ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 18:13-23

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 18:13-23 Ариун Библи 2013 (АБ2013)

Дараа өдөр нь Мосе ард олныг шүүхээр сууж, ард түмэн өглөөнөөс орой хүртэл Мосегийн өмнө зогсов. Ард түмнийхээ төлөө хийж байгаа энэ бүхнийг Мосегийн хадам эцэг хараад —Ард түмнийхээ төлөө хийж байгаа энэ бүхэн чинь юу вэ? Бүх ард олон өглөөнөөс орой хүртэл чиний өмнө зогсож байхад, яагаад чи ганцаараа суучихаад үзээд байна вэ? гэж асуув. Мосе хадам эцэгтээ —Учир нь ард түмэн Бурханаас асуухаар над дээр ирдэг. Тэд маргаантай бол над дээр ирж, би уг хүн болон хөршийнх нь хоорондохыг шүүн Бурханы зарлиг, хуулиудыг мэдүүлдэг гэв. Мосегийн хадам эцэг түүнд —Чиний ингэж хийж байгаа чинь сайн биш юм. Чи ч, чамтай хамт байгаа энэ ард түмэн ч зайлшгүй зүдэрнэ. Учир нь энэ үүрэг чиний хувьд дэндүү хүнд билээ. Чи үүнийг ганцаараа хийж чадахгүй. Одоо намайг сонс. Би чамд зөвлөгөө өгье. Бурхан чамтай хамт байг. Чи ард түмний төлөө Бурханы өмнө байж, хэрэг заргуудыг Бурханд авчир. Тэгээд тэдэнд зарлиг болон хуулийг таниулж, явах ёстой замыг нь болон хийх ёстой ажлыг нь тэдэнд мэдүүл. Түүгээр барахгүй чи бүх ард түмний дотроос Бурханаас эмээдэг чадварлаг хүмүүсийг болон буруугаар олсон олзыг үзэн яддаг шударга хүмүүсийг сонгож аваад, тэднийг ард түмний дээр мянгат, зуут, тавьт болон аравтын даргаар тавь. Тэд ард түмнийг эгнэгт шүүг. Аливаа том хэргийг тэд чамд авчирч, харин аливаа жижиг хэргийг өөрсдөө шүүг. Тэгвэл тэд ачаанаас чинь үүрэлцэж, чамд хялбар болно. Хэрэв чи ийнхүү хийвэл мөн Бурхан чамд тушаавал чи зогсох чадвартай байх болно. Бас энэ ард түмэн бүгдээрээ нутагтаа амар амгалан явах болно гэж хэлэв.

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 18:13-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

Дараа өдөр нь Мосе ард түмнийг шүүхээр сууж, ард түмэн өглөөнөөс орой хүртэл Мосегийн өмнө зогсов. Ард түмний төлөө түүний хийж байгаа бүхнийг Мосегийн хадам эцэг хараад —Ард түмний төлөө хийж байгаа чиний энэ ажил чинь юу юм бэ? Яагаад бүх ард түмэн өглөөнөөс орой хүртэл чиний өмнө зогсож байхад, чи ганцаараа сууж байна вэ? гэж асуув. Мосе хадам эцэгтээ хандан —Яагаад гэвэл ард түмэн Бурханаас асуухаар над уруу ирдэг. Тэд маргаантай бол над уруу ирж, би уг хүн ба түүний хөршийн хоорондохыг шүүн, Бурханы зарлиг болон хуулиудыг мэдүүлдэг гэв. Мосегийн хадам эцэг түүнд —Чиний хийж байгаа зүйл чинь сайн биш юм. Чи ч, чамтай хамт байгаа энэ ард түмэн ч зайлшгүй зүдэрнэ. Учир нь энэ үүрэг чиний хувьд дэндүү хүнд билээ. Чи үүнийг ганцаараа хийж чадахгүй. Одоо намайг сонс. Би чамд зөвлөгөө өгье. Бурхан чамтай хамт байг. Чи ард түмний төлөө Бурханы өмнө байж, хэрэг заргуудыг Бурханд авчир. Тэгээд тэдэнд зарлиг болон хуулиудыг зааж, явах ёстой замыг нь болон хийх ёстой ажлыг нь тэдэнд мэдүүл. Түүгээр барахгүй чи бүх ард түмний дотроос Бурханаас эмээдэг чадварлаг хүмүүсийг болон буруугаар олсон олзыг үзэн яддаг шударга хүмүүсийг сонгож аваад, тэднийг ард түмний дээр мянгатын дарга, зуутын дарга, тавьтын дарга, аравтын даргаар тавь. Тэд ард түмнийг бүхий л цагт шүүг. Аливаа том хэргийг тэд чамд авчирч, харин аливаа жижиг хэргийг өөрсдөө шүүг. Тэгвэл тэд ачаанаас чинь үүрэлцэж, чамд хялбар болно. Хэрэв чи энэ зүйлийг хийж, Бурхан чамд тушаавал, чи зогсох чадвартай байх болно. Бас энэ ард түмэн бүгдээрээ өөрийн нутагтаа амар амгалан явах болно гэж хэлэв.