ДУУЛАЛ 107:1-43
ДУУЛАЛ 107:1-43 АБ2004
ЭЗЭНд талархал өргө. Учир нь Тэр бол сайн бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх. ЭЗЭНий золигдсон хүмүүс өгүүлэгтүн. Тэднийг Тэр өстний гараас зольж, Өрнө хийгээд дорноос, Өмнөд хийгээд умраас, Нутаг бүрээс цуглуулсан. Тэд цөл нутагт зэлүүд газар тэнэж байв. Тэд оршин суугчидтай хот уруу хөтлөх замыг олж чадахгүй байв. Өлсөж, цангаад Тэдний сэтгэл тэдний дотор сульдсан. Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан. Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь аварсан. Оршин суугчидтай хот уруу нь явуулахаар Тэр бас тэднийг шулуун замаар хөтөлсөн. Хайр энэрлийнх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун! Учир нь Тэр цангасан сэтгэлийг хангалуун болгож, Өлссөн сэтгэлийг сайн зүйлсээр дүүргэсэн. Тэд бол харанхуйд болон үхлийн сүүдэрт суугчид, Арчаагүй байдал болон төмрөөр гинжлэгдсэн хүмүүс юм. Яагаад гэвэл тэд Бурханы үгсийн эсрэг тэрслэн, Хамгийн Дээд Нэгэний зөвлөгөөг үл тоосон. Тиймээс Тэр тэдний зүрхийг хөдөлмөрөөр номхтгосон. Тэд бүдрэн унасан бөгөөд хэн ч тусалсангүй. Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан. Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь аварсан. Тэр тэднийг харанхуйгаас болоод үхлийн сүүдрээс гаргаж, Тэдний хүлээсийг тасалсан. Хайр энэрлийнх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун! Учир нь Тэр хүрэл дааман хаалгыг хэмхэлж, Төмөр түгжээг нь хугалсан. Өөрсдийнхөө тэрслүү зам болон Өөрсдийн гэм буруугаас болж тэнэгүүд зовжээ. Тэдний сэтгэл бүхий л төрлийн хоолонд дургүйцсэн бөгөөд Тэд үхлийн дааман хаалга уруу ойртсон. Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан. Тэр тэднийг зовлон зүдгүүрээс аварсан. Тэр Өөрийн үгийг илгээн, тэднийг эдгээж, Тэднийг мөхлөөс нь аварсан. Хайр энэрлийнх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун! Тэднээр бас талархлын тахилуудыг өргүүлэн, Түүний үйлсийн тухай баясгалантай дуугаар тунхаглуул! Усан онгоцоор далайд гарагчид, Их усан дээр наймаа эрхлэгчид ЭЗЭНий үйлсийг хийгээд Гүнд буй Түүний гайхамшгуудыг харсан. Учир нь Тэр тушааж, хар салхийг босгож, Түүгээр далайн давалгааг хуйлруулсан. Тэдгээр нь тэнгэр өөд гарч, Гүн уруу эргэн буув. Сүйрлийн улмаас тэдний сэтгэл хайлсан. Тэд согтуу хүн шиг дороо эргэлдэн, гуйвсан бөгөөд Тэдний оюун ухаан нь самуурсан. Тэгээд тэд зовлонгийнхоо дундаас ЭЗЭНд хашхирсан. Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь гарган авсан. Далайн давалгаануудыг нам гүм болгохоор Тэрээр шуургыг номхтгосон. Тэдгээр нь нам гүм болсон учраас тэд баярлаад, Тиймээс Тэр тэднийг хүссэн боомт уруу нь газарчилсан. Хайр энэрлийнх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун! Тэднээр бас ард түмнүүдийн цуглаанд Түүнийг өргөмжлүүлж, Ахмадуудын зөвлөлд Түүнийг магтуул. Тэр гол мөрнүүдийг цөл болгон, Усны булгуудыг ангасан газар болгон хувиргадаг. Тэнд оршин суугчдын хорон муугаас болж Шимтэй газрыг хужиртай газар болгосон. Тэрээр цөлийг усны цөөрөм, Хатсан газрыг усны булгууд болгон хувиргадаг. Тэнд Тэрээр өлссөн хүмүүсийг суулгадаг. Энэ нь тэднээр оршин суугчидтай хотыг босгуулан, Талбайд тариа тариулж, усан үзмийн талбай байгуулуулж, Үр жимс сайтай ургацыг хураалгахын тулд болой. Тэр бас тэднийг ерөөдөг бөгөөд тэд өнөр өтгөн болж, Тэр тэдний мал сүргийг ч хорогдохыг зөвшөөрдөггүй. Тэд дарамт, арчаагүй байдал, уй гашуугаас болж Цөөрч, доройтсон үед Тэр ноёдод зэвүүцлээ юүлж, Замгүй зэлүүд газраар тэднийг тэнүүчлүүлдэг. Харин Тэрээр гачигдагсдыг зовлон зүдгүүрээс хол, өндөрт өргөж, Тэдний гэр бүлүүдийг хонин сүрэг мэт өсгөдөг. Шулуун шударга хүн үүнийг хардаг бөгөөд баяртай байна. Харин хамаг зөвт бус байдал амаа хамхидаг. Хэн мэргэн бэ? Тэр нь эдгээр зүйлсийг анхаарч, ЭЗЭНий хайр энэрлийг тунгааг.