ДУУЛАЛ 77

77
Найрал дууны удирдаачид. Иедутуны дагуу. Асафын дуулал.
1Дуу минь Бурханд ханддаг, би чангаар хашхирна.
Дуу минь Бурханд ханддаг, Тэр намайг сонсоно.
2Зовлон зүдгүүрийнхээ өдөр би Эзэнийг хайсан.
Шөнөөр ч гар минь ядрахгүйгээр сунгагдсан байдаг.
Сэтгэл минь ч тайвшрахаас татгалздаг.
3Би Бурханыг санаад, зовж шаналсан байдаг.
Би санаа алдаад, сүнс минь сульддаг.
Села
4Та миний нүдийг цавчуулаагүй.
Би маш их шаналсан болохоор ярьж ч чадахгүй байна.
5Би урьдын өдрүүдийн тухай,
Өмнөх жилүүдийн тухай бодсон.
6Би өөрийн дууг шөнө санана.
Би зүрхээрээ бясалгах бөгөөд
Сүнс минь тунгаан боддог.
7Эзэн үүрд орхих уу?
Тэр дахин хэзээ ч ивээхгүй гэж үү?
8Түүний хайр энэрэл мөнхөд барагдсан уу?
Амлалт мөнхөд үгүй болсон уу?
9Бурхан нигүүлсэнгүй байхаа мартсан уу?
Эсвэл Тэр уурандаа өршөөлөө хаасан уу?
Села
10Тэгээд би “Хамгийн Дээд Нэгэний баруун мутар өөрчлөгдсөн нь
Миний уй гашуу билээ” гэв.
11Би ЭЗЭНий үйлсийг санана.
Би эрт үеийн Таны гайхамшгуудыг үнэхээр санана.
12Би Таны бүх ажлыг тунгаан,
Таны үйлсийг шимтэн бодно.
13Бурхан, Таны зам бол ариун.
Ямар бурхан бидний Бурханы адил агуу вэ?
14Та бол гайхамшгуудыг үйлддэг Бурхан.
Та ард түмнүүдийн дунд Өөрийн хүч чадлыг мэдүүлсэн.
15Та Өөрийн хүчээр Өөрийн хүмүүсийг буюу
Иаков ба Иосефын хөвгүүдийг зольсон.
Села
16Бурхан, их ус Таныг харсан.
Их ус Таныг харсан бөгөөд тэд ихэд айсан.
Гүн нь ч чичирсэн.
17Үүлс усыг асгасан.
Тэнгэрүүд ч дуу гаргасан.
Таны сумнууд ч энд тэнд гялбасан.
18Таны аянгын дуу хуй салхин дунд байв.
Цахилгаан гялбаанууд дэлхийг гэрэлтүүлсэн.
Газар чичрэн хөдөлсөн.
19Таны зам далайд,
Таны жимүүд их усанд байсан бөгөөд
Таны мөрүүд ч мэдэгдэхгүй.
20Та Өөрийн хүмүүсийг хонин сүрэг мэт
Мосе ба Аароны гараар удирдсан.

Одоогоор Сонгогдсон:

ДУУЛАЛ 77: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү