СУРГААЛТ ҮГС 31
31
1Хаан Лемуелийн үгс буюу эх нь түүнд айлдсан сургаал.
2Хүү минь, хэвлийн үр минь, миний амлалтын хүү,
3Эмэгтэй хүний төлөө хүчээ барж үл болно.
Хаадыг сүйтгэгч нарт хүсэл зоригоо эзэмдүүлж үл болно.
4Лемуел минь, хаан хүн дарс уух нь зохисгүй зүйл мөн.
Удирдагч хүн сархдыг хүсэн тэмүүлэх нь зохисгүй.
5Учир нь тэд ууж согтууран тогтоолыг умартаж,
Зовж зүдэрсэн олны эрх ашгийг уландаа гишгэх вий.
6Ядарч туйлдсан хүмүүст сархдыг барь.
Гашуун амьдралтай хүмүүст дарсыг барь.
7Тэр ууж, ядуу зүдүү байдлаа мартан,
Зовлон зүдгүүрээ дахиж бүү санаг.
8Хэлгүй хүмүүс болон золгүй бүх хүмүүсийн төлөө амаа нээ.
9Амаа нээж, зөв шударгаар шүүж,
Ядуус ба гай зовлонд унагсдын эрхийг хамгаал.
10Хэн арван хуруу тэгш эхнэр олж чадах вэ?
Тийм эхнэр эрдэнэсээс ч үнэтэй.
11Нөхөр нь түүнд бүрэн итгэх бөгөөд юугаар ч үл дутна.
12Тэр бүх л амьдралынхаа турш нөхөртөө мууг бус, зөвхөн сайныг л үйлддэг.
13Ноос ба маалинган даавууг тэр сонгон авч, гараа хумхилгүй ажилладаг.
14Худалдаачны хөлөг онгоцнууд мэт тэр хоол хүнсээ хол газраас зөөдөг.
15Тэр үүр цайхаас өмнө босож, гэр бүлдээ унд цайг бэлтгэж,
Шивэгчин бүсгүйчүүлдээ хийх ёстойг нь хуваарилдаг.
16Тэр газрыг үзээд, худалдан авч,
Орлогоороо усан үзмийн мод тариалдаг.
17Тэр ажилдаа хичээнгүй, шаламгай бөгөөд
Түүний гар улам хүчтэй болно.
18Ажил үйлс нь бүтэмжтэй байгаад тэр урамшина.
Дэнлүү нь шөнөжингөө асдаг.
19Гартаа ээрүүл барьж, хуруугаараа шаламгай ажиллана.
20Ядуу хүнд гараа сунгадаг.
Гачигдаж дутагдсан хүмүүст тусалдаг.
21Цас хаялахад гэр бүлийнхээ төлөө санаа зовох зүйлгүй байдаг.
Учир нь гэрийнхэн нь дулаан хувцсаар хангагдсан билээ.
22Тэр орондоо бүтээлэг урлаж,
Ёрог даавуун ба нил ягаан өнгөтэй хувцас өмссөн байдаг.
23Нөхөр нь хотын дааман хаалган дээр нутгийн ахлагч нарын дунд сууж байхдаа хүндлэгддэг.
24Тэр ёрог даавуун дээл хийж, худалддаг бөгөөд
Бөс даавууг худалдаачдад нийлүүлдэг.
25Тэр хүч чадал ба хүндэтгэлээр хувцасласан бөгөөд
Инээмсэглэлээр ирээдүйгээ угтана.
26Тэр мэргэн үгээр ярьж, энэрлийг сургадаг.
27Тэр гэр орондоо санаа тавих бөгөөд залхуурахыг үл мэднэ.
28Үр хүүхдүүд нь өсөж өндийгөөд, түүнийг ерөөнө.
Эр нөхөр нь ч гэсэн түүнийг магтан
29“Олон эмэгтэйчүүд сайн үйл хийдэг ч чи тэднээс илүү билээ” хэмээнэ.
30Дур булаам байдал хуурамч бөгөөд гоо үзэсгэлэн ч хоосон.
Харин ЭЗЭНээс эмээгч эмэгтэй л магтаал авах учиртай.
31Ажил үйлсийнх нь үр жимсийг түүнд өг.
Ажил үйлс нь дааман хаалган дээр түүнд хүндэтгэлийг авчрах болтугай.
Одоогоор Сонгогдсон:
СУРГААЛТ ҮГС 31: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society