ЗЕХАРИА 1

1
1Дариусын хоёр дахь жилийн наймдугаар сард ЭЗЭНий үг Иддогийн ач, Берехиагийн хөвгүүн, эш үзүүлэгч Зехариад ирж, айлдсан нь
2Чиний өвөг дээдэст ЭЗЭН ихэд хилэгнэсэн. 3Тиймээс тэдэнд хэл. “Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Над уруу эргэгтүн» хэмээн түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаад «Тэгвэл Би та нар уруу эргэх юм» гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. 4«”Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Одоо та нар нүгэлт замаасаа болон хилэнцэт үйлсээсээ эргэгтүн»” хэмээн эртний эш үзүүлэгчид та нарын өвөг дээдэст зарласан боловч тэд Намайг сонсоогүй, анхаарсангүй. Тэрхүү өвгөдийнхөө адил бүү байгтун» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 5«Хаана байна, өвөг дээдэс чинь? Эш үзүүлэгчид мөнх амьдардаг уу? 6Гэвч Би Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдэд тушаасан Миний үгс, захирамжууд эцэг өвгөдийн чинь дээр буугаагүй гэж үү? Тэгээд тэд гэмшин, “Бидний зам, бидний үйлсийн дагуу бидэнд үйлдэхээр түмэн цэргийн ЭЗЭНий төлөвлөсөнчлөн ийнхүү Тэр бидэнд ханджээ” хэмээсэн юм»”.
7Дариусын хоёр дахь жилд, Шебат сар буюу арван нэгдүгээр сарын хорин дөрөвний өдөр ЭЗЭНий үг нь Иддогийн ач, Берехиагийн хөвгүүн эш үзүүлэгч Зехариад ирсэн: 8Би шөнөөр харав. Үзэгтүн, улаан морь унасан хүн байсан бөгөөд хавцал дахь мирт моддын дунд зогсож байв. Түүний ард улаан, хээр, цагаан морь байв. 9Би
—Эзэн минь, эдгээр нь юу вэ? хэмээсэнд надтай ярилцаж байсан тэнгэр элч надад
—Эдгээр нь юу болохыг би чамд үзүүлье гэв. 10Мирт моддын дунд зогсож байсан өнөөх хүн
—Эдгээрийг дэлхий даяар явуулахаар ЭЗЭН илгээсэн юм хэмээн хариулав. 11Мирт моддын дунд зогсож байсан ЭЗЭНий тэнгэр элчид хандан тэд
—Бид дэлхий даяар явлаа. Үзэгтүн, бүх дэлхий амар тайван, нам гүм байна гэж хариулав.
12Дараа нь ЭЗЭНий тэнгэр элч
—Түмэн цэргийн ЭЗЭН, эдгээр далан жилүүдээр зэвүүцэгдэн байсан Иерусалим болон Иудагийн хотуудыг Та хэдий болтол өрөвдөхгүй байх юм бэ? гэсэнд 13надтай ярилцаж байсан мөнөөх тэнгэр элчид ЭЗЭН сайн үг, тааламжит үгсээр хариулав. 14Ингээд надтай ярилцаж байсан тэнгэр элч надад хандан
—Ингэж зарлагтун. “Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Би Иерусалим болон Сионы төлөө хэтэрхий хартай байна. 15Харин амар тайван буй үндэстнүүдэд Би маш их уурсаж байна. Учир нь Намайг зөвхөн өчүүхэн хилэгнэх зуур тэд бузар мууд тусалсан». 16Иймээс ЭЗЭН айлдаж байна. «Би өрөвдөн Иерусалим уруу эргэж ирсэн учир Миний өргөө тэнд босгогдох болно» гээд «Хэмжүүр Иерусалимын дээгүүр татагдах болно» гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна”. 17Дахин ингэж зарлагтун. “Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Миний хотууд дахин хөгжил цэцэглэлтээр бялхана. ЭЗЭН Сионыг дахин тайтгаруулж, Иерусалимыг дахин сонгоно»” гэв.
18Тэгээд би нүдээ өргөн хараад дөрвөн эврийг үзэв. 19Надтай ярилцаж байсан тэнгэр элчид хандан би
—Эдгээр нь юу вэ? гэсэнд тэр надад
—Эдгээр нь Иуда, Израиль, Иерусалимыг тараасан эврүүд юм гэж хариулав. 20Дараа нь ЭЗЭН надад дөрвөн дархныг үзүүлэв. 21Би
—Эдгээр нь юу хийхээр ирж байна вэ? гэсэнд тэр
—Тэдгээр нь Иудаг тараасан эврүүд юм. Иймээс хэн ч толгойгоо өргөхгүй. Харин эдгээр дархчууд тэднийг айлгахаар газар нутгийг нь тараах гэж Иудагийн эсрэг эврээ өргөгч үндэстнүүдийн эврүүдийг нураахаар ирсэн гэлээ.

Одоогоор Сонгогдсон:

ЗЕХАРИА 1: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү