ИОХАН 16:16-33

ИОХАН 16:16-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тун удахгүй та нар Намайг цаашид харахгүй. Мөн дахин тун удахгүй та нар Намайг харна гэж айлдлаа. Тэгтэл шавь нарын зарим нь бие биесдээ —“Тун удахгүй та нар Намайг харахгүй. Мөн дахин тун удахгүй та нар Намайг харна”, “Учир нь Би Эцэгтээ очно” гэж Тэр бидэнд юу хэлнэ вэ? хэмээн ярив. Тэгээд тэд —“Тун удахгүй” [гэсэн нь] юу юм бол? Түүний юу яриад байгааг бид мэдэхгүй юм гэлээ. Тэд юм асуухыг хүсээд байгааг Есүс мэдээд —“Тун удахгүй та нар Намайг харахгүй. Мөн дахин тун удахгүй та нар Намайг харна” гэсний талаар та нар хамтдаа тунгаан бодно уу? Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Та нар уйлна, гашуудна. Харин ертөнц баярлах болно. Та нар гунигтай болно. Гэвч гуниг чинь баяр баясгалангаар солигдох болно. Эмэгтэй хүн төрөхдөө гунигладаг. Яагаад гэвэл цаг нь ирсэн юм. Харин хүүхдээ төрүүлэхдээ, ертөнцөд нэгэн хүн мэндэлсэнд баярлан дахиж зовлонгоо санадаггүй. Тиймээс одоо та нар гунигтай байгаа боловч Би та нартай дахин уулзана. Та нарын зүрх баярлана. Та нарын баяр баясгаланг хэн ч та нараас булаахгүй. Тэр өдөр та нар Надаас юуны ч тухай асуухгүй. Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Миний нэрээр Эцэгээс минь юу ч гуйвал Тэр түүнийг чинь өгнө. Одоо болтол та нар Миний нэрээр юу ч гуйгаагүй. Гуйгтун. Та нарын баяр баясгалан дүүрэн болгогдохын тулд та нар хүлээн авна. Энэ бүхнийг Би та нарт зүйрлэлээр ярьсан. Гэвч дахин зүйрлэлээр ярихаа болих цаг ирж байна. Харин Эцэгийнхээ тухай та нарт шууд хэлнэ. Тэр өдөр та нар Миний нэрээр гуйх болно. Би та нарын өмнөөс Эцэгээсээ гуйна гэж байгаа юм биш. Учир нь Эцэг Өөрөө та нарыг хайрладаг. Яагаад гэвэл та нар Намайг хайрласан бөгөөд Бурханаас ирсэн гэдэгт итгэсэн билээ. Би Эцэгээсээ ертөнцөд ирсэн. Би дахин ертөнцийг орхиж, Эцэг уруугаа явна хэмээн айлдлаа. Түүний шавь нар —Одоо Та зүйрлэл ашиглалгүй шууд ярьж байна. Та бүх юмыг мэдэж, хэн ч Таныг шалгаах шаардлагагүй юм гэдгийг бид одоо мэдлээ. Үүгээр чинь бид Таныг Бурханаас ирсэн гэдэгт итгэж байна гэв. Есүс тэдэнд —Та нар одоо итгэж байна уу? Үзэгтүн, та нар тарцгааж, хүн бүр өөр өөрсдийн гэрт харьж Намайг ганцааранг минь орхих цаг ирж байна. Энэ цаг аль хэдийн иржээ. Гэсэн хэдий ч Би ганцаараа биш. Учир нь Эцэг Надтай хамт байдаг. Миний дотор та нарыг амар амгалан байг гэж Би та нарт эдгээр зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа.

Хуваалцах
ИОХАН 16 унших

ИОХАН 16:16-33 Ариун Библи 2013 (АБ2013)

Мөдхөн та нар Намайг харахаа болино. Төдхөн та нар Намайг дахин харах болно гэж айлдлаа. Тэгтэл шавь нарын зарим нь бие биендээ —“Мөдхөн та нар Намайг харахаа болино. Төдхөн та нар Намайг дахин харах болно”, “Учир нь Би Эцэгтээ очно” гэж Тэр бидэнд юу хэлнэ вэ? гэж ярив. Тэгээд тэд —“Мөдхөн” гэсэн нь юу юм бол? Юу яриад байгааг нь мэдэх юм алга гэлээ. Тэд юм асуухыг хүсээд байгааг Есүс мэдээд —“Мөдхөн та нар Намайг харахаа болино. Төдхөн та нар Намайг дахин харах болно” гэсний талаар та нар өөр хоорондоо хэлцээд байна уу? Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нар уйлна, гашуудна. Харин ертөнц баярлах болно. Та нар гунигтай болно. Гэвч гуниг чинь баяр хөөрөөр солигдох болно. Эмэгтэй хүн төрөхдөө цаг нь ирсний учир зовуурладаг. Харин хүүхдээ төрүүлэхдээ, ертөнцөд хүмүүн мэндэлсэнд баярлан дахиж зовлонгоо санадаггүй. Тиймээс одоо та нар гунигтай байгаа боловч Би та нарыг дахин харна. Зүрх чинь баярлана, баяр баясгаланг чинь хэн ч та нараас булаахгүй. Тэр өдөр та нар Надаас юу ч асуухгүй. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нар Эцэгээс нэрээр минь юу ч гуйсан Тэр та нарт өгнө. Одоо болтол та нар нэрээр минь юу ч гуйгаагүй. Гуйгтун, баяр баясгалан чинь дүүрэн болохын тулд та нар хүлээн авна. Энэ бүхнийг Би та нарт зүйрлэлээр ярьсан. Гэвч дахин зүйрлэлээр ярихаа болих цаг ирж байна. Харин Эцэгийн тухай та нарт шууд хэлнэ. Тэр өдөр та нар нэрээр минь гуйх болно. Би та нарын өмнөөс Эцэгээс гуйна гэж байгаа юм биш. Та нар Намайг хайрласан бөгөөд Бурханаас ирсэн гэдэгт итгэсэн тул Эцэг Өөрөө та нарыг хайрладаг. Би Эцэгээс гарч, ертөнцөд ирсэн. Би ертөнцийг дахин орхиж, Эцэг өөдөө явна гэж айлдлаа. Шавь нар нь —Одоо Та зүйрлэл ашиглалгүй шууд ярьж байна. Та бүх юмыг мэдэж, хэн ч Таныг шалгаах шаардлагагүй гэдгийг бид одоо мэдлээ. Үүгээр бид Таныг Бурханаас ирсэн гэдэгт итгэж байна гэв. Есүс тэдэнд —Та нар одоо итгэж байна уу? Үзэгтүн, та нарын хүн бүр өөрийн гэр уруугаа тарж бутран, Намайг ганцааранг минь орхих цаг ирж байна. Энэ цаг хэдийнээ иржээ. Гэсэн хэдий ч Би ганцаараа биш. Учир нь Эцэг Надтай хамт байдаг. Миний дотор та нар амар амгалан байг гэж Би та нарт энэ зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа.

Хуваалцах
ИОХАН 16 унших