ЕВРЕЙ 3:1-19
ЕВРЕЙ 3:1-19 Ариун Библи 2013 (АБ2013)
Тиймд тэнгэрлэг дуудлагыг хуваалцагч ариун ах дүү нар аа, бидний хүлээн зөвшөөрдөг Элч ба Тэргүүн Тахилч болох Есүсийг ажицгаа. Түүний [бүх] гэрт Мосе итгэмжит байсны адил Тэр Өөрийг нь томилсон Нэгэнд итгэмжит байсан юм. Учир нь барилгачин барилгаасаа илүү хүндэтгэл хүлээдгийн адил Мосегээс илүү их алдрыг Тэр хүртэх зохистойд тооцогдсон юм. Учир нь аливаа барилга хэн нэгнээр баригддаг. Харин бүх юмсыг барьсан нь Бурхан мөн. Учир нь хожим яригдах ёстой гэрчлэлийн төлөө Мосе үйлчлэгчийн хувьд Түүний бүх гэрт итгэмжит байсан. Харин Христ, Хүүгийн хувьд Түүний гэрт итгэмжит юм. Бид зориг болон найдварын сайрхалаа эцэс хүртэл бат сахиваас бид Түүний гэр болой. Тиймээс Ариун Сүнсний хэлсэнчлэн болжээ. “Өнөөдөр та нар Түүний дууг сонсвол, Цөл дэх сорилтын өдрийн тэрслэл дэх шиг Та нар зүрхээ бүү хатууруул. Үйлсийг минь дөчин жил харсан хэрнээ Эцгүүд чинь Намайг сорьсон. Тиймд Би тэр үеийнхэнд уурлаж, «Тэд зүрхэндээ үргэлж төөрөлддөг Тэд замуудыг минь мэдсэнгүй» гэж хэлээд, Тиймээс Би хилэн дотроо «Миний амралтад тэд эс орно» гэж андгайлав” гэсэн байдаг. Ах дүү нар аа, та нараас хэн нэг нь ёрын, итгэлгүй зүрхтэй байж, амьд Бурханаас салах вий хэмээн болгоомжлогтун. Харин “өнөөдөр” гэгдэж л байгаа бол бие биенээ өдөр бүр зоригжуулагтун. Эс бөгөөс та нараас хэн нэгэн чинь нүглийн мэхлэлээр хатуурах вий. Учир нь бид итгэлийнхээ эхлэлийг эцсээ хүртэл бат сахиваас Христийн хуваалцагчид болсон байна. Энэ нь “Өнөөдөр та нар Түүний дууг сонсвол, Тэрслэл дэх шиг зүрхээ бүү хатууруул” гэсэнчлэн юм. Сонссон атал тэрсэлсэн нь хэн билээ? Үнэндээ Мосегийн дор Египетээс гарсан тэд бүгдээрээ биш гэж үү? Тэр дөчин жилийн турш хэнд хилэгнэв? Нүгэл үйлдэж, цөлд бие нь унагсдад биш үү? Өөрийнхөө амралтад эс оруулна гэж Тэр хэнд андгайлсан бэ? Дуулгаваргүй байсан тэдэнд биш үү? Итгэлгүй учир тэд орж чадаагүйг бид хардаг.
ЕВРЕЙ 3:1-19 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тиймд тэнгэрлэг дуудлагыг хуваалцагч ариун ах дүү нар аа, бидний хүлээн зөвшөөрдөг Элч ба Тэргүүн Тахилч болох Есүсийг бодогтун. Түүний [бүх] гэрт Мосе итгэмжит байсны адил Тэр Өөрийг нь Томилсон Нэгэнд итгэмжит байсан юм. Учир нь барилгачин барилгаасаа илүү хүндэтгэл хүлээдгийн адил Мосегээс илүү их алдрыг Тэр хүртэх зохистой хэмээн тооцогдсон юм. Учир нь аливаа барилга хэн нэгнээр баригддаг. Харин бүх юмсын барилгачин бол Бурхан мөн. Учир нь хожим яригдах байсан тэдгээр зүйлсийн гэрчлэлийн төлөө Мосе үйлчлэгч болохынхоо хувьд Түүний бүх гэрт итгэмжит байсан. Харин Христ Хүү нь болохын хувьд Түүний гэрт итгэмжит байсан юм. Хэрэв бид өөрсдийнхөө зориг болон найдварын сайрхлыг эцэс хүртэл бат сахивал бид Түүний гэр мөн байна. Тиймээс Ариун Сүнс “Хэрэв өнөөдөр та нар Түүний дууг сонсох аваас, Цөл дэх сорилтын өдөр уурлуулсны адил Та нар зүрхээ бүү хатуу болго. Тэнд та нарын эцгүүд сорилтоор Намайг сорьж, Дөчин жилийн турш Миний үйлсийг харсан. Тиймд Би энэ үеийнхэнд уурлаж, «Тэд зүрхэндээ үргэлж төөрөлддөг. Тэд Миний замыг мэдсэнгүй» гэж айлдав. «Тэд Миний амралтад орохгүй» гэж Би хилэгнэн андгайлав” гэжээ. Ах дүү нар аа, та нарын дотроос хэн нэг нь бузар, итгэлгүй зүрхтэй байж, амьд Бурханаас салах вий гэдгээс болгоомжлогтун. Харин “Өнөөдөр” гэгдэж л байгаа бол бие биеэ өдөр бүр зоригжуулагтун. Эс бөгөөс та нараас хэн нэгэн чинь нүглийн мэхлэлээр хатуурах вий. Учир нь хэрэв бид бат итгэлийнхээ эхлэлийг эцэс хүртэл бат сахивал Христийн хуваалцагчид болсон байна. Энэ нь “Хэрэв өнөөдөр та нар Түүний дууг сонсох аваас, Түүнийг уурлуулсны адил та нар зүрхээ бүү хатуу болго” гэсэнчлэн юм. Учир нь сонссон атал Түүнийг уурлуулсан нь хэн билээ? Үнэндээ Мосегээр хөтлүүлэн Египетээс гарсан тэд бүгдээрээ биш гэж үү? Тэр дөчин жилийн турш хэнд уурласан бэ? Нүгэл үйлдэж, цөлд унасан тэдгээр хүмүүст уурласан биш үү? Өөрийнхөө амралт уруу оруулахгүй гэж Тэр хэнд андгайлсан бэ? Дуулгаваргүй байсан тэдэнд биш үү? Итгэлгүй учир тэд орж чадаагүйг бид мэднэ.