1Хаад 11

11
Соломоны алдас
1Харин Соломон хаан Фараоны охины хажуугаар моаб, аммон, едом, сидон, хит гэх мэт олон харь эмэгтэйг хайрладаг байлаа.#Дх 17:17 2Эдгээр үндэстнүүдийн талаар ЭЗЭН Израилийн хөвгүүдэд хандан “Та нар тэдэнтэй мөн тэд ч та нартай холбогдож болохгүй. Учир нь тэд та нарын зүрх сэтгэлийг өөрсдийнхөө бурхад уруу заавал хөтлөх болно” гэж хэлж байсан билээ. Эдэнтэй Соломон хайр дурлалаар холбогдсон байлаа.#Гэт 34:16; Дх 7:3–4 3Тэрээр сурвалжит удамтай долоон зуун эхнэртэй бас гурван зуун татвар эмтэй байсан бөгөөд эхнэрүүд нь түүний зүрх сэтгэлийг урвуулжээ. 4Соломоныг хөгшрөхөд эхнэрүүд нь түүний сэтгэлийг өөр бурхад уруу хандуулсан учир түүний зүрх сэтгэл Бурханы төлөө эцэг Давидынхаа зүрх сэтгэл шиг бүрэн зориулагдсангүй. 5Ингээд Соломон сидончуудын охинтэнгэр Ашторэт, аммончуудын жигшүүрт шүтээн Милкомыг дагав. 6ЭЗЭНийг Соломон эцэг Давид шигээ үнэнчээр дагалгүй, ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэв. 7Дараа нь Соломон Моабын жигшүүрт шүтээн Хемошт болон Аммоны хөвгүүдийн жигшүүрт шүтээн Молехт зориулан Иерусалимын зүүн зүгт орших уулан дээр мөргөлийн өндөрлөг босгов. 8Өөрсдийн бурхдад утлага ба нядлах тахил өргөж байсан бүх харь эхнэрүүддээ Соломон мөн тийнхүү хандав.
9Соломон зүрх сэтгэлээ Израилийн Бурхан ЭЗЭНээс эргүүлсэн тул ЭЗЭН Соломонд хилэгнэжээ. ЭЗЭН түүнд хоёр ч удаа үзэгдэн, 10өөр бурхдыг бүү дага гэж тушаасан боловч ЭЗЭНий тушаалыг Соломон сахисангүй. 11Тэгэхэд ЭЗЭН, Соломонд
—Нэгэнт чи үүнийг үйлдэж, Миний гэрээг бас чамд тушаасан журмыг минь сахиагүй учир Би чамаас хаанчлалыг зайлшгүй таслан авч, зарцад чинь өгөх болно. 12Гагцхүү чиний эцэг Давидын тусын тулд Би үүнийг чиний өдрүүдэд хийхгүй, харин чиний хөвгүүний гараас Би үүнийг тастан авах болно. 13Гэвч Би хаанчлалыг бүхэлд нь таслан авахгүй, харин Өөрийн боол Давидын төлөө ба Өөрийн сонгосон Иерусалимын төлөө нэг овгийг чиний хөвгүүнд өгнө гэж айлдлаа.
Соломоны өстнүүд
14Үүний дараа ЭЗЭН, едом хүн Хададыг Соломоны сөргөлдөгч болгов. Тэр Едомд хааны удмын хүн байв. 15Урьд нь Давид Едомыг цохих үед цэргийн жанжин Иоаб алагдагсдыг нутаглуулахаар очихдоо, Едомд байсан бүх эрчүүдийг хүйс тэмтрэхэд 16(Учир нь Иоаб болон бүх Израиль Едомын бүх эрчүүдийг хүйс тэмтэрч дуустлаа зургаан сарын турш тэндээ байсан юм.) 17Хадад эцгийнхээ зарц болох хэсэг едомын хамт Египет уруу зугтан гарсан билээ. Тэр үед Хадад балчир хөвгүүн байв. 18Тэд Мидианаас босон гарч Паранд ирээд, тэндээс хэдэн эрийг дагуулан Египетэд ирж Египетийн хаан Фараонд бараалхсанд Фараон түүнд гэр орон өгч, түүнийг хоол хүнсээр хангаж мөн газар ч өгчээ. 19Хадад, Фараоны таалалд маш их нийцсэн тул Фараон түүнд өөрийн эхнэр Тахпенез хатны дүүг эхнэр болгон өгчээ. 20Тахпенезын охин дүү түүнд хүү Генубатыг төрүүлсэнд Тахпенез түүнийг Фараоны ордонд тэжээн хөхнөөс гаргасан ажээ. Генубат, Фараоны ордонд Фараоны хөвгүүдтэй хамт өслөө. 21Харин Хадад Египетэд байхдаа Давидыг эцэг өвгөдтэйгөө нойрсож, цэргийн жанжин Иоабыг үхсэн гэдгийг сонсоод
—Намайг төрсөн нутагт минь явуулаач гэж Фараонд хэлэв. 22Тэгэхэд Фараон түүнд
—Надтай хамт байхад чамд юу дутлаа гэж чи нутагтаа буцах гээд байна? гэв. Хадад
—Үгүй дээ, гэлээ ч намайг заавал явуулж өгөөч гэж хариулжээ.#11:22 ЭНО-д Тэгээд нутагтаа буцжээ. Еврейд нь ийм үг байхгүй. 23Бурхан бас өөр нэг хүнийг буюу өөрийн эзэн Зобагийн хаан Хададезераас зугтсан, Елиадагийн хүү Резоныг Соломоны өстөн болгон босгов. 24Зобад харьяалагдах хүмүүсийг Давид устгасны дараа Резон хүмүүс цуглуулж дээрэмчдийн бүлгийн толгойлогч болжээ. Тэд Дамаскт очиж суурьшаад, Дамаскийг хаад лугаа адил захирч байв. 25Соломоны амьдралынх нь турш Резон, Израилийн сөргөлдөгч байсан бөгөөд Хададын үйлдсэн шиг бузар мууг хийн, Израилийг зэвүүцэж байлаа. Тэр мөн Арамын хаан болжээ.
Иеробоамын бослого
26Соломоны албан хаагч байсан, Небатын хүү Иеробоам бас хааны эсрэг нударгаа өргөв. Тэр Зередагийн ефраим хүн бөгөөд түүний эх нь бэлэвсэн эмэгтэй Зеруа байв. 27Хааны эсрэг босох болсон шалтгаан нь энэ болой. Соломон, Миллог барьж босгон, эцэг Давидынхаа хотын хэрмэн дэх цөмөрсөн хэсгийг битүүлж байсан юм. 28Иеробоам чадвартай хүн байсан бөгөөд Соломон энэ залуугийн хөдөлмөрч байдлыг хараад, түүнийг Иосефын гэрийн бүх хөлсний ажилчдын дээр тавьжээ. 29Тэр үед Иеробоамыг Иерусалимаас гарч явж байхад нь эш үзүүлэгч, Шилогийн хүн Ахиа түүнтэй зам дээр уулзжээ. Ахиа шинэ дээл өмссөн байв. Хээр газар тэр хоёр хоёулхнаа байхад 30Ахиа өөрийн өмсөж явсан шинэ дээлээ тайлж арван хоёр хэсэг болгон урлаа. 31Тэрээр Иеробоамд
—Энэ арван хэсгийг чи өөртөө ав. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН “Үзэгтүн. Би Соломоны гараас хаанчлалыг нь салгаж, арван овгийг нь чамд өгөх болно. 32Гэвч Миний зарц Давидын тусын тулд мөн Израилийн бүх овгуудаас Миний сонгосон хот Иерусалимын төлөө зөвхөн нэг л овгийг түүнд үлдээнэ. 33Учир нь тэд#11:33 ЭЗО-д Соломон Намайг орхин сидончуудын охинтэнгэр Ашторэт, Моабын бурхан Хемош, Аммоны хөвгүүдийн бурхан Милкомд мөргөж, Миний замаар явсангүй. Эцэг Давид шигээ Миний мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдсэнгүй. Миний зарлиг, Миний тогтоолыг сахисангүй. 34Харин Миний тушаал болоод журмыг сахиж байсан Өөрийн минь сонгосон зарц Давидынхаа төлөө Соломоны амьдралынх нь бүх өдрүүдэд түүний гараас бүхэл хаанчлалыг авахгүй, харин Би түүнийг ноён хэвээр байлгана. 35Харин Би хүүгийнх нь гараас хаанчлалыг авч, арван овгийг чамд өгөх болно. 36Өөрийн нэрийг байлгахын тулд Миний сонгосон хот Иерусалимд зарц Давид минь Миний өмнө үргэлж гэрэлтэж байхын тулд нэг овгийг Би Соломоны хүүд өгнө. 37Би чамайг авах бөгөөд чи хүсэж буй бүгдийнхээ дээр хаан болон захирч, Израилийн дээр хаанчлах болно. 38Тэгээд Миний чамд тушаасан бүхнийг чи сонсож, Миний замаар явж, Миний журам болоод тушаалуудыг Миний зарц Давид шиг мөрдөн Миний мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдвэл Би чамтай хамт байх болно. Би Давидад барьж өгсөн шиг мөнхийн гэрийг чамд босгон өгч, Израилийг чамд даатгана. 39Соломоны үйлдсэн гэмээс болж Давидын үр хүүхдүүдийг Би ингэж зовоох боловч үргэлжид ийм байхгүй” гэж айлдсан гэв. 40Үүний учир Соломон, Иеробоамыг алах гэж эрсэн боловч Иеробоам босож, Египет уруу, Египетийн хаан Шишак уруу зугтан Соломоныг үхэх хүртэл Египетэд хоргодож байв.
Соломон нас барав
(2Шс 9:29–31)
41Соломоны бусад үйл хэрэг, хийсэн бүхэн мөн түүний мэргэн ухаан нь Соломоны түүхийн номд бичигдсэн бус уу? 42Соломон Иерусалимд суун хамаг Израилийг захирсан хугацаа нь дөчин жил байв. 43Соломон эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, түүнийг эцэг Давидынх нь хотод тавьжээ. Хүү Рехобоам нь түүний оронд хаан болов.

Одоогоор Сонгогдсон:

1Хаад 11: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү