1 САМУЕЛ 18:1-16
1 САМУЕЛ 18:1-16 Ариун Библи 2013 (АБ2013)
Давид Саултай ярилцаж дуусахад Ионатаны зүрх түүнийхтэй нэгдэн Давидыг Ионатан амь шигээ хайрлалаа. Саул тэр өдөр Давидыг эцгийнх нь гэрт буцаалгүй үлдээсэн билээ. Давидыг Ионатан амь шигээ хайрласан тул Давидтай гэрээ байгуулав. Ионатан өмсөж байсан гадуур дээлээ тайлж, өөрийн хуяг дуулга илд, нум сум, бүсний хамт Давидад өгөв. Ийнхүү Давид Саулын илгээсэн газар бүрд явж ялалт байгуулсанд Саул түүнийг дайчдынхаа ахлагч болгов. Энэ нь бүх ард түмний болон Саулын зарц нарын нүднээ тааламжтай байлаа. Давид өнөөх филист хүнийг устгаад, бүгдээрээ буцаж ирэхэд эмэгтэйчүүд Израилийн бүх хотуудаас гарч ирэн хэнгэрэг болон хөгжмийн зэмсэг барин, дуу дуулан бүжиглэж, хөл хөөрцөг болон Саул хааныг угтав. Эмэгтэйчүүд тоглон —Саул мянгыг, Давид түмийг алав гэж дуулалдав. Тэгэхэд энэ үг Саулын дургүйг хүргэсэн тул тэр ихэд уурлан —Тэд Давидад түмийг хамааруулж, надад мянгыг өгөв. Одоо түүнд хаанчлал л дутуу байх шив! гэжээ. Саул тэр өдрөөс хойш Давидыг нүд үзүүрлэх болов. Дараа өдөр нь Бурханаас ирсэн муу сүнс Саул уруу хүчтэй дайрч, гэр дотор нь түүнийг огшоов. Давид урьдын адил ятгаа гартаа авч тоглож байв. Саулын гарт жад байлаа. Саул “Давидыг хананд хадъя” гэж бодоод жадыг шидэв. Гэтэл Давид түүнээс хоёр удаа бултан зайлав. ЭЗЭН өөрөөс нь салж, Давидтай хамт байгааг харсан Саул Давидаас айж байлаа. Тиймээс Саул Давидаас дөлж, түүнийг өөрөөсөө холдуулж, мянгатын даргаар томилов. Давид хүмүүсийн тэргүүнд удирдан гарч ордог байв. ЭЗЭН, Давидтай хамт байсан учир тэр бүх юманд агуу амжилтыг олж байв. Давид агуу их амжилт олж буйг үзээд Саул түүнээс маш их жийрхэж байлаа. Харин бүх Израиль болон Иуда Давидыг хайрлав. Учир нь тэр тэдний тэргүүнд удирдан гарч явдаг бас ирдэг байв.
1 САМУЕЛ 18:1-16 Ариун Библи, 2004 (АБ2004)
Давид Саултай ярилцаж дуусахад, Ионатаны сэтгэл Давидын сэтгэлтэй нийцэв. Ионатан Давидыг өөрийн адил хайрлалаа. Саул тэр өдөр Давидыг үлдээн, эцгийнх нь гэрт буцаагаагүй билээ. Ионатан Давидыг өөрийн адил хайрласан тул Давидтай гэрээ байгуулав. Ионатан өмсөж байсан гадуур дээлээ тайлж, өөрийн хуяг дуулгыг илд, нум сум, бүс зэргийн хамт Давидад өгөв. Ийнхүү Давид Саулын илгээсэн газар бүрд явж, ялалт байгуулсанд Саул түүнийг дайчдынхаа ахлагч болгов. Энэ нь бүх ард түмний болон Саулын зарц нарын ч таалалд нийцжээ. Давид өнөөх филист хүнийг устгаад, бүгдээр буцаж ирж байхад эмэгтэйчүүд Израилийн бүх хотуудаас гарч ирэн, хэнгэрэг барин, дуу дуулж бүжиглэн, баяртайгаар, хөгжмийн зэмсэг барин Саул хааныг угтав. Эмэгтэйчүүд хөгжим тоглон, —Саул мянгыг алж, Давид түмийг алав хэмээн дуулалдав. Тэгэхэд энэ үг Саулын дургүйг хүргэсэн тул тэр ихэд уурлан, —Тэд Давидад түмийг хамааруулж, надад мянгыг өгөв. Одоо түүнд хаанчлал л дутуу байна уу? хэмээн хэлжээ. Тэр өдрөөс хойш Саул Давидыг сэжиглэн харах болов. Дараа өдөр нь Бурханаас ирсэн муу сүнс Саул уруу хүчтэй дайрч, Давид урьдын адил ятгаа гартаа авч тоглох мөчид тэр гэр дотроо солиоров. Саулын гарт жад байлаа. Саул “Давидыг хананд хадъя” гэж бодоод тэр жадыг шидэв. Гэтэл Давид түүнээс хоёр удаа зайлав. Саул Давидаас айж байв. Учир нь ЭЗЭН Саулаас салж, Давидтай хамт байв. Тийм учраас Саул Давидыг өөрөөсөө зайлуулж, түүнийг мянгатын даргаар тавив. Давид хүмүүсийн тэргүүнд зогсон удирдаж байв. ЭЗЭН Давидтай хамт байсан учир тэр бүх юманд агуу амжилтыг олж байв. Давид агуу их амжилт олж буйг үзээд Саул түүнээс маш их айж байлаа. Харин бүх Израиль болон Иуда Давидыг хайрлав. Учир нь тэр тэдний тэргүүнд зогсон удирдаж байв.