ДУУЛАЛ 49:1-20
ДУУЛАЛ 49:1-20 АБ2004
Бүх хүмүүс ээ, үүнийг сонс. Газар дэлхийн бүх оршин суугчид аа, чих тавин сонс. Дээдэс доодос, Баян ядуу хамтдаа сонсоцгоо. Миний ам мэргэн үгийг хэлэх бөгөөд Миний зүрхний бясалгал нь ухаарал байх болно. Би сургаалт үгэнд чих тавина. Би учир битүүлэг хэлснээ босоо ятгаар тайлна. Миний дайснуудын гэм буруу намайг хүрээлэх үед, Зовлон зүдгүүрийн өдөр би юунд айх ёстой вэ? Тэд бол өөрсдийн эд хөрөнгөнд итгэж, Өөрсдийн баялгийн элбэг дэлбэгээр сайрхдаг. Ямар ч хүн ямар ч аргаар ах дүүгээ зольж чадахгүй, Эсвэл түүний төлөө Бурханд төлөөс өгч чадахгүй. Учир нь түүний сэтгэлийн аврал маш их үнэ цэнэтэй бөгөөд Түүнийг мөнхөд төлж баршгүй. Энэ бол түүнийг мөнхөд амьдарч, ялзралыг үзэхгүйн тулд юм. Учир нь мэргэн хүмүүс ч үхдэгийг тэр хардаг. Мунхаг болон ухаангүй нь хамт сөнөн, Эд хөрөнгөө бусдад үлдээдэг. Тэд дотроо өөрсдийнх нь гэрүүд мөнх байна, Мөн оршин суух газрууд нь бүх үеийнхэнд байна гэж боддог. Тэд өөрсдийн газруудаа өөрсдийнхөө нэрээр нэрлэсэн. Харин хүн агуу хүндэтгэл дотроо үлдэхгүй. Тэрээр мөхдөг адгуустай адил юм. Энэ бол мунхаг хүмүүсийн болон Тэдний үгийг сайшаадаг хүмүүсийн зам билээ. Села Тэд хонь шиг Үхэгсдийн оронд аваачигдахаар товлогдсон. Үхэл тэдний хоньчин болно. Шулуун шударга хүн тэднийг өглөөд захирч, Тэдний хэлбэр дүрс нь шатаагдахын тулд Үхэгсдийн оронд зориулагдана. Ингэснээр тэд оршин суух газаргүй болно. Харин Бурхан миний сэтгэлийг Үхэгсдийн орны эрхшээлээс аварна. Учир нь Тэр намайг хүлээн авна. Села Хүн баяжиж, гэр орных нь эд хөрөнгө нэмэгдэх үед чи бүү ай. Учир нь тэр үхэхдээ юу ч авч явахгүй. Түүний алдар ч түүний араас бууж ирэхгүй. Учир нь амьддаа тэр өөртөө баяр хүргэдэг, Мөн өөртөө сайныг хийхэд чинь хүмүүс чамайг магтдаг боловч, Тэр өөрийн эцэг өвгөд уруу очно. Тэд хэзээ ч гэрлийг харахгүй. Агуу хүндэтгэлтэй боловч ухааралгүй хүн бол Мөхөх адгуустай адил юм.