1Самуел 19

19
Ионатан учирлан гуйв
1Саул өөрийн хөвгүүн Ионатан хийгээд бүх зарцынхаа өмнө Давидыг алах тухайгаа#19:1 эсвэл алах төлөвлөгөөгөө ярив. Гэвч Саулын хөвгүүн Ионатан Давидад их хайртай байжээ. 2Тиймд Ионатан, Давидад
—Миний эцэг Саул чамайг алахаар санаархаж байна. Маргааш өглөө болгоомжтой байж, далд газар нуугдахыг гуйж байна. 3Би гадагш гарч, чиний нуугдан байгаа талбайд эцгийнхээ дэргэд зогсон чиний тухай эцэгтэйгээ ярина. Хэрвээ би ямар нэг юм мэдэх бол чамд дуулгая гэжээ. 4Дараа нь Ионатан, эцэг Саулдаа Давидыг сайшаан ярьж
—Тэр таны эсрэг нүгэл үйлдээгүй бус уу. Мөн түүний үйлдсэн зүйлс нь танд маш их ашиг авчирсан тул хаантан та боол Давидынхаа эсрэг нүгэл бүү үйлдэг. 5Учир нь тэрээр амиа үл хайрлан филист хүнийг цохиж устгасан. Ийнхүү ЭЗЭН бүх Израильд агуу их авралыг хайрлав. Та үүнийг үзээд баяссан билээ. Гэтэл одоо та яагаад ямар ч шалтгаангүйгээр Давидыг алж, гэмгүй хүний цусыг урсган түүний эсрэг нүгэл үйлдэх гэж байгаа юм бэ? гэв. 6Ионатаны хэлэхийг Саул сонсоод, тангараглан
—ЭЗЭН амьд! Тэр бүү алагдаг гэж хэлэв.
7Тэгээд Ионатан Давидыг дуудан эдгээр бүх үгийг түүнд дуулгав. Ионатан Давидыг Саул уруу дагуулан очсонд, Давид урьдын адил Саулд үйлчлэв.
Михал Давидыг зугтахад нь туслав
8Дайн дахин эхлэхэд Давид явж филистчүүдтэй тулалдан тэднийг цохиж үй олноор хядсанд тэд Давидаас зугтав. 9Саул өөрийн гэрт гартаа жад барин сууж, Давид Саулын дэргэд өөрийн гараар босоо ятга тоглож байтал ЭЗЭНээс ирсэн муу сүнс Саулыг дайрав. 10Саул жадаар Давидыг хананд хадах гэтэл Давид Саулаас бултсанд Саулын жад хананд зоогдов. Давид тэр шөнөдөө оргон зайлав. 11Дараа нь Саул Давидын гэр уруу элч нарыг илгээн түүнийг мануулж, өглөө болохоор түүнийг алах гэв. Гэтэл Давидын эхнэр Михал Давидад
—Өнөө шөнө чи амиа аврахгүй бол маргааш алуулна гэжээ.#Дуу 59 (гарчиг) 12Ийнхүү Михал түүнийг цонхоор буулгасанд тэрээр гадагш гараад оргон зугтав. 13Михал гэрийн шүтээнийг авч түүнийг орон дээр тавиад толгой дээр нь хэдэн ямааны үс тавин түүнийг хувцсаараа бүтээв. 14Давидыг барьж авчруулахаар Саул элч нарыг илгээсэнд Михал
—Тэр өвчтэй гэж хэлэв. 15Тэгэхэд Саул, Давидтай уулзах элч нарыг дахин илгээхдээ тэдэнд
—Түүнийг ор дэвсгэртэй нь надад авчрагтун. Би түүнийг ална гэв. 16Элч нар ортол, үзэгтүн, толгой хэсэгтээ ямааны үстэй гэрийн шүтээн орон дээр нь байв. 17Саул Михалд
—Юунд чи намайг ингэж хуурч, миний өстөн дайсныг оргуулан, надаас түүнийг зугтаалгав? гэхэд Михал Саулд
—Тэр “Намайг явуул, үгүй бол би чамайг ална” гэж надад хэлсэн билээ гэв.
Давид Самуелтай Рамад нэгдэв
18Давид оргон зугтааж, Рама уруу Самуел дээр ирээд Саул өөрт нь үйлдсэн бүгдийг Самуелд хэлэв. Тэрээр Самуелтай хамт Наиотод очиж суув. 19Саулд
—Давид Рамагийн Наиотод байна гэж мэдэгдэв. 20Тэгээд Саул Давидыг барьж авчруулахаар элч нарыг илгээв. Гэвч хэсэг эш үзүүлэгч эш үзүүлэн Самуел тэднийг удирдаж байхыг элч нар харахад, Бурханы Сүнс ч Саулын элч нарт бас ирж тэд мөн эш үзүүлэв. 21Саулд энэ тухай мэдэгдсэнд тэр өөр элч нарыг илгээсэн бөгөөд тэд ч мөн эш үзүүлэв. Ийнхүү Саул гурав дахь удаагаа элч нарыг илгээсэнд тэд ч мөн эш үзүүлэв. 22Тэгээд Саул өөрөө Рама уруу явж, Сехуд байдаг нэгэн том усан сан болох худаг дээр ирэв.
—Самуел, Давид нар хаана байна? гэж Саул асуусанд нэг хүн
—Харагтун, тэд Рамагийн Наиотод байна гэж хэлэв. 23Саул тэндээс Рамагийн Наиот уруу явсан ба түүнд Бурханы Сүнс ирж, тэрээр зүгээр эс байн Рамагийн Наиотод очих хүртэлээ эш үзүүлсээр явав. 24Мөн тэрээр дээлээ тайлж, өдөржин шөнөжин Самуелын өмнө нүцгэнээрээ сунан хэвтэж эш үзүүлэв. Тиймээс хүмүүс
—Саул ч бас эш үзүүлэгч юм уу? гэцгээдэг юм.#1См 10:11–12

Одоогоор Сонгогдсон:

1Самуел 19: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна