ИЕРЕМИА 40:5-12

ИЕРЕМИА 40:5-12 Ариун Библи 2013 (АБ2013)

Иеремиаг буцаагүй байхад —Иудагийн хотуудыг хариуцуулан Вавилоны хааны томилсон Шафаны ач, Ахикамын хүү Гедалиа уруу буцан явж, түүнтэй хамт ард түмний дунд амьдар. Эсвэл чамд явахад зөв зүйтэй гэж санагдаж буй ямар ч хамаагүй газар уруу яв гэж хэлэв. Ингээд ахлах хамгаалагч түүнд хүнс болон бэлэг өгч, түүнийг суллав. Тэгээд Иеремиа Мизпа уруу Ахикамын хүү Гедалиа уруу явж, түүнтэй хамт уг нутагт үлдсэн ард түмний дунд амьдрав. Вавилоны хаан нь Ахикамын хүү Гедалиад тэр нутгийг хариуцуулан томилж, Вавилон уруу цөлөгдөөгүй хамгийн ядуу хүмүүс тэр нутгийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг түүнд хариуцуулсныг талбай дахь цэргийн бүх удирдагч мөн тэдний эрчүүд сонсоод Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хөвгүүд Иоханан, Ионатан нар, Танхуметын хүү Сераиа, нетофат хүн Ефаин хөвгүүд мөн маакат хүний хүү Иезаниа нар мөн тэдний эрчүүд Гедалиа уруу Мизпад ирэв. Тэгэхэд Шафаны ач, Ахикамын хүү Гедалиа тэдэнд мөн эрчүүдэд нь тангараглаж —Халдеичуудад үйлчлэхээс бүү ай. Энэ газартаа амьдарч, Вавилоны хаанд үйлчил. Ингэх нь та нарт өлзийтэй байх болно. Миний хувьд, үзэгтүн, бидэн дээр ирэх халдеичуудын өмнө зогсохын тулд би Мизпад амьдран сууна. Харин та нарын хувьд, та нар дарс, зуны жимс, тос хураан савнууддаа хийж, эзэлсэн хотууддаа амьдар гэж хэлэв. Түүнчлэн Моаб дахь, Аммоны хөвгүүдийн дундах, Едом ба бүх нутаг дахь хамаг иудейчүүд нь Вавилоны хаан Иудад үлдэгсдийг орхиж, тэдний дээр Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилсныг сонсов. Тэгээд хамаг иудейчүүд зайлуулагдсан байсан бүх газраас буцан ирж, Иудагийн нутаг уруу, Мизпа дахь Гедалиа дээр ирэн, дарс ба зуны жимсийг маш элбэг дэлбэгээр хураав.

ИЕРЕМИА 40:5-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

Иеремиа хараахан буцаж яваагүй байхад, —Тэгвэл Иудагийн хотуудыг хариуцуулаад Вавилоны хааны томилсон Шафаны ач, Ахикамын хүү Гедалиа уруу буцаж явж, түүнтэй хамт хүмүүсийн дунд үлд. Эсвэл чамд явахад зөв гэж санагдаж буй ямар ч газар уруу яв гэж хэлэв. Ингээд харуулын ахмад түүнд хүнс болон бэлэг өгч, түүнийг явуулав. Тэгэхэд Иеремиа Мизпа уруу Ахикамын хүү Гедалиа уруу явж, түүнтэй хамт уг нутагт үлдсэн хүмүүсийн дунд үлдэв. Вавилоны хаан нь Ахикамын хүү Гедалиаг тэр нутгийг захируулахаар томилж, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүд буюу тэр нутгийн Вавилон уруу цөлөгдөөгүй хамгийн ядуу хүмүүсийг түүнд хариуцуулсныг талбайд байсан цэргийн бүх удирдагчид болон тэдний хүмүүс сонсов. Тиймээс тэд Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хөвгүүд болох Иоханан, Ионатан нар, Танхуметын хүү Сераиа, нетофат хүн Ефаин хөвгүүд болон маахат хүн Иезаниа нар болон тэдний хүмүүсийн хамт Гедалиа уруу Мизпад ирэв. Тэгэхэд Шафаны ач, Ахикамын хүү Гедалиа тэдэнд болон тэдний хүмүүст тангараглаж, —Халдеичуудад үйлчлэхээс бүү айцгаа. Нутагт үлдэж, Вавилоны хаанд үйлчил. Ингэвэл та нарт сайн байна. Миний хувьд, үзэгтүн, би бидэн уруу ирэгч халдеичуудын өмнө зогсохын тулд Мизпад үлдэх гэж байна. Харин та нарын хувьд, дарс, зуны жимс, тос хурааж, өөрсдийн савнуудад хийж, эзэлсэн хотууддаа амьдар гэж хэлэв. Ингэснээр Моабт, Аммоны хөвгүүдийн дунд, Едомд болон бүх орнуудад байсан бүх иудейчүүд нь Вавилоны хаан Иудад үлдэгсдийг орхисныг, тэдний дээр Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилсныг сонсов. Тэгээд бүх иудейчууд зайлуулагдсан байсан бүх газруудаас буцан ирж, Иудагийн нутаг уруу, Мизпа дахь Гедалиа уруу ирж, дарс болон зуны жимсийг маш элбэг дэлбэгээр хураав.