ДУУЛАЛ 135
135
1ЭЗЭНийг магтагтун!
ЭЗЭНий нэрийг магтагтун.
ЭЗЭНий зарц нар аа, магтагтун,
2ЭЗЭНий өргөөнд,
Бидний Бурханы өргөөний хашаанд зогсогчид оо, та нар.
3ЭЗЭНийг магтагтун. Учир нь ЭЗЭН бол сайн.
Түүний нэрд магтан дуулагтун. Учир нь тэр сайхан юм.
4Учир нь ЭЗЭН Өөртөө зориулан Иаковыг,
Өөрийн өмч болгон Израилийг сонгосон билээ.
5ЭЗЭН бол аугаа бөгөөд
Бидний Эзэн бол бүх бурхдаас илүү дээгүүр гэдгийг би мэднэ.
6ЭЗЭН таалдаг аливаа зүйлээ
Тэнгэрт ба газарт хийгээд далайнуудад ба бүх гүн газруудад үйлддэг билээ.
7Тэрээр дэлхийн зах хязгааруудаас уур манангуудыг дээшээ хөөрүүлдэг.
Тэр бол бороонд зориулан аянга цахилгааныг бүтээж,
Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.
8Тэрээр Египетийн уугануудыг,
Хүний хүүхэд, амьтны төлийн аль алиныг цохисон.
9Египет ээ, Тэр чиний дунд тэмдгүүд ба гайхамшгуудыг
Фараон болон түүний бүх түшмэд дээр илгээсэн юм.
10Тэрээр олон үндэстнүүдийг бут цохиж,
Хүчтэй хаадыг алсны дотор
11Аморичуудын хаан Сихон,
Башаны хаан Ог болон
Канааны бүх хаанчлалууд болой.
12Тэр тэдний газар нутгийг өв болгон
Өөрийн ард түмэн болох Израильд өв болгон өгсөн.
13Өө, ЭЗЭН, Таны нэр мөнхийнх бөгөөд
Өө, ЭЗЭН, Таны тухай дурсгал бүх үеүдэд хүрнэ.
14Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнийг шүүж,
Өөрийн зарц нарыг өршөөнө.
15Улс үндэстнүүдийн шүтээнүүд бол алт, мөнгө буюу
Хүний гарын бүтээл юм.
16Тэд амтай боловч ярьдаггүй.
Тэд нүдтэй боловч хардаггүй.
17Тэд чихтэй боловч сонсдоггүй,
Тэдний аманд ямар ч амьсгал байхгүй билээ.
18Тэднийг бүтээдэг хүмүүс,
Тэдэнд итгэгчид бүгдээрээ тэдэнтэй адилхан болно.
19Израилийн гэр ээ, ЭЗЭНийг магтагтун.
Аароны гэр ээ, ЭЗЭНийг магтагтун.
20Левийн гэр ээ, ЭЗЭНийг магтагтун.
ЭЗЭНээс эмээгчид ээ, та нар ЭЗЭНийг магтагтун.
21Иерусалимд оршин суудаг
ЭЗЭН Сионоос магтагдах болтугай.
ЭЗЭНийг магтагтун!
Одоогоор Сонгогдсон:
ДУУЛАЛ 135: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society