Лук 15

15
Сургаалт зүйрлэл: Алдагдсан хонь
(Мт 18:12–14)
1Татвар хураагчид ба нүгэлтнүүд бүгд Түүнийг сонсохоор ойртоцгооход,#Лк 5:29–30 2фарисайчууд болон хуулийн багш нар дургүйцэн дүнгэнэлдэж
—Энэ хүн нүгэлтнүүдийг хүлээн авч тэдэнтэй хамт хооллодог гэхэд нь 3ийм сургаалт зүйрлэл тэдэнд айлдав.
4Зуун хоньтой байтал нэг нь алдагдахад ерэн есөн хонио бэлчээрт орхин, алдагдсан нэгийг нь олтлоо араас нь явахгүй хүн та нарт байна уу? 5Тэгээд хонио олбол тэр баяртайгаар мөрөндөө тэгнэн, 6гэртээ ирж, анд нөхдөө болон хөршүүдээ хамтад нь дуудан цуглуулаад, тэдэнд “Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!” гэнэ. 7Би та нарт хэлье. Мөн үүний адил, гэмших шаардлагагүй ерэн есөн зөвтөөс илүүгээр гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно.
Сургаалт зүйрлэл: Гээгдсэн зоос
8Нэгэн эмэгтэйд арван мөнгөн зоос байжээ. Хэрэв нэг зоосоо алдчихвал дэнлүүгээ асаан, гэрээ шүүрдэж өнөөхөө олтлоо ихэд шаргуу хайхгүй гэж үү? 9Тэр эмэгтэй алдсан зоосоо олмогцоо, анд нөхөд, хөршүүдээ хамтад нь дуудан цуглуулаад “Би алдсан зоосоо олсон тул надтай хамт баярлагтун!” гэнэ. 10Би та нарт хэлье. Мөн үүний адил, нэг нүгэлтэн гэмшвэл Бурханы тэнгэрэлч нарын оршихуйд баяр хөөр болно гэв.
Сургаалт зүйрлэл: Алдагдсан хүү ба ах нь
11Тэр
—Хоёр хүүтэй нэг хүн байжээ. 12Бага хүү нь эцэгтээ “Аав аа, эд хөрөнгөнөөсөө ногдох хувийг минь надад өгөөч” гэхэд эцэг нь хоёр хүүдээ хөрөнгөө хувааж өгөв. 13Хэдхэн өдрийн дараа бага хүү нь хамаг юмаа хамаад, алс холын орныг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоороо амьдарч, эд хөрөнгөө үрэн таран хийв. 14Түүнийг бүх юмаа барж дуусахад тэрхүү нутагт нь ч сүрхий өлсгөлөн болж, тэр юм юмаар гачигдаж эхлэв. 15Тэгээд тэр явж, уг нутгийн нэгэн иргэнийг бараадах болж, мөнөөх нь гахайгаа хариулуулахаар түүнийг явуулдаг байлаа. 16Гахайн идэж байсан буурцгаар ходоодоо дүүргэхийг тэр хүсэмжлэвч хэн ч түүнд юу ч өгсөнгүй. 17Тийнхүү тэр ухааран “Эцгийн минь хөлсөлсөн хүмүүсийн хичнээн нь ч талхаар элбэг дэлбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд өлсөж үхэх нь. 18Би босоод эцэгтээ очъё. Тэгээд түүнд «Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ. 19Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй, харин намайг хөлснийхөө нэг хүн болгооч» гэж хэлье” гэв. 20Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ. Харин эцэг нь түүнийг холоос харж ихэд өрөвдөн гүйж ирээд, тэвэрч үнсэв. 21Хүү нь түүнд “Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ. Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй” гэв. 22Харин эцэг нь боолууддаа “Хамгийн сайхан хувцас хурдан авчирч, түүнийг хувцасла. Гарт нь бөгж зүү, хөлд нь гутал өмсгө. 23Тарган тугал авчирч нядал. Бүгдээрээ найрлаж цэнгэе. 24Учир нь энэ хүү минь үхсэн боловч амь оржээ. Тэр алдагдсан боловч олдлоо” гэв. Тэд найрлан цэнгэлдэж эхлэв. 25Ууган хүү нь талбай дээрээ байжээ. Тэр буцаж гэртээ ойртон ирэхдээ дуу хуур, бүжиглэх чимээг сонсоод, 26зарц нарынхаа нэгийг дуудаж, юу болоод байгааг асуув. 27Тэр түүнд “Дүү чинь ирсэн. Таны эцэг түүнийг эсэн мэнд эргэж ирсэнд тарган тугал нядлуулав” гэжээ. 28Харин ууган хүү нь уурлаад, дотогш орохыг ч хүссэнгүй. Тэгтэл эцэг нь гарч ирээд түүнийг аргадан гуйж эхлэв. 29Хүү нь түүнд “Хар, олон жилийн турш би танд зарагдаж байна. Би хэзээ ч таны тушаасныг зөрчиж байгаагүй. Гэвч анд нөхөдтэйгөө баярлах үед минь та ганц ишиг ч надад өгч байгаагүй. 30Харин хөрөнгийг чинь янхнуудтай нийлж цөлмөсөн энэ хүүгээ ирэхэд нь түүнд зориулж тарган тугал нядалж байдаг” гэхэд 31эцэг нь “Хүү минь, чи үргэлж надтай хамт байсан. Минийх гэсэн бүхэн чинийх шүү дээ. 32Харин энэ дүү чинь үхсэн байсан. Гэтэл амилжээ. Алдагдсан боловч олдлоо. Иймээс бид баярлан цэнгэх ёстой” гэв гэжээ.

Одоогоор Сонгогдсон:

Лук 15: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Лук 15-д зориулсан видео