ХААДЫН ДЭЭД 11:5-43

ХААДЫН ДЭЭД 11:5-43 Ариун Библи 2013 (АБ2013)

Ингээд Соломон сидончуудын охинтэнгэр Ашторэт, аммончуудын жигшүүрт шүтээн Милкомыг дагав. ЭЗЭНийг Соломон эцэг Давид шигээ үнэнчээр дагалгүй, ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэв. Дараа нь Соломон Моабын жигшүүрт шүтээн Хемошт болон Аммоны хөвгүүдийн жигшүүрт шүтээн Молехт зориулан Иерусалимын зүүн зүгт орших уулан дээр мөргөлийн өндөрлөг босгов. Өөрсдийн бурхдад утлага ба нядлах тахил өргөж байсан бүх харь эхнэрүүддээ Соломон мөн тийнхүү хандав. Соломон зүрх сэтгэлээ Израилийн Бурхан ЭЗЭНээс эргүүлсэн тул ЭЗЭН Соломонд хилэгнэжээ. ЭЗЭН түүнд хоёр ч удаа үзэгдэн, өөр бурхдыг бүү дага гэж тушаасан боловч ЭЗЭНий тушаалыг Соломон сахисангүй. Тэгэхэд ЭЗЭН, Соломонд —Нэгэнт чи үүнийг үйлдэж, Миний гэрээг бас чамд тушаасан журмыг минь сахиагүй учир Би чамаас хаанчлалыг зайлшгүй таслан авч, зарцад чинь өгөх болно. Гагцхүү чиний эцэг Давидын тусын тулд Би үүнийг чиний өдрүүдэд хийхгүй, харин чиний хөвгүүний гараас Би үүнийг тастан авах болно. Гэвч Би хаанчлалыг бүхэлд нь таслан авахгүй, харин Өөрийн боол Давидын төлөө ба Өөрийн сонгосон Иерусалимын төлөө нэг овгийг чиний хөвгүүнд өгнө гэж айлдлаа. Үүний дараа ЭЗЭН, едом хүн Хададыг Соломоны сөргөлдөгч болгов. Тэр Едомд хааны удмын хүн байв. Урьд нь Давид Едомыг цохих үед цэргийн жанжин Иоаб алагдагсдыг нутаглуулахаар очихдоо, Едомд байсан бүх эрчүүдийг хүйс тэмтрэхэд (Учир нь Иоаб болон бүх Израиль Едомын бүх эрчүүдийг хүйс тэмтэрч дуустлаа зургаан сарын турш тэндээ байсан юм.) Хадад эцгийнхээ зарц болох хэсэг едомын хамт Египет уруу зугтан гарсан билээ. Тэр үед Хадад балчир хөвгүүн байв. Тэд Мидианаас босон гарч Паранд ирээд, тэндээс хэдэн эрийг дагуулан Египетэд ирж Египетийн хаан Фараонд бараалхсанд Фараон түүнд гэр орон өгч, түүнийг хоол хүнсээр хангаж мөн газар ч өгчээ. Хадад, Фараоны таалалд маш их нийцсэн тул Фараон түүнд өөрийн эхнэр Тахпенез хатны дүүг эхнэр болгон өгчээ. Тахпенезын охин дүү түүнд хүү Генубатыг төрүүлсэнд Тахпенез түүнийг Фараоны ордонд тэжээн хөхнөөс гаргасан ажээ. Генубат, Фараоны ордонд Фараоны хөвгүүдтэй хамт өслөө. Харин Хадад Египетэд байхдаа Давидыг эцэг өвгөдтэйгөө нойрсож, цэргийн жанжин Иоабыг үхсэн гэдгийг сонсоод —Намайг төрсөн нутагт минь явуулаач гэж Фараонд хэлэв. Тэгэхэд Фараон түүнд —Надтай хамт байхад чамд юу дутлаа гэж чи нутагтаа буцах гээд байна? гэв. Хадад —Үгүй дээ, гэлээ ч намайг заавал явуулж өгөөч гэж хариулжээ. Бурхан бас өөр нэг хүнийг буюу өөрийн эзэн Зобагийн хаан Хададезераас зугтсан, Елиадагийн хүү Резоныг Соломоны өстөн болгон босгов. Зобад харьяалагдах хүмүүсийг Давид устгасны дараа Резон хүмүүс цуглуулж дээрэмчдийн бүлгийн толгойлогч болжээ. Тэд Дамаскт очиж суурьшаад, Дамаскийг хаад лугаа адил захирч байв. Соломоны амьдралынх нь турш Резон, Израилийн сөргөлдөгч байсан бөгөөд Хададын үйлдсэн шиг бузар мууг хийн, Израилийг зэвүүцэж байлаа. Тэр мөн Арамын хаан болжээ. Соломоны албан хаагч байсан, Небатын хүү Иеробоам бас хааны эсрэг нударгаа өргөв. Тэр Зередагийн ефраим хүн бөгөөд түүний эх нь бэлэвсэн эмэгтэй Зеруа байв. Хааны эсрэг босох болсон шалтгаан нь энэ болой. Соломон, Миллог барьж босгон, эцэг Давидынхаа хотын хэрмэн дэх цөмөрсөн хэсгийг битүүлж байсан юм. Иеробоам чадвартай хүн байсан бөгөөд Соломон энэ залуугийн хөдөлмөрч байдлыг хараад, түүнийг Иосефын гэрийн бүх хөлсний ажилчдын дээр тавьжээ. Тэр үед Иеробоамыг Иерусалимаас гарч явж байхад нь эш үзүүлэгч, Шилогийн хүн Ахиа түүнтэй зам дээр уулзжээ. Ахиа шинэ дээл өмссөн байв. Хээр газар тэр хоёр хоёулхнаа байхад Ахиа өөрийн өмсөж явсан шинэ дээлээ тайлж арван хоёр хэсэг болгон урлаа. Тэрээр Иеробоамд —Энэ арван хэсгийг чи өөртөө ав. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН “Үзэгтүн. Би Соломоны гараас хаанчлалыг нь салгаж, арван овгийг нь чамд өгөх болно. Гэвч Миний зарц Давидын тусын тулд мөн Израилийн бүх овгуудаас Миний сонгосон хот Иерусалимын төлөө зөвхөн нэг л овгийг түүнд үлдээнэ. Учир нь тэд Намайг орхин сидончуудын охинтэнгэр Ашторэт, Моабын бурхан Хемош, Аммоны хөвгүүдийн бурхан Милкомд мөргөж, Миний замаар явсангүй. Эцэг Давид шигээ Миний мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдсэнгүй. Миний зарлиг, Миний тогтоолыг сахисангүй. Харин Миний тушаал болоод журмыг сахиж байсан Өөрийн минь сонгосон зарц Давидынхаа төлөө Соломоны амьдралынх нь бүх өдрүүдэд түүний гараас бүхэл хаанчлалыг авахгүй, харин Би түүнийг ноён хэвээр байлгана. Харин Би хүүгийнх нь гараас хаанчлалыг авч, арван овгийг чамд өгөх болно. Өөрийн нэрийг байлгахын тулд Миний сонгосон хот Иерусалимд зарц Давид минь Миний өмнө үргэлж гэрэлтэж байхын тулд нэг овгийг Би Соломоны хүүд өгнө. Би чамайг авах бөгөөд чи хүсэж буй бүгдийнхээ дээр хаан болон захирч, Израилийн дээр хаанчлах болно. Тэгээд Миний чамд тушаасан бүхнийг чи сонсож, Миний замаар явж, Миний журам болоод тушаалуудыг Миний зарц Давид шиг мөрдөн Миний мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдвэл Би чамтай хамт байх болно. Би Давидад барьж өгсөн шиг мөнхийн гэрийг чамд босгон өгч, Израилийг чамд даатгана. Соломоны үйлдсэн гэмээс болж Давидын үр хүүхдүүдийг Би ингэж зовоох боловч үргэлжид ийм байхгүй” гэж айлдсан гэв. Үүний учир Соломон, Иеробоамыг алах гэж эрсэн боловч Иеробоам босож, Египет уруу, Египетийн хаан Шишак уруу зугтан Соломоныг үхэх хүртэл Египетэд хоргодож байв. Соломоны бусад үйл хэрэг, хийсэн бүхэн мөн түүний мэргэн ухаан нь Соломоны түүхийн номд бичигдсэн бус уу? Соломон Иерусалимд суун хамаг Израилийг захирсан хугацаа нь дөчин жил байв. Соломон эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, түүнийг эцэг Давидынх нь хотод тавьжээ. Хүү Рехобоам нь түүний оронд хаан болов.

ХААДЫН ДЭЭД 11:5-43 Ариун Библи, 2004 (АБ2004)

Ингээд Соломон сидончуудын охин тэнгэр Ашторет, аммончуудын жигшүүрт шүтээн Милкомыг шүтэв. Соломон ЭЗЭНий мэлмийн өмнө бузар муу зүйл үйлдэн, эцэг Давид шигээ ЭЗЭНийг гүйцэд дагасангүй. Дараа нь Соломон Моабын жигшүүрт шүтээн Хемошд болон Аммоны хөвгүүдийн жигшүүрт шүтээн Молехт зориулан Иерусалимын зүүн зүгт байх уулан дээр мөргөлийн өндөрлөг босгов. Өөрсдийн бурхдад утлага шатаан, тахил өргөж байсан харь орны бүх эхнэрүүддээ зориулан Соломон тийнхүү хандав. Соломоны зүрх сэтгэл Израилийн Бурхан ЭЗЭНээс урвасан тул ЭЗЭН Соломонд хилэгнэсэн. ЭЗЭН түүнд хоёр ч удаа үзэгдэн, өөр бурхдыг бүү дага гэж тушаасан боловч Соломон ЭЗЭНий тушаалыг сахисангүй. ЭЗЭН Соломонд —Чи үүнийг үйлдэн Миний чамд тушаасан Миний гэрээ зааврыг чи сахиагүй учир Би чамаас хаанчлалыг үнэхээр тастан авч, зарцад чинь өгөх болно. Гагцхүү чиний эцэг Давидын тусын тулд Би үүнийг чиний өдрүүдэд хийхгүй, харин чиний хөвгүүний гараас Би үүнийг тастан авах болно. Гэвч Би хаанчлалыг бүхэлд нь тастан авахгүй, харин Өөрийн боол Давидын төлөө ба Өөрийн сонгосон Иерусалимын төлөө нэг овгийг чиний хөвгүүнд өгнө гэж айлдлаа. Үүний дараа, ЭЗЭН едом хүн Хададыг Соломоны өстөн болгов. Тэр Едомд сурвалжит гаралтай хүн байв. Урьд нь Давидыг Едомд байх үед цэргийн жанжин Иоаб алагдагсдыг оршуулахаар очихдоо Едомд байсан бүх эрчүүдийг хүйс тэмтрэхэд (Учир нь Иоаб болон бүх Израиль Едомын бүх эрчүүдийг хүйс тэмтэрч дуустлаа зургаан сарын турш тэндээ байсан юм) Хадад эцгийнх нь түшмэд болох хэсэг едомчуудын хамт Египет уруу зугтан гарсан билээ. Тэр үед Хадад балчир хөвгүүн байв. Тэд Мидианаас босон гарч Паранд ирээд, тэндээс хэдэн эрчүүдийг дагуулан Египетэд хүрч ирээд, Египетийн хаан Фараонд бараалхсанд Фараон түүнд гэр орон өгч, түүнийг хоол хүнсээр хангаж, мөн газар ч өгчээ. Хадад Фараоны таалалд маш их нийцсэн тул Фараон түүнд өөрийн эхнэр Тахпенез хатны дүүг өгч гэрлүүлэв. Тахпенезын охин дүү түүнд хүү Генубатыг төрүүлсэнд Тахпенез түүнийг Фараоны ордонд тэжээн хөхнөөс гаргасан ажээ. Генубат Фараоны ордонд Фараоны хөвгүүдтэй хамт өслөө. Харин Хадад Египетэд байхдаа Давидыг өвөг эцгүүдтэйгээ нойрсож, цэргийн жанжин Иоабыг үхсэн гэдгийг сонсоод, —Намайг төрсөн нутаг уруу минь явуулаач гэж Фараоноос хүсэв. Тэгэхэд Фараон түүнд —Надтай хамт байхад чамд юу дутагдсан гээд чи өөрийн нутаг уруу буцахыг хүснэ вэ? гэв. Хадад —Дутагдах зүйл огтхон ч байсангүй, гэхдээ та намайг заавал явуулах ёстой гэж хариулжээ. Бурхан бас өөр нэг хүнийг буюу өөрийн эзэн Зобагийн хаан Хададезераас зугтсан Елиадагийн хүү Резоныг Соломоны өстөн болгон босгов. Давидыг Зобад харьяалагдах хүмүүсийг устгасны дараа Резон хүмүүс цуглуулж, дээрэмчдийн бүлгийн толгойлогч болов. Тэд Дамаскт очин суурьшиж Дамаскийг захирчээ. Соломоны амьдралынх нь турш Хададын үйлдсэн бузар муутай хамт Резон Израильд дайсагнан байлаа. Тэрээр Израильд дайсагнасаар, мөн Арамыг захирч байлаа. Соломоны зарц байсан, Небатын хүү Иеробоам бас хааны эсрэг босов. Тэр Зередагийн ефраим хүн бөгөөд түүний эх нь бэлэвсэн эмэгтэй Зеруа байв. Хааны эсрэг босох болсон шалтгаан нь энэ болой. Соломон Миллог барьж, эцэг Давидынхаа хотын хэрмэн дэх цөмөрсөн хэсгийг битүүлж байсан юм. Тэр үед Иеробоам зоригтой дайчин эр байсан бөгөөд Соломон энэ залуугийн хөдөлмөрч байдлыг хараад, түүнийг Иосефын гэрийн бүх хөлсний ажилчдын дээр тавьжээ. Тэр үед Иеробоамыг Иерусалимаас гарч явж байхад нь шилон хүн Ахиа эш үзүүлэгч түүнтэй зам дээр уулзсан. Тэр хоёр тэр газар хоёулхнаа байсан бөгөөд Ахиа шинэ дээл өмссөн байв. Тэгээд Ахиа өөрийн өмсөж явсан шинэ дээлээ тайлж, арван хоёр хэсэг болгон урлаа. Тэрээр Иеробоамд —Энэ арван хэсгийг чи өөртөө ав. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна. “Үзэгтүн. Би Соломоны гараас хаанчлалыг нь салган, арван овгийг нь чамд өгөх болно. (Гэвч Миний боол Давидын тусын тулд мөн Израилийн бүх овгуудаас Миний сонгосон хот Иерусалимыг бодон, зөвхөн нэг л овгийг түүнд үлдээнэ.) Учир нь тэд эцэг Давид шигээ амьдарч, Миний тогтоол заавруудыг сахин, Миний мэлмийн өмнө зөв зүйлийг хийж, Миний замаар явалгүй Намайг умартан сидончуудын охин тэнгэр Ашторет, Моабын бурхан Хемош, Аммоны хөвгүүдийн бурхан Милкомыг шүтсэн. Харин Миний тушаал заавруудыг сахиж байсан Миний сонгосон Миний зарц Давидыг бодож Соломоныг амьдралынх нь туршид түүний гараас бүх хаанчлалыг авахгүй, хаан хэвээр үлдээнэ. Харин Би хүүгийнх нь гараас хаанчлалыг булаан, арван овгийг чамд өгөх болно. Нэг овгийг Соломоны хүүд өгнө. Тэгвэл Өөрийн нэрээ байлгах гэж Миний сонгосон Иерусалимд Миний зарц Давид миний өмнө үргэлж гэрэлтэх болно. Би чамайг авч, чи өөрийн хүсэж буй бүгдийг захирч Израилийн дээр хаан болох болно. Тэгээд Миний зарц Давид шиг чамд Миний тушаасан бүхнийг чи сонсон, Миний замаар явж, Миний тушаал, заавруудыг мөрдсөнөөр Миний мэлмийн өмнө зөвийг үйлдвэл Би чамтай хамт байх болно. Би Давидад барьж өгсөн шиг мөнхийн гэрийг чамд босгон өгч, Израилийг чамд даатгана. Соломоны үйлдсэн гэмээс болж Давидын үр хүүхдүүдийг Би ингэж зовоох боловч, үргэлжид ийм байхгүй” гэж айлдсан гэв. Үүний учир Соломон, Иеробоамыг алах гэж эрсэн боловч Иеробоам босож, Египетийн хаан Шишак уруу зугтан Египет уруу Соломоныг үхэх хүртэл Египетэд хоргодож байв. Соломоны хийсэн ажлууд, мэргэн ухаан зэрэг өөр бусад үйлсийг Соломоны үйлсийг тэмдэглэсэн номд бичээгүй гэж үү? Соломон Иерусалимд суун, бүх Израилийг захирсан хугацаа нь дөчин жил байв. Соломон эцэг өвгөдийн хамт нойрсож, эцэг Давидынхаа хотод оршуулагджээ. Түүний хүү Рехобоам түүний оронд хаан болов.