1Самуел 18

18
Ионатан Давидтай гэрээ хийв
1Давид Саултай ярилцаж дуусахад Ионатаны зүрх түүнийхтэй нэгдэн Давидыг Ионатан амь шигээ хайрлалаа. 2Саул тэр өдөр Давидыг эцгийнх нь гэрт буцаалгүй үлдээсэн билээ. 3Давидыг Ионатан амь шигээ хайрласан тул Давидтай гэрээ байгуулав. 4Ионатан өмсөж байсан гадуур дээлээ тайлж, өөрийн хуяг дуулга илд, нум сум, бүсний хамт Давидад өгөв.
5Ийнхүү Давид Саулын илгээсэн газар бүрд явж ялалт байгуулсанд Саул түүнийг дайчдынхаа ахлагч болгов. Энэ нь бүх ард түмний болон Саулын зарц нарын нүднээ тааламжтай байлаа. 6Давид өнөөх филист хүнийг устгаад, бүгдээрээ буцаж ирэхэд эмэгтэйчүүд Израилийн бүх хотуудаас гарч ирэн хэнгэрэг болон хөгжмийн зэмсэг барин, дуу дуулан бүжиглэж, хөл хөөрцөг болон Саул хааныг угтав. 7Эмэгтэйчүүд тоглон
—Саул мянгыг, Давид түмийг алав гэж дуулалдав.#1См 21:11, 29:5 8Тэгэхэд энэ үг Саулын дургүйг хүргэсэн тул тэр ихэд уурлан
—Тэд Давидад түмийг хамааруулж, надад мянгыг өгөв. Одоо түүнд хаанчлал л дутуу байх шив! гэжээ. 9Саул тэр өдрөөс хойш Давидыг нүд үзүүрлэх болов.
Саул Давидыг алахыг завдав
10Дараа өдөр нь Бурханаас ирсэн муу сүнс Саул уруу хүчтэй дайрч, гэр дотор нь түүнийг огшоов. Давид урьдын адил ятгаа гартаа авч тоглож байв. Саулын гарт жад байлаа. 11Саул “Давидыг хананд хадъя” гэж бодоод жадыг шидэв. Гэтэл Давид түүнээс хоёр удаа бултан зайлав. 12ЭЗЭН өөрөөс нь салж, Давидтай хамт байгааг харсан Саул Давидаас айж байлаа. 13Тиймээс Саул Давидаас дөлж, түүнийг өөрөөсөө холдуулж, мянгатын даргаар томилов. Давид хүмүүсийн тэргүүнд удирдан гарч ордог байв. 14ЭЗЭН, Давидтай хамт байсан учир тэр бүх юманд агуу амжилтыг олж байв. 15Давид агуу их амжилт олж буйг үзээд Саул түүнээс маш их жийрхэж байлаа. 16Харин бүх Израиль болон Иуда Давидыг хайрлав. Учир нь тэр тэдний тэргүүнд удирдан гарч явдаг бас ирдэг байв.
Давид Михалтай гэрлэв
17Тэгээд Саул, Давидад
—Хар, энэ миний том охин Мераб байна. Түүнийг чамд эхнэр болгон өгье. Зөвхөн миний төлөө гэсэн зоригт эр байж, ЭЗЭНий тулалдаанд тулалдагтун гэж хэлэв. Учир нь Саул
—Миний гар бус, харин филистчүүдийн гар Давидын эсрэг байг гэж санасан ажээ. 18Гэвч Давид, Саулд
—Би хэн болж, миний ахан дүүс, миний эцгийн гэр бүл ч Израильд юу болсон болоод би хааны хүргэн болох билээ? гэж хэлэв. 19Харин Саулын охин Мерабыг Давидад өгөх цаг болоход түүнд бус мехолат хүн Адриелд эхнэр болгон өгсөн ажээ. 20Саулын охин Михал Давидад хайртай болсныг Саулд мэдэгдэхэд Саул түүнийг ойшоов. 21Саул
—Давидад Михал урхи болог. Филистчүүдийн гарыг түүний эсрэг болгохын тулд Михалыг түүнд өгье гэж бодов. Тийм учраас Саул хоёр дахь удаагаа Давидад
—Өнөөдөр чи миний хүргэн болж болно гэв. 22Тэгээд Саул зарц нартаа тушаан
—Давидад нууцаар ингэж хэл. “Харагтун. Хаан таныг таалж, түүний зарц нар нь ч бүгд таныг хайрлаж байна. Тиймээс хааны хүргэн бологтун” гэж ятга хэмээв. 23Ийнхүү Саулын зарц нар эдгээр үгсийг Давидад дуулгав. Давид харин
—Хааны хүргэн болно гэдэг та нарын хувьд хямдхан хэрэг үү? Би бол нэргүй дорой хүн гэв. 24Саулын зарц нар Давидын хэлсэн эдгээр үгсийг Саулд мэдүүлсэнд 25Саул
—Та нар Давидад ийнхүү хэлэгтүн. “Хаан дайснаасаа өшөөгөө авахын тулд зуун филист хүний тээрхийн арьснаас өөр илүү юу ч инж болгон авахыг хүсэхгүй байна” гэж хэл гэв. Саул Давидыг филистчүүдийн гараар хорлуулахыг санаархаж байв. 26Саулын зарц нар эдгээр үгсийг Давидад хэлэхэд, хааны хүргэн болох нь түүнд таалагдав. Тогтоосон өдрүүд дуусахаас өмнө 27Давид босож, хүмүүстэйгээ явж, филистчүүдээс хоёр зуун хүнийг цохиж алав. Давид тэдний тээрхийн арьсыг авчирч, хааны хүргэн болохын тулд тэдгээрийг тоо ёсоор нь хаанд өгөв. Ийнхүү Саул охин Михалаа Давидад эхнэр болгон өгчээ. 28ЭЗЭН, Давидтай хамт байгааг мэдээд мөн өөрийнх нь охин Михал Давидад хайртайг Саул харан 29Давидаас улам их айж, ийнхүү Саул Давидын үргэлжийн өстөн дайсан болжээ. 30Филистчүүдийн жанжингууд дайран ирэх бүрд тэдэнтэй дайтахаар гарсан Саулын бүх зарц нараас илүү амжилтыг Давид олдог байснаас түүний нэр улам илүү алдаршив.

Одоогоор Сонгогдсон:

1Самуел 18: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна