СУРГААЛТ ҮГС 26

26
1Зун цас орох ба ургац хураах үеэр бороо орохын адил
Мунхаг хүнд хүндэтгэл үзүүлэх нь үл зохино.
2Далавчаа дэвэх бор шувуу болон нисэн одох хараацайтай адил шалтгаангүй хараал намждаггүй.
3Ташуур моринд, хазаар илжгэнд зориулагддаг бол
Саваа нь мунхгуудын нуруунд зориулагджээ.
4Мунхагт мунхгаар нь бүү хариул.
Эс тэгвэл чи түүнтэй адил болно.
5Мунхаг хүн өөрийгөө цэцэн мэргэнд тооцохгүй байхын тулд түүнд мунхгаар нь хариултыг өг.
6Мунхгийн гараар зурвас хүргүүлэгч нь хөлөө тайрч, хүчирхийллийг ууж буй хэрэг.
7Мунхгийн аман дахь сургаалт үгс нь суунги хүний хэрэгцээгүй хөлтэй адил болой.
8Мунхаг хүнийг өргөмжлөгч нь дүүгүүрт чулуу хийж буйтай адил болой.
9Мунхгийн аман дахь сургаалт үгс нь согтуугийн гарт шаасан өргөстэй адил болой.
10Мунхгийг болон өнгөрөн явагсдыг дуудаж хөлсөлдөг хүн бол
Хүн бүрийг шархдуулдаг харваачтай адил юм.
11Нохой бөөлжсөө долоодогчлон мунхаг хүн мунхаглалаа давтана.
12Өөрөө өөрийнхөө нүдэнд мэргэн байдаг хүнийг чи үзсэн үү?
Мунхаг хүнд тийм нэгнээс ч илүү засрах найдлага бий.
13Залхуу хүн “Замд арслан байна.
Задгай талбайд догшин арслан байна” гэдэг.
14Хаалга нугасаараа нээгдэж хаагддаг шиг
Залхуу хүн орон дээрээ эргэж хөрвөөнө.
15Залхуу хүн аяганд гараа хүргээд,
Эргүүлээд амандаа хүргэх гэж цөхөрнө.
16Мунхаг нь өөрийгөө ухаалаг хариу өгч чадах долоон хүнээс ч илүү мэргэн хэмээдэг.
17Өөрт нь хамаагүй хэрүүл маргаанд хөндлөнгөөс оролцогч болбоос
Нохойг чихнээс нь зуурч авагчтай адил буюу.
18Галтай мод болон үхлийн нумыг шидэгч галзуу хүн байдаг.
19Хөршийгөө мэхэлчихээд,
“Би тоглосон юм” гэх хүн тийм нэгэнтэй адил буюу.
20Түлээ дутагдвал гал унтарна.
Хов жив зөөгч байхгүй бол хэрүүл маргаан намжина.
21Модны нүүрс улайссан цогийг бий болгож,
Түлээ нь галыг өрдөхийн адил хэрүүлч хүн эвдрэлцлийг өдөөнө.
22Хов зөөгчийн үгс тансаг идээ будаа мэт байх бөгөөд ходоодны мухарт ч хүрнэ.
23Дүрэлзэх уруул ба хорон зүрх болбоос
Мөнгөний хольцоор өнгөлсөн шавар сав суулга мэт буюу.
24Үзэн яддаг хүн түүнийгээ уруулаараа нуудаг ч заль мэхээ зүрхэндээ хадгалдаг.
25Тэр хүн нигүүлсэнгүй ярьсан ч түүнд бүү итгэ.
Учир нь зүрхэнд нь долоон жигшүүрт зүйл байдаг.
26Хэдийгээр заль мэхээр үзэн ядалт нь баганын цаана халхлагддаг ч
Түүний хар санаа нь цугларагсдын өмнө илчлэгдэнэ.
27Нүхийг ухагч хүн өөрөө түүн уруугаа унана.
Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр унана.
28Худалч хэл хуурагдагсдыг үзэн яддаг.
Бялдууч ам сүйрлийг авчирдаг.

Одоогоор Сонгогдсон:

СУРГААЛТ ҮГС 26: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү