ҮЙЛС 18:1-17
ҮЙЛС 18:1-17 Ариун Библи 2013 (АБ2013)
Дараа нь тэр Афиныг орхин Коринтод очив. Тэр тэнд Понтоос гаралтай Акул гэгч нэгэн иудей хүнтэй тааралджээ. Бүх иудейчүүдийг Ромоос гарга гэсэн Клаудын зарлигаас болж тэр хүн эхнэр Прискилагийнхаа хамт саяхан Италиас ирсэн ажээ. Тэгээд Паул тэднийд очив. Мөнөөх эр адилхан ажилтай байсан тул Паул тэднийд үлдэж, хамт ажиллах болжээ. Тэд майхан хийдэг байв. Амралтын өдөр бүр тэрээр синагогт иудейчүүд, грекүүдийг ятган үнэмшүүлэхээр ярилцдаг байлаа. Харин Силас, Тимот нарыг Македониос ирэхэд Паул үгэнд бүрэн автаж, Есүс бол Христ мөн гэдгийг иудейчүүдэд гэрчилж байлаа. Түүнийг эсэргүүцэж, доромжлоход Паул хувцсаа сэгсрэн, тэдэнд —Та нарын цус толгой дээр чинь бууг. Би цэвэр. Үүнээс хойш би харийнхан дээр очно гэв. Тэр тэндээс явж, синагогийн залгаа гэр нь байдаг, Бурханаас эмээгч Иустын Тит нэртэй нэгний гэрт очив. Синагогийн тэргүүн Крисп бүх гэрийнхнийхээ хамт Эзэнд итгэж бас Коринтынхон үгийг сонсоод олноороо итгэж, баптисм хүртэцгээж байлаа. Эзэн шөнө нь Паулд үзэгдлээр дамжуулан —Бүү ай. Харин ярь. Бүү дуугүй бай. Учир нь Би чамтай хамт байна. Хэн ч чамайг хорлох гэж гар хүрэхгүй. Учир нь Миний хүмүүс энэ хотод олон бий гэв. Тэр тэдний дунд Бурханы үгийг зааж, жил зургаан сар амьдрав. Гэвч Галлионыг Ахай нутгийн захирагч байхад нь иудейчүүд санаа нийлэн Паулын эсрэг босож түүнийг шүүхэд суудалд авчраад — Энэ хүн, Бурханд мөргө гэж хүмүүсийг хуулийн эсрэг ятгаж байна гэв. Паулыг ам нээх гэтэл Галлион иудейчүүдэд —Хэрэв энэ нь гэмт хэрэг эсвэл хорт явдал байсан бол, иудейчүүд ээ, гомдлыг чинь хүлээж авах үндэслэл надад бүрэн байхсан. Гэтэл үгс, нэрс болон танай хуулийн тухай асуудал байгаа аваас өөрсдөө үүнийгээ мэдтүгэй. Эдгээр хэргийг шүүх хүсэл надад алга гэв. Тийнхүү тэр тэднийг шүүх суудлаас хөөжээ. Тэгэхэд тэд бүгд синагогийн ахлагч Состеныг барьж аваад шүүхийн өмнө зодсон боловч Галлион үүнийг огт тоосонгүй.
ҮЙЛС 18:1-17 Ариун Библи, 2004 (АБ2004)
Дараа нь тэр Афиныг орхин Коринт уруу очив. Тэр тэнд Понт нутгийн Акул гэгч нэгэн иудей хүнтэй тааралджээ. Бүх иудейчүүдийг Ромоос гарга гэсэн Клаудын зарлигаас болж тэр хүн эхнэр Прискилагийнхаа хамт саяхан Италиас ирсэн ажээ. Тэгээд Паул тэднийд очив. Мөнөөх эр адилхан ажилтай хүн байсан тул Паул тэднийд үлдэж, хамт ажиллах болов. Тэд майхан хийдэг байжээ. Тэр Амралтын өдөр бүр синагогт сургамжилж, иудейчүүд, грекчүүдийг итгүүлэхийг оролдож байв. Харин Силас, Тимот нарыг Македониос ирэхэд Паул өөрийгөө үгэнд бүрэн зориулж, иудейчүүдэд Есүс бол Христ мөн гэдгийг гэрчилж байлаа. Тэд түүнийг эсэргүүцэж, доромжлоход Паул хувцсаа сэгсрэн, тэдэнд —Та нарын цус өөрсдийн чинь толгой дээр бууг. Би цэвэр. Үүнээс хойш би харь үндэстнүүд уруу очно гэв. Тэр тэндээс явж, синагогийн дэргэд гэр нь байдаг Иустын Тит гэдэг хүний гэрт очив. Тэр Бурханыг шүтдэг нэгэн ажээ. Синагогийн тэргүүн Крисп бүх гэрийнхнийхээ хамт Эзэнд итгэж бас коринтчуудаас олон хүн үгийг сонсоод итгэж, баптисм хүртэцгээж байлаа. Шөнө нь Эзэн Паулд үзэгдлээр дамжуулан —Бүү ай. Үргэлжлүүлэн яригтун. Битгий дуугүй бай. Учир нь Би чамтай хамт байна. Хэн ч чамд хор хүргэхээр чам уруу дайрахгүй. Учир нь Миний хүмүүс энэ хотод олон бий гэв. Тэр тэдний дунд Бурханы үгийг сурган жил зургаан сар амьдрав. Гэвч Галлионыг Ахай нутгийн тэргүүн захирагч байхад нь иудейчүүд санаа нийлэн Паулын эсрэг босож түүнийг шүүхэд авчирч, — Энэ хүн хуулийн эсрэг Бурханд мөргө гэж хүмүүсийг ятгаж байна гэв. Паулыг ам нээх гэтэл Галлион урьтаж иудейчүүдэд ингэж хэлэв. —Иудейчүүд ээ! Хэрэв энэ нь гэмт хэрэг, эсвэл хорт явдал байсан бол та нарын гомдлыг хүлээж авах үндэслэл надад бүрэн байхсан. Гэтэл хэрэв үгс, нэрс болон танай хуулийн тухай асуудал байгаа бол өөрсдөө түүнийгээ мэдтүгэй. Эдгээр хэргийг шүүх хүсэл надад алга гэв. Тийнхүү тэр тэднийг шүүхээс хөөжээ. Тэд бүгд синагогийн ахлагч Состеныг барьж аваад шүүхийн өмнө зодсон боловч Галлион үүнийг огт тоосонгүй.