгө. Тарган тугал авчирч гарга. Бүгдээрээ найрлаж цэнгэе. Учир нь энэ хүү маань үхсэн байсан юм. Гэвч амилжээ. Тэр алдагдсан ч олдлоо” гэв. Тэд найрлан цэнгэлдэж эхлэв.
ЛУК 15:4-24 Ариун Библи 2013 (АБ2013)
Зуун хоньтой байтал нэг нь алдагдахад ерэн есөн хонио бэлчээрт орхин, алдагдсан нэгийг нь олтлоо араас нь явахгүй хүн та нарт байна уу? Тэгээд хонио олбол тэр баяртайгаар мөрөндөө тэгнэн, гэртээ ирж, анд нөхдөө болон хөршүүдээ хамтад нь дуудан цуглуулаад, тэдэнд “Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!” гэнэ. Би та нарт хэлье. Мөн үүний адил, гэмших шаардлагагүй ерэн есөн зөвтөөс илүүгээр гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно. — Нэгэн эмэгтэйд арван мөнгөн зоос байжээ. Хэрэв нэг зоосоо алдчихвал дэнлүүгээ асаан, гэрээ шүүрдэж өнөөхөө олтлоо ихэд шаргуу хайхгүй гэж үү? Тэр эмэгтэй алдсан зоосоо олмогцоо, анд нөхөд, хөршүүдээ хамтад нь дуудан цуглуулаад “Би алдсан зоосоо олсон тул надтай хамт баярлагтун!” гэнэ. Би та нарт хэлье. Мөн үүний адил, нэг нүгэлтэн гэмшвэл Бурханы тэнгэрэлч нарын оршихуйд баяр хөөр болно гэв. Тэр —Хоёр хүүтэй нэг хүн байжээ. Бага хүү нь эцэгтээ “Аав аа, эд хөрөнгөнөөсөө ногдох хувийг минь надад өгөөч” гэхэд эцэг нь хоёр хүүдээ хөрөнгөө хувааж өгөв. Хэдхэн өдрийн дараа бага хүү нь хамаг юмаа хамаад, алс холын орныг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоороо амьдарч, эд хөрөнгөө үрэн таран хийв. Түүнийг бүх юмаа барж дуусахад тэрхүү нутагт нь ч сүрхий өлсгөлөн болж, тэр юм юмаар гачигдаж эхлэв. Тэгээд тэр явж, уг нутгийн нэгэн иргэнийг бараадах болж, мөнөөх нь гахайгаа хариулуулахаар түүнийг явуулдаг байлаа. Гахайн идэж байсан буурцгаар ходоодоо дүүргэхийг тэр хүсэмжлэвч хэн ч түүнд юу ч өгсөнгүй. Тийнхүү тэр ухааран “Эцгийн минь хөлсөлсөн хүмүүсийн хичнээн нь ч талхаар элбэг дэлбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд өлсөж үхэх нь. Би босоод эцэгтээ очъё. Тэгээд түүнд «Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ. Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй, харин намайг хөлснийхөө нэг хүн болгооч» гэж хэлье” гэв. Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ. Харин эцэг нь түүнийг холоос харж ихэд өрөвдөн гүйж ирээд, тэвэрч үнсэв. Хүү нь түүнд “Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ. Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй” гэв. Харин эцэг нь боолууддаа “Хамгийн сайхан хувцас хурдан авчирч, түүнийг хувцасла. Гарт нь бөгж зүү, хөлд нь гутал өмсгө. Тарган тугал авчирч нядал. Бүгдээрээ найрлаж цэнгэе. Учир нь энэ хүү минь үхсэн боловч амь оржээ. Тэр алдагдсан боловч олдлоо” гэв. Тэд найрлан цэнгэлдэж эхлэв.