ИОХАН 16

16
1Та нарыг бүдрэхээс хамгаалахын тулд эдгээр зүйлийг Би та нарт хэллээ. 2Тэд та нарыг синагогаас хөөнө. Харин та нарыг алах хүн бүр өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж бодох цаг ирж байна. 3Тэд Эцэгийг болон Намайг мэдээгүй учраас тийм юм хийх болно. 4Тэдний цаг ирэх үед та нарт тэдний тухай ярьсныг сануулахын тулд Би эдгээрийг хэлсэн юм. Би та нартай хамт байсан учир үүнийг та нарт эхлээд хэлээгүй. 5Харин одоо Би Намайг Илгээгч уруу явж байна. Гэтэл та нарын нэг нь ч Надаас “Та хаашаа явж байна?” гэж асуухгүй байна. 6Харин Би эдгээрийг та нарт хэлсэн учраас та нарын зүрх сэтгэл уй гашуугаар дүүрэв. 7Харин Би та нарт үнэнийг хэлж байна. Миний явах нь та нарт хэрэгтэй. Хэрэв Би явахгүй бол Туслагч та нар уруу ирэхгүй. Харин Би явбал Өөрөө Түүнийг та нар уруу илгээнэ. 8Тэр ирэхдээ нүгэл, зөвт байдал хийгээд шүүлтийн талаар ертөнцийг зэмлэнэ. 9Нүглийн хувьд, учир нь тэд Надад итгэдэггүй. 10Зөвт байдлын хувьд, учир нь Би Эцэгтээ очно. Та нар Намайг дахиж харахгүй. 11Шүүлтийн хувьд, учир нь энэ ертөнцийн захирагч шүүгдсэн юм. 12Та нарт хэлэх зүйл Надад олон бий ч та нар одоо тэдгээрийг даахгүй. 13Харин үнэний Сүнс болох Тэр ирэхдээ та нарыг бүх үнэн уруу удирдана. Учир нь Тэр Өөрийн санаагаар биш харин алив сонссон юмаа ярина. Ирэх зүйлийг Тэр та нарт мэдүүлнэ. 14Тэр Намайг алдаршуулна. Яагаад гэвэл Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт мэдүүлнэ. 15Эцэгт байгаа бүх юм Минийх. Тиймээс “Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт мэдүүлнэ” гэж Би хэлсэн билээ. 16Тун удахгүй та нар Намайг цаашид харахгүй. Мөн дахин тун удахгүй та нар Намайг харна гэж айлдлаа. 17Тэгтэл шавь нарын зарим нь бие биесдээ
—“Тун удахгүй та нар Намайг харахгүй. Мөн дахин тун удахгүй та нар Намайг харна”, “Учир нь Би Эцэгтээ очно” гэж Тэр бидэнд юу хэлнэ вэ? хэмээн ярив. 18Тэгээд тэд
—“Тун удахгүй” [гэсэн нь] юу юм бол? Түүний юу яриад байгааг бид мэдэхгүй юм гэлээ. 19Тэд юм асуухыг хүсээд байгааг Есүс мэдээд
—“Тун удахгүй та нар Намайг харахгүй. Мөн дахин тун удахгүй та нар Намайг харна” гэсний талаар та нар хамтдаа тунгаан бодно уу? 20Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Та нар уйлна, гашуудна. Харин ертөнц баярлах болно. Та нар гунигтай болно. Гэвч гуниг чинь баяр баясгалангаар солигдох болно. 21Эмэгтэй хүн төрөхдөө гунигладаг. Яагаад гэвэл цаг нь ирсэн юм. Харин хүүхдээ төрүүлэхдээ, ертөнцөд нэгэн хүн мэндэлсэнд баярлан дахиж зовлонгоо санадаггүй. 22Тиймээс одоо та нар гунигтай байгаа боловч Би та нартай дахин уулзана. Та нарын зүрх баярлана. Та нарын баяр баясгаланг хэн ч та нараас булаахгүй. 23Тэр өдөр та нар Надаас юуны ч тухай асуухгүй. Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Миний нэрээр Эцэгээс минь юу ч гуйвал Тэр түүнийг чинь өгнө. 24Одоо болтол та нар Миний нэрээр юу ч гуйгаагүй. Гуйгтун. Та нарын баяр баясгалан дүүрэн болгогдохын тулд та нар хүлээн авна.
25Энэ бүхнийг Би та нарт зүйрлэлээр ярьсан. Гэвч дахин зүйрлэлээр ярихаа болих цаг ирж байна. Харин Эцэгийнхээ тухай та нарт шууд хэлнэ. 26Тэр өдөр та нар Миний нэрээр гуйх болно. Би та нарын өмнөөс Эцэгээсээ гуйна гэж байгаа юм биш. 27Учир нь Эцэг Өөрөө та нарыг хайрладаг. Яагаад гэвэл та нар Намайг хайрласан бөгөөд Бурханаас ирсэн гэдэгт итгэсэн билээ. 28Би Эцэгээсээ ертөнцөд ирсэн. Би дахин ертөнцийг орхиж, Эцэг уруугаа явна хэмээн айлдлаа. 29Түүний шавь нар
—Одоо Та зүйрлэл ашиглалгүй шууд ярьж байна. 30Та бүх юмыг мэдэж, хэн ч Таныг шалгаах шаардлагагүй юм гэдгийг бид одоо мэдлээ. Үүгээр чинь бид Таныг Бурханаас ирсэн гэдэгт итгэж байна гэв. 31Есүс тэдэнд
—Та нар одоо итгэж байна уу? 32Үзэгтүн, та нар тарцгааж, хүн бүр өөр өөрсдийн гэрт харьж Намайг ганцааранг минь орхих цаг ирж байна. Энэ цаг аль хэдийн иржээ. Гэсэн хэдий ч Би ганцаараа биш. Учир нь Эцэг Надтай хамт байдаг. 33Миний дотор та нарыг амар амгалан байг гэж Би та нарт эдгээр зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа.

Одоогоор Сонгогдсон:

ИОХАН 16: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү