ИЕРЕМИА 24:1-10

ИЕРЕМИА 24:1-10 Ариун Библи 2013 (АБ2013)

Вавилоны хаан Небухаднезар бээр Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг, Иудагийн түшмэд, урчууд болон дархчуудын хамт Иерусалимаас олзлон авч, Вавилонд авчирсны дараа ЭЗЭН надад үзүүлэв. Үзэгтүн, ЭЗЭНий сүмийн өмнө хоёр сагс инжир байв! Нэг сагсанд анх боловсорсон инжир мэт маш сайн инжир байв. Нөгөө сагсанд муудсан тул идэж болохооргүй маш муу инжир байв. Тэгтэл ЭЗЭН надад —Иеремиа, чи юу харж байна вэ? гэхэд би —Инжир, маш сайн инжир бас идэж болохооргүй муу, маш муу инжир гэв. Тэгэхэд ЭЗЭНий үг над дээр ирж, айлдахдаа — Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Энэ газраас халдеичуудын нутагт аваачсан Иудагийн олзлогдогсдыг Би эдгээр сайн инжиртэй адил сайнд тооцно. Учир нь Би сайны төлөө мэлмийгээ тэдэн дээр тогтоох бөгөөд тэднийг энэ нутагт дахин авчирна. Би тэднийг барьж босгох бөгөөд унагахгүй, тэднийг тарьж суулгах бөгөөд зулгааж тастахгүй. Би тэдэнд Намайг мэдэх зүрхийг өгнө. Учир нь Би бол ЭЗЭН. Тэд Над уруу бүх зүрх сэтгэлээсээ буцаж ирэх тул тэд Миний хүмүүс, Би тэдний Бурхан нь болно. Харин, үнэхээр ЭЗЭН ингэж айлдаж байна. Муудсан тул идэж болохооргүй болсон муу инжиртэй адил, Би түүнчлэн Иудагийн хаан Зедекиа ба түшмэдийг нь, мөн энэ нутагт үлдсэн Иерусалимын үлдэгсдийг бас Египет нутагт амьдардаг хүмүүсийг хаяна. Би тэднийг дэлхийн бүх хаанчлалд аймшиг, ёр муу болгоно. Тэднийг тарааж бутаргах бүх газарт минь тэд зэмлэл, ёгт үг, тоглоом тохуу ба хараал болно. Тэдэнд болон тэдний эцэг өвгөдөд Миний өгсөн газар нутгаас Би тэднийг устгах хүртэл тэдний дээр илд, өлсгөлөн болон тахлыг илгээнэ” гэв.

ИЕРЕМИА 24:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

Вавилоны хаан Небухаднезар Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг, Иудагийн түшмэдийг, урчууд болон дархчуудын хамт Иерусалимаас олзлон авч, Вавилонд авчирсны дараа ЭЗЭН надад үзүүлэв. Үзэгтүн, ЭЗЭНий сүмийн өмнө хоёр сагс инжир байв! Нэг сагсанд анх боловсорсон инжир мэт маш сайн инжир байв. Нөгөө сагсанд муудсан тул идэж болохгүй маш муу инжир байв. Тэгтэл ЭЗЭН надад —Иеремиа, чи юу харж байна вэ? гэхэд би —Инжир, сайн инжир, маш сайн инжир болон муу, муудсан тул идэж болохгүй маш муу инжир гэв. Тэгэхэд ЭЗЭНий үг над дээр ирж, айлдахдаа — Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Эдгээр сайн инжиртэй адил Би энэ газраас халдеичуудын нутагт аваачсан Иудагийн олзлогдогсдыг Би үүнчлэн сайнд тооцно. Учир нь Би сайны төлөө Өөрийн мэлмийг тэдэн дээр тогтоох бөгөөд Би тэднийг энэ нутаг уруу дахин авчирна. Би тэднийг барьж босгох бөгөөд унагахгүй, тэднийг тарьж суулгах бөгөөд зулгааж тастахгүй. Би тэдэнд Намайг мэдэх зүрхийг өгнө. Учир нь Би бол ЭЗЭН. Тэд Над уруу бүх зүрх сэтгэлээсээ буцаж ирэх тул тэд Миний хүмүүс, Би тэдний Бурхан болно. Харин муудсан тул идэж болохгүй болсон муу инжиртэй адил, үнэхээр ЭЗЭН ингэж айлдаж байна. Би түүнчлэн Иудагийн хаан Зедекиа, түүний түшмэдийг болон энэ нутагт үлдсэн Иерусалимын үлдэгсдийг, мөн Египетийн нутагт амьдардаг хүмүүсийг хаяна. Би тэднийг газар дэлхийн бүх хаанчлалуудад аймшиг, бузар муу болгож, зэмлэл болон зүйр үг мэт, Миний тэднийг тарааж бутруулах бүх газрууд дахь элэг доог болон хараал болгоно. Би тэдэнд болон тэдний эцэг өвгөдөд Миний өгсөн газар нутгаас тэднийг устгах хүртэл тэдний дээр илд, өлсгөлөн болон тахлыг илгээнэ” гэв.