ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 6:1-27
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 6:1-27 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭН, Мосед —Намайг Фараонд юу үйлдэхийг одоо чи харна. Нэгэн хүчит мутраас болж тэр тэднийг явуулна. Нэгэн хүчит мутраас болж тэр тэднийг нутгаасаа хөөх болно гэв. Бурхан цааш нь Мосетэй ярин түүнд —Би бол ЭЗЭН. Би Абрахам, Исаак, Иаковт Төгс Хүчит Бурханаар илэрсэн. Харин ЭЗЭН гэдэг нэрээрээ Би Өөрийгөө тэдэнд мэдүүлээгүй. Би мөн тэдэнд Канаан нутгийг, хэрэн хэсээд цагаачилж суугаа нутгийг нь өгөхөөр гэрээгээ тэдэнтэй байгуулсан. Би Египетийн боолчлолд орсон Израилийн хөвгүүдийн ёолохыг сонсож, гэрээгээ саналаа. Тиймээс Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би ЭЗЭН. Египетчүүдийн хүнд ачаан дороос Би та нарыг гаргаж, тэдний боолчлолоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан мутар болон агуу ял шийтгэлүүдээр Би та нарыг аварна. Тэгээд Би та нарыг ард түмнээ болгож, Би та нарын Бурхан болно. Би та нарыг египетчүүдийн хүнд ачаан дороос гаргасан Бурхан ЭЗЭН чинь гэдгийг та нар мэдэх болно. Би Абрахам, Исаак, Иаковт өгөхөөр тангарагласан тэр газарт та нарыг аваачиж, түүнийг та нарт өв болгон өгнө. Би ЭЗЭН” гэж айлдав. Мосе үүнийг Израилийн хөвгүүдэд уламжилсан боловч тэд цөхөрсөн сүнс, бас хэрцгий боолчлолын улмаас Мосег эс сонсов. ЭЗЭН, Мосед — Явж, Израилийн хөвгүүдийг нутгаасаа явуул гэж Египетийн хаан Фараонд хэл гэв. Гэвч ЭЗЭНий өмнө Мосе —Үзэгтүн, Израилийн хөвгүүд намайг сонсохгүй байхад Фараон намайг хэрхэн сонсох билээ. Би чинь ам хагараагүй хүн гэв. Мосе Аарон нарт ЭЗЭН айлдаж, Египет нутгаас Израилийн хөвгүүдийг гаргахын тулд Израилийн хөвгүүд болон Египетийн хаан Фараоны тухайд тэдэнд тушаал өгөв. Эдгээр нь тэдний эцгийн бүлийн тэргүүн нар болой. Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь Ханох, Паллу, Хезрон, Карми нар юм. Тэд Реубений ургууд билээ. Симеоны хөвгүүд нь Иемуел, Иамин, Охад, Иахин, Зохар болон канаан эмэгтэйн хөвгүүн Шаул нар юм. Тэд Симеоны ургууд билээ. Левийн хөвгүүдийн нэрс нь уг угсаа дагуу Гершон, Кохат, Мерари бөгөөд Левийн амьдралын жилүүд зуун гучин долоон жил байв. Гершоны хөвгүүд нь ургуудынхаа эрэмбээр Либни, Шимеи нар билээ. Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел бөгөөд Кохатын амьдралын жилүүд зуун гучин гурван жил байв. Мерарийн хөвгүүд нь Махли, Муши нар юм. Тэд уг угсаа дагуу левичүүдийн ургууд билээ. Амрам нь авга эгч Иохебедыг эхнэрээ болгон авч, тэр эмэгтэй түүнд Аарон Мосе хоёрыг төрүүлжээ. Амрамын амьдралын жилүүд зуун гучин долоон жил байжээ. Изхарын хөвгүүд нь Кора, Нефег, Зихри нар билээ. Уззиелийн хөвгүүд нь Мишаел, Елзафан, Ситри нар билээ. Аарон нь Амминадабын охин, Нахшоны дүү Елишебаг эхнэр болгон авчээ. Тэр эмэгтэй түүнд Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг төрүүлэв. Корагийн хөвгүүд нь Ассир, Елкана, Абиасаф нар юм. Тэд корачуудын ургууд билээ. Аароны хүү Елеазар нь Путиелийн охидын нэгийг эхнэр болгон авч, тэр эмэгтэй түүнд Финехасыг төрүүлсэн. Тэд ургуудынхаа дагуу левичүүдийн эцгүүдийн гэрийн тэргүүлэгчид билээ. “Израилийн хөвгүүдийг цэргийн эрэмбээр нь Египет газраас гарга” гэж ЭЗЭН, Аарон Мосе нарт айлдсан билээ. Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах талаар Египетийн хаан Фараонд хэлсэн хүмүүс нь Мосе Аарон нар юм.
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 6:1-27 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭН Мосед —Намайг Фараонд юу хийхийг одоо чи харна. Миний хүчит мутраас болж тэр тэднийг явуулна. Миний хүчит мутраас болж тэр тэднийг нутгаасаа хөөх болно гэв. Бурхан цааш нь Мосетэй ярин, түүнд —Би бол ЭЗЭН. Би Абрахам, Исаак, Иаковт Төгс хүчит Бурханаар илэрсэн. Харин ЭЗЭН гэдэг Өөрийнхөө нэрээр Би Өөрийгөө тэдэнд мэдүүлээгүй. Би мөн тэдэнд Канаан газар буюу тэнүүчилж байсан газрыг нь өгөхөөр Өөрийн гэрээг тэдэнтэй байгуулсан. Би Египетийн боолчлолд орсон Израилийн хөвгүүдийн уй гашууг сонсож, Өөрийн гэрээг саналаа. Тиймээс Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би бол ЭЗЭН. Египетчүүдийн хүнд ачаан доороос Би та нарыг гаргаж, тэдний боолчлолоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан мутар болон агуу шийтгэлүүдээр Би та нарыг аварна. Тэгээд Би та нарыг Өөрийнхөө ард түмэн болгож, Би та нарын Бурхан болно. Би бол та нарыг египетчүүдийн хүнд ачаан доороос гаргасан та нарын Бурхан ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно. Би Абрахам, Исаак, Иаковт өгөхөөр тангарагласан тэр газар уруу та нарыг аваачиж, түүнийг та нарт өв болгон өгнө. Би бол ЭЗЭН” гэж айлдав. Мосе үүнийг Израилийн хөвгүүдэд уламжилсан боловч тэд гомдсон сэтгэл болон хүнд ажлаас болж Мосег сонссонгүй. ЭЗЭН Мосед хандан — Явж, Израилийн хөвгүүдийг нутгаасаа явуулахыг Египетийн хаан Фараонд хэл гэв. Гэвч Мосе ЭЗЭНий өмнө —Үзэгтүн, Израилийн хөвгүүд намайг сонсоогүй байхад Фараон намайг хэрхэн сонсох билээ. Учир нь би уран цэцэн ярьж чадахгүй гэв. ЭЗЭН Мосе, Аарон нарт хэлж, Египетийн нутгаас Израилийн хөвгүүдийг авчрахын тулд Израилийн хөвгүүд болон Египетийн хаан Фараоны талаарх үүргийг тэдэнд өгөв. Эдгээр нь тэдний эцгүүдийн гэрүүдийн тэргүүлэгчид болой. Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь Ханох, Паллу, Хезрон, Карми нар юм. Тэд Реубений ургууд билээ. Симеоны хөвгүүд нь Иемуел, Иамин, Охад, Иахин, Зохар болон Канаан эмэгтэйн хөвгүүн Шаул нар юм. Тэд Симеоны ургууд билээ. Левийн хөвгүүдийн нэрс нь насныхаа эрэмбээр Гершон, Кохат, Мерари бөгөөд Леви зуун гучин долоо насалжээ. Гершоны хөвгүүд нь ургуудынхаа эрэмбээр Либни, Шимеи нар билээ. Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел бөгөөд Кохат зуун гучин гурав насалжээ. Мерарийн хөвгүүд нь Махли, Муши нар юм. Тэд үеийн дагуу левичүүдийн ургууд билээ. Амрам нь авга эгч Иохебедыг өөрийн эхнэр болгон авсан. Тэр эмэгтэй түүнд Аарон болон Мосег төрүүлжээ. Амрам зуун гучин долоо насалжээ. Изхарын хөвгүүд нь Кора, Нефег, Зихри нар билээ. Уззиелийн хөвгүүд нь Мишаел, Елзафан, Ситри нар билээ. Аарон нь Амминадабын охин, Нахшоны дүү Елишебаг эхнэрээ болгон авсан. Тэр эмэгтэй түүнд Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг төрүүлэв. Корагийн хөвгүүд нь Ассир, Елкана, Абиасаф нар юм. Тэд корачуудын ургууд билээ. Аароны хүү Елеазар нь Путиелийн охидын нэгийг эхнэр болгон авсан. Тэр эмэгтэй түүнд Финехасыг төрүүлсэн. Тэд ургуудынхаа ёсоор левичүүдийн эцгүүдийн гэрүүдийн тэргүүлэгчид билээ. “Израилийн хөвгүүдийг цэргийн эрэмбээр Египетийн газраас гарга” гэж ЭЗЭН Аарон, Мосе нарт айлдсан билээ. Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах талаар Египетийн хаан Фараонд хэлсэн хүмүүс бол Мосе, Аарон билээ.