Еврей 3
3
Зарц Мосе, Хүү Христ
1Тиймд тэнгэрлэг дуудлагыг хуваалцагч ариун ах дүү нар аа, бидний хүлээн зөвшөөрдөг Элч ба Тэргүүн Тахилч болох Есүсийг ажицгаа. 2Түүний [бүх] гэрт Мосе итгэмжит байсны адил Тэр Өөрийг нь томилсон Нэгэнд итгэмжит байсан юм.#Тоо 12:7 3Учир нь барилгачин барилгаасаа илүү хүндэтгэл хүлээдгийн адил Мосегээс илүү их алдрыг Тэр хүртэх зохистойд тооцогдсон юм. 4Учир нь аливаа барилга хэн нэгнээр баригддаг. Харин бүх юмсыг барьсан нь Бурхан мөн. 5Учир нь хожим яригдах ёстой гэрчлэлийн төлөө Мосе үйлчлэгчийн хувьд Түүний бүх гэрт итгэмжит байсан. 6Харин Христ, Хүүгийн хувьд Түүний гэрт итгэмжит юм. Бид зориг болон найдварын сайрхалаа эцэс хүртэл бат сахиваас бид Түүний гэр болой.
Итгэлгүйн эсрэг сэрэмжлүүлгэ
7Тиймээс Ариун Сүнсний хэлсэнчлэн болжээ.
“Өнөөдөр та нар Түүний
дууг сонсвол,#Дуу 95:7–11
8Цөл дэх сорилтын өдрийн
тэрслэл дэх шиг
Та нар зүрхээ бүү хатууруул.
9Үйлсийг минь дөчин жил харсан хэрнээ
Эцгүүд чинь Намайг сорьсон.
10Тиймд Би тэр үеийнхэнд уурлаж,
«Тэд зүрхэндээ үргэлж төөрөлддөг
Тэд замуудыг минь мэдсэнгүй» гэж хэлээд,
11Тиймээс Би хилэн дотроо «Миний амралтад тэд эс орно» гэж андгайлав”
гэсэн байдаг. 12Ах дүү нар аа, та нараас хэн нэг нь ёрын, итгэлгүй зүрхтэй байж, амьд Бурханаас салах вий хэмээн болгоомжлогтун. 13Харин “өнөөдөр” гэгдэж л байгаа бол бие биенээ өдөр бүр зоригжуулагтун. Эс бөгөөс та нараас хэн нэгэн чинь нүглийн мэхлэлээр хатуурах вий. 14Учир нь бид итгэлийнхээ эхлэлийг эцсээ хүртэл бат сахиваас Христийн хуваалцагчид болсон байна. 15Энэ нь
“Өнөөдөр та нар Түүний
дууг сонсвол,
Тэрслэл дэх шиг
зүрхээ бүү хатууруул”
гэсэнчлэн юм.#Дуу 95:7–8 (LXX) 16Сонссон атал тэрсэлсэн нь хэн билээ? Үнэндээ Мосегийн дор Египетээс гарсан тэд бүгдээрээ биш гэж үү?#Тоо 14:1–35 17Тэр дөчин жилийн турш хэнд хилэгнэв? Нүгэл үйлдэж, цөлд бие нь унагсдад биш үү? 18Өөрийнхөө амралтад эс оруулна гэж Тэр хэнд андгайлсан бэ? Дуулгаваргүй байсан тэдэнд биш үү? 19Итгэлгүй учир тэд орж чадаагүйг бид хардаг.
Одоогоор Сонгогдсон:
Еврей 3: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.