1 САМУЕЛ 17:1-51

1 САМУЕЛ 17:1-51 Ариун Библи 2013 (АБ2013)

Филистчүүд байлдахаар цэргээ цуглуулав. Тэд Иудад харьяалагддаг Сокод цуглаж, Соко болон Азекагийн дунд буй Ефес-Даммимд хуарагнав. Саул болон Израилийн эрчүүд цуглаж, Елагийн хөндийд хуарагнаж, филистчүүдтэй тулалдахаар жагсан ирцгээв. Тэртээх ууланд филистчүүд байж, энэтээх ууланд Израиль байж, тэдний дунд мөнөөх хөндий. Тэгэхэд филистчүүдийн цэргийн хуарангаас нэгэн тэргүүлэгч дайчин эр гарч ирэв. Түүнийг Гатаас ирсэн Голиат гэдэг бөгөөд түүний өндөр нь зургаан тохой нэг сөөм байжээ. Тэрээр толгойдоо хүрэл дуулга, биедээ таван мянган хүрэл шекелийн жинтэй хайрст хуяг өмссөн байв. Тэр хөлдөө хүрэл өвдгөвчтэй бөгөөд мөр хооронд нь хүрэл бамбай байв. Түүний жадны иш нь нэхмэлчний гогодогч мод мэт, жадны үзүүр нь зургаан зуун төмөр шекелийн жинтэй. Түүний бамбай үүрэгч бас өмнө нь явж байв. Голиат зогсож, Израилийн цэргүүдийн жагсаал уруу хашхиран дуудаж —Та нар юунд тулалдахаар жагсан гарч ирэв? Би филист хүн, харин та нар Саулын боолууд биш үү? Өөрсдөөсөө нэг хүнийг сонгож, над уруу явуулагтун. Хэрэв тэр хүн надтай тулалдаж дөнгөөд, намайг албал бид та нарын боол болъё. Хэрэв би түүнийг ялж, албал та нар харин бидний боол болж бидэнд үйлчлэгтүн гэв. Филист хүн цааш нь —Өнөөдөр би Израилийн жагсаалыг ичээн шившиглэж байна. Нэг хүнийг явуулагтун. Халз тулалдъя гэв. Саул болон бүх Израиль энэ филист хүний үгийг сонсоод зориг нь мохож, тэд ихэд айв. Иуда дахь Бетлехемийн Иесси гэдэг нэртэй ефрат хүний хөвгүүн нь Давид билээ. Иесси найман хөвгүүнтэй байжээ. Тэрээр Саулын үед хөгшин, настай болсон байв. Иессийн гурван том хөвгүүн Саулыг даган дайнд явжээ. Дайнд явсан гурван хөвгүүний ууган нь Елиаб, удаах нь Абинадаб, дараах нь Шамма юм. Давид отгон хөвгүүн нь байлаа. Гурван том хүү нь Саулыг дагаж явжээ. Харин Давид Бетлехемд байгаа эцгийнхээ хонийг хариулахын тулд Саул уруу ирэн очин байв. Өнөө филист хүн дөчин өдрийн турш өглөө, үдэш бүр гарч ирэн өөрийгөө харуулж байлаа. Тэгтэл Иесси, хөвгүүн Давиддаа —Ах нарт чинь бэлдсэн нэг ефа хуурсан будаа, энэ арван талхыг авч хуаран уруу ах нар дээрээ гүйн оч. Мөн энэ арван ширхэг бяслагийг мянгатын даргад нь хүргэж өгөөд, ах нарынхаа мэндийг мэдээд тэднээс мэдээ авч ир. Учир нь Саул хийгээд ах нар чинь бас бүх израиль эрчүүд Елагийн хөндийд филистчүүдтэй тулалдаж байгаа гэж хэлэв. Давид өглөө эрт босож, хонин сүргээ хөлсний хоньчинд даатгаж орхиод хүнсийг авч Иессийн тушааснаар явлаа. Түүнийг хуаранд ирэхэд цэргүүд уухайлан хашхирч, жагсаалаар гарцгааж байв. Израиль болон филистчүүдийн цэргүүд өөд өөдөөсөө жагсаалаар ирцгээв. Тэгэхэд Давид авчирсан юмаа харуулын гарт үлдээгээд, байлдааны шугам уруу гүйж, ах нарынхаа мэндийг асуухаар очив. Давидыг ах нартайгаа ярилцаж байх яг тэр үед тэргүүлэгч дайчин эр, Голиат гэдэг нэртэй Гатын филист хүн, филистчүүдийн жагсаалаас гарч ирэн урьдын адил үгсийг хэлэхэд Давид түүнийг сонсов. Израилийн бүх эрчүүд тэр хүнийг хараад, түүнээс ихэд айн зугтав. Израилийн эрчүүд —Тэр гарч ирж байгаа хүнийг харав уу? Тэр үнэхээр Израилийг ичээн шившиглэж байна. Түүнийг алсан хүнийг манай хаан их баялгаар шагнан түүнд өөрийн охиныг өгч, түүний эцгийн гэрийг Израильд албан татвараас чөлөөлөх болно хэмээв. Тэгэхэд Давид хажуудаа зогсож байсан хүмүүст —Энэ филист хүнийг алж, Израилиас ичгүүр шившиглэлийг арилгах хүнийг яах вэ? Амьд Бурханы цэргийг шившиглэн ичээгч энэ хозлуулаагүй филист хүн хэн юм бэ? гэж хэлэв. Хүмүүс түүнд өмнөхийн адилаар —Түүнийг алсан хүнийг ингэнэ, тэгнэ гэцгээв. Түүний том ах Елиаб, Давидыг хүмүүстэй ярьж байхыг сонсжээ. Елиаб Давидад ихэд уурлан —Чи ер нь яах гэж наашаа ирэв? Эзгүй талд байгаа тэр хэдэн хонио чи хэнд орхиод ирэв? Би чиний их зан, муу санааг чинь мэднэ. Чи тулалдааныг үзэхээр ирсэн биз дээ? гэж загнав. Харин Давид —Би яасан юм бэ? Зөвхөн асуусан шүү дээ гэж хэлэв. Давид Елиабаас өөр хүн уруу эргэж, өнөөх л зүйлээ асуув. Хүмүүс түрүүчийн нэгэн адил тэгнэ ингэнэ гэсэн хариу өгөв. Давидын хэлсэн үгийг хүмүүс сонсоод Саулд мэдүүлсэнд Саул Давидыг дуудан авчруулав. Давид, Саулд —Тэр хүнээс болж хэн ч зүрх бүү алдаг. Боол нь явж, тэр филист хүнтэй тулалдъя гэв. Тэгэхэд Саул, Давидад —Чи тэр филист хүн уруу очиж, түүнтэй тулалдаж чадахгүй. Чи ийм залуу бага хүн, харин тэр залуу байхаасаа цэргийн хүн байсан гэв. Гэвч Давид, Саулд —Боол нь эцгийнхээ хонийг хариулдаг байсан. Арслан юмуу баавгай ирээд, хонин сүргээс минь хурга авч явахад би араас нь хөөж очоод, түүнийг довтолж, түүний амнаас хургаа авардаг байсан. Хэрэв тэр над уруу дайрвал би сахлаас нь шүүрэн авч түүнийг цохиж алдаг байв. Таны боол би арслан, баавгайн аль алиныг нь алсан билээ. Тэр хозлуулаагүй филист хүн амьд Бурханы цэргийг шившиглэсэн тул тэдний нэгэн адил болох болно гэж хэлэв. Давид цааш нь —Арслан, баавгайн савраас намайг аварсан ЭЗЭН тэр филист хүний гараас ч намайг аварна гэв. Саул, Давидад —Явагтун, ЭЗЭН чамтай хамт байх болтугай гэж хэлэв. Тэгээд Саул, Давидыг өөрийнхөө хувцсаар хувцаслаж, толгойд нь хүрэл дуулгаа өмсгөж, биед нь хуягаа өмсгөв. Ийм юмтай явж үзээгүй Давид Саулын хуягны гадуур Саулын илдийг бүсэлж зүүгээд алхах гэж оролдов. Давид, Саулд —Сураагүй учир би үүнийг өмсөж явж чадахгүй нь гээд өмсгөлийг нь тайлжээ. Тэр өөрийнхөө таягийг гартаа авч, горхиноос өөртөө таван мөлгөр чулуу шилж аваад, өөрийнхөө авч явсан хурганы уутанд хийж, дүүгүүрээ гартаа бариад өнөөх филист хүн уруу явлаа. Тэгэхэд филист хүн ч бамбай үүрэгчээ урдаа зогсоон Давид уруу ойртож ирэв. Филист хүн Давидыг хараад, залуухан, улаа бутарсан агаад сайхан төрхийг нь үзэж түүнийг үл тоомсорлов. Филист хүн, Давидад —Чи юунд таяг барьж над уруу ирэв? Би нохой юм уу? гэв. Филист хүн өөрийнхөө бурхдаар Давидыг хараав. Филист хүн, Давидад —Нааш ир, би чиний махыг огторгуйн шувууд, хээрийн араатанд өгье гэж занав. Давид филист хүнд —Чи илд, бамбай, жад барьж над уруу ирж байгаа бол харин би чиний доромжилсон Израилийн бүх цэргийн Бурхан, түг түмдийн ЭЗЭНий нэрээр чам уруу ирж байна. Өнөөдөр ЭЗЭН чамайг миний гарт өгнө. Би чамайг алаад, чиний толгойг биеэс чинь таслан авна. Өнөөдөр би филист цэргүүдийн хүүрийг огторгуйн шувууд, хээрийн араатанд өгнө. Бүх улс, Израильд Бурхан байна гэдгийг үүгээр мэдэх болно. Энэ цугласан олон ч ЭЗЭН илд, жад хэрэглэлгүй аварна гэдгийг мэдэх буй заа. Энэ тулалдаан ЭЗЭНийх бөгөөд ЭЗЭН та нарыг бидний гарт өгнө гэв. Филист хүн босож, Давидын өөдөөс тулалдахаар ирэхэд Давид ч филист хүнтэй нүүр тулахаар тулалдааны тэргүүн шугам уруу яаран гүйж ирлээ. Давид уутанд гараа хийж, нэг чулуу гаргаж аваад, дүүгүүрээр дүүгүүрдэн филист хүний духыг онов. Чулуу дух уруу нь зоогдон ороход тэр нүүрээрээ газар шаан уналаа. Ийнхүү Давид дүүгүүр болон нэг чулуугаар мөнөөх филист хүнийг ялав. Давидын гарт илд үгүй байтал филист хүнийг тэр цохиж алав. Давид гүйн очоод тэр филист хүний дээр гарч түүний илдийг хуйнаас нь сугалан авч түүнийг алаад толгойг нь тас цавчив. Өөрсдийн тэргүүлэгч дайчин эр үхсэнийг филистчүүд үзээд зугтацгаав.

1 САМУЕЛ 17:1-51 Ариун Библи, 2004 (АБ2004)

Филистчүүд байлдахаар цэргээ цуглуулав. Тэд Иудад харьяалагддаг Сокод цуглаж, Соко болон Азекагийн дунд буй Ефес-Даммимд буудаллав. Саул болон Израилийн эрчүүд цуглаж, Елагийн хөндийд буудаллан, филистчүүдтэй тулалдахаар жагсан ирцгээв. Филистчүүд нэг талын уулан дээр, Израиль нөгөө талын уулан дээр байсан бөгөөд тэдний дунд хөндий байрлаж байв. Тэгэхэд филистчүүдийн цэргүүдээс ирүүл дайчин гарч ирэв. Түүнийг Гатаас ирсэн Голиат гэдэг бөгөөд түүний өндөр нь зургаан тохой нэг сөөм байжээ. Тэрээр толгойдоо зэс дуулга, биедээ таван мянган зэс шекелийн жинтэй хайрст хуяг өмссөн байв. Тэр хөлдөө зэс өвдгөвчтэй бөгөөд мөрөндөө зэс бамбай үүрсэн байв. Түүний жадны иш нь нэхмэлчний гогдогч мод мэт, жадны үзүүр нь зургаан зуун төмөр шекелийн жинтэй байв. Түүний бамбай үүрэгч бас өмнө нь явдаг байв. Голиат зогсож, Израилийн цэргүүд уруу хашхиран —Та нар юунд жагсаж ирэв? Би филист хүн, харин та нар Саулын боолууд биш үү? Өөрсдөөсөө нэг хүнийг сонгож над уруу явуулагтун. Хэрэв тэр хүн надтай тулалдан, намайг албал бид та нарын боол болъё. Харин хэрэв би түүнийг ялж, албал та нар бидний боол болж, бидэнд үйлчлэгтүн гэв. Филист хүн цааш нь —Өнөөдөр би Израилийн хуаранг доромжилж байна. Нэг хүнийг явуулагтун. Халз тулалдъя гэв. Саул болон бүх Израиль энэ филист хүний үгийг сонсоод зориг нь мохож, тэд ихэд айв. Давид бол Иуда дахь Бетлехемийн Ефрат хүн Иесси гэдэг нэртэй хүний хөвгүүн байв. Иесси найман хөвгүүнтэй байжээ. Тэрээр Саулын үед настай, хөгшин болсон байв. Иессийн гурван том хөвгүүн нь Саулыг даган дайнд явсан байв. Дайнд явсан гурван хөвгүүнийх нь нэр гэвэл ууган нь Елиаб, удаах нь Абинадаб, дараах нь Шамма байв. Давид отгон хөвгүүн нь байлаа. Гурван том хүү нь Саулыг дагаж явжээ. Харин Давид Бетлехемд байгаа эцгийнхээ хонийг хариулахын тулд Саул уруу ирэн, очин байв. Өнөө филист хүн дөчин өдрийн турш өглөө, үдэш бүр гарч ирэн өөрийгөө харуулдаг байв. Тэгтэл Иесси хөвгүүн Давиддаа —Ах нартаа зориулж нэг ефа хуурсан будаа, эдгээр арван ширхэг талхыг авч хуаран уруу ах нар уруугаа гүйн оч. Мөн энэ арван ширхэг бяслагийг мянгатын даргад нь хүргэж өгөөд, ах нарынхаа мэндийг мэдээд тэднээс мэдээ авч ир. Учир нь Саул хийгээд ах нар чинь бас бүх Израиль эрчүүд Елагийн хөндийд филистчүүдтэй тулалдаж байгаа юм хэмээн өгүүлэв. Давид өглөө эрт босож, хонин сүргээ хөлсний хоньчинд даатгаад хүнсийг аваад, Иессийн тушааснаар явав. Түүнийг хуарангийн тойрогт ирэхэд цэргүүд уухайлан хашхирч, жагсаалаар гарцгааж байв. Израиль болон филистчүүдийн цэргүүд өөд өөдөөсөө жагсаалаар ирцгээв. Тэгэхэд Давид авчирсан юмаа харуулд үлдээгээд, байлдааны шугам уруу гүйж, ах нарынхаа мэндийг асуухаар очив. Давидыг ах нартайгаа ярилцаж байх яг тэр үед ирүүл дайчин, Голиат гэдэг нэртэй Гатын филист хүн, филистчүүдийн цэрэг жагсаалаас гарч ирэн, урьдын адил үгсийг хэлэхэд Давид түүнийг сонсов. Израилийн бүх эрчүүд тэр хүнийг хараад, түүнээс ихэд айн зугтав. Израилийн эрчүүд —Тэр гарч ирж байгаа хүнийг харав уу? Тэр үнэхээр Израилийг доромжлохоор гарч ирж байна. Түүнийг алсан хүнийг хаан их баялгаар шагнан, түүнд өөрийн охиныг өгч, түүний эцгийн гэрийг Израильд чөлөөлөх болно хэмээв. Тэгэхэд Давид хажуудаа зогсож байсан хүмүүстэй ярин, —Энэ филист хүнийг алж, Израилиас зэмлэлийг арилгах хүнийг яах вэ? Хөвч хөндүүлээгүй энэ филист хүн амьд Бурханы цэргийг доромжлохоор хэн юм бэ? хэмээн өгүүлэв. Хүмүүс түрүүнд хэлсний адилаар —Түүнийг алсан хүнийг ингэх болно хэмээн хариулав. Түүний том ах Елиаб Давидыг хүмүүстэй ярьж байхыг сонсжээ. Елиаб Давидад ихэд уурлан, —Чи яах гэж наашаа ирэв? Талд байгаа хэдэн хонио чи хэнд орхиод ирэв? Би чиний их зан, муу санааг чинь мэднэ. Чи тулалдааныг үзэхээр ирсэн биз дээ? хэмээн загнав. Харин Давид —Би сая юу хийсэн юм бэ? Би зүгээр юм асууж болдоггүй юм уу? хэмээн өгүүлэв. Давид Елиабаас өөр хүн уруу эргэж, өнөөх л зүйлийг асуув. Хүмүүс түрүүчийн нэгэн адил хариу өгөв. Давидын хэлсэн үгийг хүмүүс сонсоод, Саулд мэдүүлсэнд Саул Давидыг дуудан авчруулав. Давид Саулд —Тэр хүнээс болж хэн ч сэтгэлээр бүү унагтун. Таны боол би явж, тэр филист хүнтэй тулалдъя гэв. Тэгэхэд Саул Давидад —Чи тэр филист хүн уруу очиж түүнтэй тулалдаж чадахгүй. Учир нь чи бол залуу, харин тэр бол залуугаасаа цэргийн хүн байсан юм гэв. Гэвч Давид Саулд —Таны боол би эцгийнхээ хонийг хариулж байсан. Арслан, эсвэл баавгай ирээд, хонин сүргээс минь хурга авч явбал, би араас нь хөөн очиж, түүнийг довтолж, хургаа авардаг байв. Хэрэв тэр над уруу дайрвал би сахлаас нь шүүрэн авч, түүнийг цохиж алдаг байв. Таны боол би арслан, баавгайн аль алиныг нь алсан билээ. Тэр хөвч хөндүүлээгүй филист хүн ч амьд Бурханы цэргийг доромжилсноос хойш тэдгээртэй нэгэн адил болох болно хэмээн өгүүлэв. Давид цааш нь —Арслан, баавгайн савраас намайг аварсан ЭЗЭН тэр филист хүний гараас ч намайг аварна гэв. Саул Давидад —Явагтун. ЭЗЭН чамтай хамт байх болтугай хэмээн өгүүлэв. Тэгээд Саул Давидыг өөрийнхөө хувцсаар хувцаслаж, толгойд нь зэс дуулгаа өмсгөж, биед нь хуягаа өмсгөв. Давид Саулын хуягны гадуур Саулын илдийг бүслээд, сураагүй учир алхаж үзэв. Ийнхүү Давид Саулд —Сураагүй учир би үүнийг өмсөн явж чадахгүй нь гээд өмсгөлийг нь тайлжээ. Тэр өөрийнхөө таягийг гартаа авч, горхиноос өөртөө таван мөлгөр чулуу шилж аваад, өөрийнхөө хонины уутанд хийж, дүүгүүрээ гартаа барин, өнөөх филист хүн уруу явав. Тэгэхэд филист хүн ч бамбай баригчаа урдаа зогсоон, Давид уруу ойртож ирэв. Филист хүн харж, Давидыг үзээд түүнийг үл тоомсорлов. Учир нь Давид залуухан, улаа бутарсан, сайхан төрхтэй хөвгүүн байв. Филист хүн Давидад —Чи юунд таяг барьж над уруу ирэв? Би нохой юм уу? гэв. Филист хүн өөрийнхөө бурхдаар Давидыг хараав. Филист хүн Давидад —Нааш ир, би чиний махыг огторгуйн шувууд, хээрийн араатанд өгье хэмээн занав. Давид филист хүнд —Чи илд, бамбай, жад барьж над уруу ирж байгаа бол, харин би чиний доромжилсон Израилийн бүх цэргийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭНий нэрээр чам уруу ирж байна. Өнөөдөр ЭЗЭН чамайг миний гарт өгнө. Би чамайг алаад, чиний толгойг биеэс чинь таслан авна. Өнөөдөр би филист цэргүүдийн хүүрийг огторгуйн шувууд, хээрийн зэрлэг араатанд өгнө. Бүх улс Израильд Бурхан байна гэдгийг мэдэх болно. Энэ цугласан олон ч ЭЗЭН илд, жад хэрэглэлгүй аварна гэдгийг мэдэх буй заа. Энэ тулалдаан бол ЭЗЭНийх бөгөөд ЭЗЭН та нарыг бидний гарт өгнө хэмээв. Филист хүн босож, Давидтай барилцахаар өөдөөс нь ойртож ирэхэд Давид ч филист хүнтэй нүүр тулахаар тулалдааны шугам уруу яаран гүйж ирлээ. Давид уутанд гараа хийж, нэг чулуу аван дүүгүүрээр дүүгүүрдэн, филист хүний духыг онов. Чулуу дух уруу нь зоогдоход тэр нүүрээрээ газар шаан унав. Ийнхүү Давид дүүгүүр болон нэг чулуугаар мөнөөх филист хүнийг ялав. Давидын гарт илд үгүй байтал филист хүнийг тэр цохиж алав. Давид гүйж очин, тэр филист хүний дээр гарч, түүний илдийг хуйнаас нь сугалан авч, түүнийг алан, толгойг нь илдээр цавчин таслав. Өөрсдийн ирүүл дайчин үхсэнийг филистчүүд үзээд зугтацгаав.