2 САМУЕЛ 6:1-11
2 САМУЕЛ 6:1-11 Ариун Библи 2013 (АБ2013)
Давид Израилийн гучин мянган шилдэг эрийг бүгдийг нь дахин цуглууллаа. Давид босож, херубуудын дээр залрагч түг түмдийн ЭЗЭНий нэрээр дуудагдсан Бурханы авдрыг авчрахаар өөртэйгөө хамт байсан бүх ард олонтой Баале-иуда уруу явав. Тэд Бурханы авдрыг шинэ тэргэн дээр тавив. Толгод дээрх Абинадабын гэрээс авдрыг ийнхүү авчирлаа. Абинадабын хөвгүүд болох Узза, Ахио нар шинэ тэргийг хөтөлж явлаа. Толгод дээрх, Абинадабын гэрээс тэд Бурханы авдрыг шинэ тэргээр зөөж ирсэн бөгөөд Ахио авдрын урд алхаж явжээ. Давид болон Израилийн бүх гэр дуу дуулан, ятга, босоо ятга, хэнгэрэг, цан, бүрээ, товшуур хөгжимтэй, хамаг чадлаараа Эзэний өмнө бүжицгээв. Харин тэд Наконы үтрэмд ирэх үед үхэр нь бүдэрсэн тул Узза гар сунган Бурханы авдарт хүрч, үүнийг түшив. Тэрээр авдарт гар хүрсэн тул ЭЗЭНий уур хилэн Уззагийн эсрэг шатаж, түүнийг Бурхан тэр газарт цохисонд тэрээр Бурханы авдрын дэргэд үхэв. ЭЗЭН, Уззаг ийнхүү дайрсан тул Давид огшжээ. Тиймээс тэр газрыг Перез-узза гэж өнөөг хүртэл нэрлэжээ. Тэр өдөр Давид, ЭЗЭНээс эмээж —Би яаж ЭЗЭНий авдрыг өөртөө авчирч болох билээ дээ! гэв. Давид ЭЗЭНий авдрыг Давидын хот уруу өөртөө авчрахыг хүссэнгүй. Харин түүнийг гит хүн Обед-Едомын гэрт аваачив. Ийнхүү ЭЗЭНий авдар гит хүн Обед-едомын гэрт гурван сар байжээ. ЭЗЭН, Обед-Едомыг болон хамаг гэрийнхнийг нь ерөөв.
2 САМУЕЛ 6:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)
Давид Израилийн гучин мянган шилдэг эрсийг бүгдийг нь дахин цуглуулав. Давид босож, херубуудын дээр залрагч түмэн цэргийн ЭЗЭНий нэрээр дуудагдсан Бурханы авдрыг авчрахаар өөртэйгөө хамт байсан бүх хүмүүстэйгээ Баале-иуда уруу явав. Толгодын дээр байх Абинадабын гэрээс авчрахын тулд тэд Бурханы авдрыг шинэ тэргэн дээр тавив. Абинадабын хөвгүүд болох Узза, Ахио нар шинэ тэргийг хөтөлж явлаа. Толгодын дээр байх Абинадабын гэрээс тэд Бурханы авдрыг шинэ тэргээр зөөж ирсэн бөгөөд Ахио авдрын урд алхаж явжээ. Тэр үед Давид болон Израилийн бүх гэр хуш модон хөгжмийн зэмсгүүд болон ятга, лир, хэнгэрэг, товшуур, цан дуугарган ЭЗЭНий өмнө баярлаж байв. Харин тэд Наконы үтрэмд ирэх үед үхэр нь Бурханы авдрыг унагаах шахсан тул Узза түүн уруу хүрч, бариад авав. ЭЗЭНий уур хилэн Уззагийн эсрэг шатаж, Бурхан хүндэтгэлгүй байдлаас нь болж түүнийг тэр газарт цохисонд тэрээр Бурханы авдрын дэргэд үхэв. ЭЗЭН Уззад хилэгнэсэнд Давид уурлав. Тэр газар өнөөдрийг хүртэл Перез-узза хэмээн нэрлэгддэг. Тэр өдөр Давид ЭЗЭНээс айн —ЭЗЭНий авдар надад хэрхэн ирж болох билээ? гэв. Давид ЭЗЭНий авдрыг Давидын хотод шилжүүлэн, өөрийн хамт байлгахыг хүссэнгүй. Харин түүнийг гит хүн Обед-едомын гэрт хүргэв. Ийнхүү ЭЗЭНий авдар гит хүн Обед-едомын гэрт гурван сар үлдэв. ЭЗЭН Обед-едомыг болон хамаг гэрийнхнийг нь ерөөв.