ҮЙЛС 18:18-28

ҮЙЛС 18:18-28 Ариун Библи 2013 (АБ2013)

Паул олон өдөр тэнд байгаад, ах дүү нартай салах ёс гүйцэтгэн, усан онгоцонд сууж Сирийг зорив. Прискила, Акул хоёр түүнтэй хамт байв. Кенхрейд байхдаа Паул ам өчгөөсөө болж үсээ авахуулжээ. Тэд Ефест ирэв. Паул нөхдөө тэнд үлдээгээд өөрөө синагогт очиж иудейчүүдтэй харилцан ярилцав. Тэд түүнийг удаан хугацаагаар байхыг гуйсан боловч тэр зөвшөөрсөнгүй. Харин тэдэнтэй салах ёс гүйцэтгэхдээ —Хэрэв Бурхан хүсвэл би дахин та нар дээр эргэж ирнэ гэлээ. Тийнхүү Ефесээс усан онгоцоор явжээ. Тэр Кайсарид буугаад явж, чуулганыхны амар мэндийг асуучихаад Антиох явав. Тэнд хэсэг хугацаагаар байж байгаад замд гарч, Галатын нутаг болон Фругийг дараалан туулж гарахдаа бүх дагалдагчдыг хүчирхэгжүүлж байлаа. Александраас гаралтай, үгэнд цэцэн, Бичвэрт гарамгай Апол гэгч иудей эр Ефест хүрч ирэв. Апол бол Эзэний замаар сургагдсан нэгэн бөгөөд гагцхүү Иоханы баптисмыг мэддэг байсан ч гал цогтой сүнсээр Есүсийн тухай үнэн зөв ярьж, сургадаг байв. Синагогт тэр зоригтой ярьж эхлэв. Харин Прискила, Акул нар түүнийг сонсоод, авч гаран түүнд Бурханы замыг нарийн тайлбарлаж өгөв. Тэр Ахайгаар явах гэж хүссэнийг нь ах дүү нар хөхүүлэн дэмжиж, түүнийг хүлээн авахыг дагалдагчдад хүсэн бичиглэв. Тэр хүрч ирээд нигүүлслээр итгэгсдэд үлэмж тусалжээ. Учир нь Есүс бол Христ мөн гэдгийг Бичвэрүүдээр Апол нотолж, иудейчүүдийг олны өмнө хүчтэй няцааж байлаа.

Хуваалцах
ҮЙЛС 18 унших

ҮЙЛС 18:18-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

Паул олон өдөр тэнд байгаад, ах дүү нартай салах ёс гүйцэтгээд усан онгоцонд суун Сирийг зорив. Прискила, Акул хоёр түүнтэй хамт байв. Кенхрейд байхдаа Паул тангаргаа сахиж үсээ авахуулжээ. Тэд Ефест ирэв. Паул нөхдөө тэнд үлдээгээд өөрөө синагогт очиж иудейчүүдэд сургамжилжээ. Тэд түүнийг удаан хугацаагаар байхыг гуйсан боловч тэр зөвшөөрсөнгүй. Харин тэдэнтэй салах ёс гүйцэтгэхдээ —Хэрэв Бурхан хүсвэл би дахин та нар уруу эргэж ирнэ гэв. Тийнхүү Ефесээс усан онгоцоор явжээ. Тэр Кайсарид буугаад явж чуулганыхны амар мэндийг асуучихаад Антиох уруу явав. Тэнд хэсэг хугацаагаар байж байгаад тэд замд гарч, Галатын дүүрэг болон Фругийг амжилттай туулан гарахдаа бүх дагалдагчдыг урамшуулж явлаа. Үгэнд цэцэн Апол гэгч Иудей эр Ефест хүрч ирэв. Тэрээр Судрыг сайн мэддэг нэгэн агаад Александрт төрсөн ажээ. Апол бол Эзэний замаар явахад сургагдсан хүн байсан бөгөөд гал цогтой сүнсээр Есүсийн тухай үнэн зөв ярьж, сургадаг байв. Ингэхдээ гагцхүү Иоханы баптисмыг л мэддэг байжээ. Синагогт тэр зоригтой ярьж эхлэв. Харин Прискила, Акул нар түүнийг сонсоод хажуу тийш нь авч гараад, түүнд [Бурханы] замыг улам ч зөв тайлбарлаж өгөв. Тэр Ахай нутгаар явахыг хүссэн тул ах дүү нар түүнийг урамшуулан зоригжуулаад, түүнийг хүлээн авахыг хүссэн захидал дагалдагчдад илгээв. Тэр хүрч ирээд нигүүлслээр итгэсэн хүмүүст үлэмж тусалжээ. Учир нь Есүс бол Христ мөн гэдгийг Апол Судруудаар нотолж, иудейчүүдийг олны өмнө хүчтэйгээр няцааж байлаа.

Хуваалцах
ҮЙЛС 18 унших