ЗЕХАРИА 11
11
1Ливан аа, хаалгуудаа онгойлго.
Хуш моддыг чинь гал залгиг.
2Агар мод оо, уйлагтун.
Учир нь хуш мод унаж,
сүр жавхлант модод устгагдлаа.
Башаны царс модод оо уйлагтун.
Түнэр ой доош буув.
3Сүр жавхлан нь сүйтгэгдсэнд тэнд хоньчдын уйлах дуулдана.
Иорданы бардамнал сүйрсэн тул залуу арслангуудын хүрхрэх нь сонсдоно.
4Миний Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Сүргийг нядлагдах үйл уруу нь хариул. 5Тэднийг худалдан авч, нядлагсад нь шийтгүүлэлгүй явж, тэднийг худалдсан хүмүүс нь «ЭЗЭН ерөөгдөх болтугай. Учир нь би баяжив» гэлцэнэ. Тэднийг өрөвдөх сэтгэл хоньчдод нь байхгүй. 6Би энэ газрын оршин суугчдыг цаашид өрөвдөхгүй” гэж ЭЗЭН тунхаглаад “Гэвч үзэгтүн, Би хүмүүсийг бие биеийнх нь гарт, хааных нь гарт унагана. Тэд тэр газрыг цохино. Би тэдний гараас тэднийг аврахгүй” гэв. 7Би сүргийг нядлах үйл уруу нь хариулсан учир сүрэг зовов. Би өөртөө хоёр таяг авав. Нэгийг нь Би Тааламж гэж дуудаад, нөгөөг нь Нэгдэл гэж дуудав. Ингээд Би сүргээ хариулав. 8Дараа нь Би ганц сарын дотор гурван хоньчинг хядав. Учир нь миний сэтгэл тэднийг тэвчсэнгүй, тэдний сэтгэл ч надаас болж ядрав. 9Тэгээд би “Би та нарыг хариулахгүй. Үхэх ёстой нь үхэг, хядагдах ёстой нь хядагдаг. Үлдэгсэд нь нэг нэгнийхээ махыг идэг” гэв. 10Би өөрийн таяг болох Тааламжийг авч, бүх ард түмнүүдтэй байгуулсан Өөрийн гэрээг цуцлахын тулд түүнийг хэсэг болгон хугалав. 11Ингээд энэ нь тэр өдөр цуцлагдсан бөгөөд намайг харж байсан сүргийн зовогсод нь энэ бол ЭЗЭНий үг байсныг ойлгов. 12Би тэдэнд “Хэрэв энэ нь та нарт сайн гэж үзэгдвэл надад хөлсийг минь өг. Харин, хэрэв үгүй бол боль” гэв. Ингээд тэд миний хөлс гэж гучин мөнгөн шекелийг хэмжив. 13ЭЗЭН надад “Би тэднээр үнэлүүлсэн энэхүү гайхамшигт үнэ хөлсийг ваарчин уруу шид” гэв. Ингээд би гучин мөнгөн шекел авч, ЭЗЭНий өргөөн дотор ваарчин уруу чулуудав. 14Дараа нь Иуда ба Израилийн хоорондын ах дүүсийн барилдлагааг эвдэхийн тулд би өөрийн хоёр дахь таяг болох Нэгдлийг хэсэг болгон хугалав.
15ЭЗЭН надад “Тэнэг хоньчны хэрэгслийг өөртөө дахин ав. 16Үзэгтүн! Сүйрснийг ойшоодоггүй, бутарсныг хайдаггүй, хугарсныг эмчилдэггүй, зогсогч нэгнийг нь дэмждэггүй атлаа харин тарган хонины махыг идэж, туурайг нь тастах хоньчинг Би энэ газарт босгох гэж байна.
17Сүргээ орхигч зохисгүй хоньчин хөөрхийлөлтэй еэ!
Түүний гар болон баруун нүдэн дээр нь илд байх болно!
Түүний гар нь бүхлээрээ хатаж,
баруун нүд нь сохор болно”.
Одоогоор Сонгогдсон:
ЗЕХАРИА 11: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society