РОМ 8:18-33
РОМ 8:18-33 АБ2004
Учир нь энэхүү өнөө үеийн зовлонгууд нь бидэнд илчлэгдэх тэрхүү алдартай зүйрлүүлшгүй гэж би боддог. Учир нь бүтээлийн тэсэн ядаж хүлээдэг нь Бурханы хөвгүүдийн илчлэгдэх юм. Учир нь бүтээл нь өөрийнхөө хүслээр бус, харин өөрийг нь захирсан Түүний улмаас хоосонд захирагдсан юм. Энэ нь бүтээл нь өөрөө ч мөн ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж, Бурханы хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд авчрагдах болно гэсэн найдварын улмаас юм. Учир нь өнөөг хүртэл бүх бүтээл нь хамтдаа ёолон, хамтдаа төрөх зовлон эдэлдгийг бид мэднэ. Зөвхөн үүнд ч биш, харин бас бид, өөрсдөдөө Сүнсний анхны үр жимсийг авсан бид ч дотроо ёолон биднийг үрчилж авахыг буюу бидний биеийг золин аврахыг тэсэн ядаж хүлээдэг. Учир нь бид найдвараар аврагдсан байлаа. Гэхдээ харагдаж байгаа найдвар нь найдвар биш юм. Хүн харж буй зүйлдээ найдахын хэрэг юу байна? Харин бид харахгүй байгаа зүйлдээ найдвал түүнийгээ тэвчээртэйгээр хүлээдэг. Үүнчлэн мөн Сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй. Харин Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон байж бидний төлөө зуучлан гуйдаг. Сүнсний бодол санаа юу болохыг зүрхнүүдийг Нягтлагч нь мэддэг. Яагаад гэвэл Тэр Бурханы хүслийн дагуу ариун хүмүүсийн төлөө зуучлан гуйдаг юм. Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолддог бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг гэдгийг бид мэднэ. Тэр Өөрийнхөө Хүүг олон ах дүүсийн дунд ууган нь байлгахын тулд, урьдаас мэдсэн хүмүүсээ Тэр бас Түүний дүртэй адил болгохоор урьдаас тогтоосон юм. Тэр урьдаас тогтоосон хүмүүсээ мөн дуудсан. Тэр дуудсан хүмүүсээ мөн зөвтгөсөн. Тэр зөвтгөсөн хүмүүсээ мөн алдаршуулсан. Тэгвэл бид эдгээр зүйлийн тухайд юу хэлэх вэ? Хэрэв Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх вэ? Тэр Өөрийн Хүүгээ үл өршөөж, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ? Хэн Бурханы сонгосон хүмүүсийг буруутгах вэ? Бурхан нь зөвтгөгч нэгэн мөн.