1 САМУЕЛ 17

17
1Филистчүүд байлдахаар цэргээ цуглуулав. Тэд Иудад харьяалагддаг Сокод цуглаж, Соко болон Азекагийн дунд буй Ефес-Даммимд буудаллав. 2Саул болон Израилийн эрчүүд цуглаж, Елагийн хөндийд буудаллан, филистчүүдтэй тулалдахаар жагсан ирцгээв. 3Филистчүүд нэг талын уулан дээр, Израиль нөгөө талын уулан дээр байсан бөгөөд тэдний дунд хөндий байрлаж байв. 4Тэгэхэд филистчүүдийн цэргүүдээс ирүүл дайчин гарч ирэв. Түүнийг Гатаас ирсэн Голиат гэдэг бөгөөд түүний өндөр нь зургаан тохой нэг сөөм байжээ. 5Тэрээр толгойдоо зэс дуулга, биедээ таван мянган зэс шекелийн жинтэй хайрст хуяг өмссөн байв. 6Тэр хөлдөө зэс өвдгөвчтэй бөгөөд мөрөндөө зэс бамбай үүрсэн байв. 7Түүний жадны иш нь нэхмэлчний гогдогч мод мэт, жадны үзүүр нь зургаан зуун төмөр шекелийн жинтэй байв. Түүний бамбай үүрэгч бас өмнө нь явдаг байв. 8Голиат зогсож, Израилийн цэргүүд уруу хашхиран
—Та нар юунд жагсаж ирэв? Би филист хүн, харин та нар Саулын боолууд биш үү? Өөрсдөөсөө нэг хүнийг сонгож над уруу явуулагтун. 9Хэрэв тэр хүн надтай тулалдан, намайг албал бид та нарын боол болъё. Харин хэрэв би түүнийг ялж, албал та нар бидний боол болж, бидэнд үйлчлэгтүн гэв. 10Филист хүн цааш нь
—Өнөөдөр би Израилийн хуаранг доромжилж байна. Нэг хүнийг явуулагтун. Халз тулалдъя гэв. 11Саул болон бүх Израиль энэ филист хүний үгийг сонсоод зориг нь мохож, тэд ихэд айв.
12Давид бол Иуда дахь Бетлехемийн Ефрат хүн Иесси гэдэг нэртэй хүний хөвгүүн байв. Иесси найман хөвгүүнтэй байжээ. Тэрээр Саулын үед настай, хөгшин болсон байв. 13Иессийн гурван том хөвгүүн нь Саулыг даган дайнд явсан байв. Дайнд явсан гурван хөвгүүнийх нь нэр гэвэл ууган нь Елиаб, удаах нь Абинадаб, дараах нь Шамма байв. 14Давид отгон хөвгүүн нь байлаа. Гурван том хүү нь Саулыг дагаж явжээ. 15Харин Давид Бетлехемд байгаа эцгийнхээ хонийг хариулахын тулд Саул уруу ирэн, очин байв. 16Өнөө филист хүн дөчин өдрийн турш өглөө, үдэш бүр гарч ирэн өөрийгөө харуулдаг байв.
17Тэгтэл Иесси хөвгүүн Давиддаа
—Ах нартаа зориулж нэг ефа хуурсан будаа, эдгээр арван ширхэг талхыг авч хуаран уруу ах нар уруугаа гүйн оч. 18Мөн энэ арван ширхэг бяслагийг мянгатын даргад нь хүргэж өгөөд, ах нарынхаа мэндийг мэдээд тэднээс мэдээ авч ир. 19Учир нь Саул хийгээд ах нар чинь бас бүх Израиль эрчүүд Елагийн хөндийд филистчүүдтэй тулалдаж байгаа юм хэмээн өгүүлэв.
20Давид өглөө эрт босож, хонин сүргээ хөлсний хоньчинд даатгаад хүнсийг аваад, Иессийн тушааснаар явав. Түүнийг хуарангийн тойрогт ирэхэд цэргүүд уухайлан хашхирч, жагсаалаар гарцгааж байв. 21Израиль болон филистчүүдийн цэргүүд өөд өөдөөсөө жагсаалаар ирцгээв. 22Тэгэхэд Давид авчирсан юмаа харуулд үлдээгээд, байлдааны шугам уруу гүйж, ах нарынхаа мэндийг асуухаар очив. 23Давидыг ах нартайгаа ярилцаж байх яг тэр үед ирүүл дайчин, Голиат гэдэг нэртэй Гатын филист хүн, филистчүүдийн цэрэг жагсаалаас гарч ирэн, урьдын адил үгсийг хэлэхэд Давид түүнийг сонсов. 24Израилийн бүх эрчүүд тэр хүнийг хараад, түүнээс ихэд айн зугтав. 25Израилийн эрчүүд
—Тэр гарч ирж байгаа хүнийг харав уу? Тэр үнэхээр Израилийг доромжлохоор гарч ирж байна. Түүнийг алсан хүнийг хаан их баялгаар шагнан, түүнд өөрийн охиныг өгч, түүний эцгийн гэрийг Израильд чөлөөлөх болно хэмээв.
26Тэгэхэд Давид хажуудаа зогсож байсан хүмүүстэй ярин,
—Энэ филист хүнийг алж, Израилиас зэмлэлийг арилгах хүнийг яах вэ? Хөвч хөндүүлээгүй энэ филист хүн амьд Бурханы цэргийг доромжлохоор хэн юм бэ? хэмээн өгүүлэв. 27Хүмүүс түрүүнд хэлсний адилаар
—Түүнийг алсан хүнийг ингэх болно хэмээн хариулав.
28Түүний том ах Елиаб Давидыг хүмүүстэй ярьж байхыг сонсжээ. Елиаб Давидад ихэд уурлан,
—Чи яах гэж наашаа ирэв? Талд байгаа хэдэн хонио чи хэнд орхиод ирэв? Би чиний их зан, муу санааг чинь мэднэ. Чи тулалдааныг үзэхээр ирсэн биз дээ? хэмээн загнав. 29Харин Давид
—Би сая юу хийсэн юм бэ? Би зүгээр юм асууж болдоггүй юм уу? хэмээн өгүүлэв. 30Давид Елиабаас өөр хүн уруу эргэж, өнөөх л зүйлийг асуув. Хүмүүс түрүүчийн нэгэн адил хариу өгөв.
31Давидын хэлсэн үгийг хүмүүс сонсоод, Саулд мэдүүлсэнд Саул Давидыг дуудан авчруулав. 32Давид Саулд
—Тэр хүнээс болж хэн ч сэтгэлээр бүү унагтун. Таны боол би явж, тэр филист хүнтэй тулалдъя гэв. 33Тэгэхэд Саул Давидад
—Чи тэр филист хүн уруу очиж түүнтэй тулалдаж чадахгүй. Учир нь чи бол залуу, харин тэр бол залуугаасаа цэргийн хүн байсан юм гэв. 34Гэвч Давид Саулд
—Таны боол би эцгийнхээ хонийг хариулж байсан. Арслан, эсвэл баавгай ирээд, хонин сүргээс минь хурга авч явбал, 35би араас нь хөөн очиж, түүнийг довтолж, хургаа авардаг байв. Хэрэв тэр над уруу дайрвал би сахлаас нь шүүрэн авч, түүнийг цохиж алдаг байв. 36Таны боол би арслан, баавгайн аль алиныг нь алсан билээ. Тэр хөвч хөндүүлээгүй филист хүн ч амьд Бурханы цэргийг доромжилсноос хойш тэдгээртэй нэгэн адил болох болно хэмээн өгүүлэв. 37Давид цааш нь
—Арслан, баавгайн савраас намайг аварсан ЭЗЭН тэр филист хүний гараас ч намайг аварна гэв. Саул Давидад
—Явагтун. ЭЗЭН чамтай хамт байх болтугай хэмээн өгүүлэв. 38Тэгээд Саул Давидыг өөрийнхөө хувцсаар хувцаслаж, толгойд нь зэс дуулгаа өмсгөж, биед нь хуягаа өмсгөв. 39Давид Саулын хуягны гадуур Саулын илдийг бүслээд, сураагүй учир алхаж үзэв. Ийнхүү Давид Саулд
—Сураагүй учир би үүнийг өмсөн явж чадахгүй нь гээд өмсгөлийг нь тайлжээ. 40Тэр өөрийнхөө таягийг гартаа авч, горхиноос өөртөө таван мөлгөр чулуу шилж аваад, өөрийнхөө хонины уутанд хийж, дүүгүүрээ гартаа барин, өнөөх филист хүн уруу явав.
41Тэгэхэд филист хүн ч бамбай баригчаа урдаа зогсоон, Давид уруу ойртож ирэв. 42Филист хүн харж, Давидыг үзээд түүнийг үл тоомсорлов. Учир нь Давид залуухан, улаа бутарсан, сайхан төрхтэй хөвгүүн байв. 43Филист хүн Давидад
—Чи юунд таяг барьж над уруу ирэв? Би нохой юм уу? гэв. Филист хүн өөрийнхөө бурхдаар Давидыг хараав. 44Филист хүн Давидад
—Нааш ир, би чиний махыг огторгуйн шувууд, хээрийн араатанд өгье хэмээн занав. 45Давид филист хүнд
—Чи илд, бамбай, жад барьж над уруу ирж байгаа бол, харин би чиний доромжилсон Израилийн бүх цэргийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭНий нэрээр чам уруу ирж байна. 46Өнөөдөр ЭЗЭН чамайг миний гарт өгнө. Би чамайг алаад, чиний толгойг биеэс чинь таслан авна. Өнөөдөр би филист цэргүүдийн хүүрийг огторгуйн шувууд, хээрийн зэрлэг араатанд өгнө. Бүх улс Израильд Бурхан байна гэдгийг мэдэх болно. 47Энэ цугласан олон ч ЭЗЭН илд, жад хэрэглэлгүй аварна гэдгийг мэдэх буй заа. Энэ тулалдаан бол ЭЗЭНийх бөгөөд ЭЗЭН та нарыг бидний гарт өгнө хэмээв. 48Филист хүн босож, Давидтай барилцахаар өөдөөс нь ойртож ирэхэд Давид ч филист хүнтэй нүүр тулахаар тулалдааны шугам уруу яаран гүйж ирлээ. 49Давид уутанд гараа хийж, нэг чулуу аван дүүгүүрээр дүүгүүрдэн, филист хүний духыг онов. Чулуу дух уруу нь зоогдоход тэр нүүрээрээ газар шаан унав.
50Ийнхүү Давид дүүгүүр болон нэг чулуугаар мөнөөх филист хүнийг ялав. Давидын гарт илд үгүй байтал филист хүнийг тэр цохиж алав. 51Давид гүйж очин, тэр филист хүний дээр гарч, түүний илдийг хуйнаас нь сугалан авч, түүнийг алан, толгойг нь илдээр цавчин таслав. Өөрсдийн ирүүл дайчин үхсэнийг филистчүүд үзээд зугтацгаав. 52Израиль болон Иуда хүмүүс босож, уухайлан хашхирч, филистчүүдийг хөндий, Екроны хаалга хүртэл хөөв. Шаараимаас Гат болон Екрон хүртэлх замаар алагдсан филистчүүд унацгаасан байв. 53Израилийн хөвгүүд филистчүүдийг хөөхөө болин буцаж ирээд, филистчүүдийн хуарангуудыг дээрэмдэв. 54Дараа нь Давид нөгөө филист хүний толгойг авч, Иерусалимд авч ирсэн ба харин зэвсгийг нь майхандаа тавив.
55Саул Давидыг тэрхүү филист хүний эсрэг гарч явахыг хараад цэргийн жанжин Абнераас
—Абнер аа, энэ залуу хэний хөвгүүн бэ? хэмээн асуув. Абнер
—Хаантан минь, таны амиар тангараглая. Би мэдэхгүй гэв. 56Тэгээд хаан
—Чи тэр залууг хэний хөвгүүн болохыг асуугтун хэмээн тушаав. 57Давид тэр филист хүнийг алаад буцаж ирсэнд Абнер түүнийг Саулын өмнө дагуулан очив. Давид филист хүний толгойг гартаа барьсан байв. 58Саул Давидаас
—Залуу минь, чи хэний хөвгүүн бэ? хэмээн асуусанд Давид
—Би таны боол Бетлехемийн хүн Иессийн хөвгүүн юм хэмээн хариулжээ.

Одоогоор Сонгогдсон:

1 САМУЕЛ 17: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү