СУРГААЛТ ҮГС 25:1-28
СУРГААЛТ ҮГС 25:1-28 АБ2004
Эдгээр нь бас Соломоны сургаалт үгс юм. Энэхүү сургаалт үгсийг Иудагийн хаан Хезекиагийн хүмүүс нэгтгэн сийрүүлэв. Хэрэг явдлыг нууцлах нь Бурханы суу алдар. Харин тэдгээрийг олж илрүүлэх нь хаадын суу алдар. Тэнгэр нь өндөрт, газар нь нам дорд зориулагдсан мэт хаадын зүрх сэтгэл ойлгогдошгүй. Мөнгийг хольцноос нь цэвэршүүл. Тэгвэл мөнгөний дархны урлах сав бэлэн болно. Хааны өмнөөс хар санаатныг холдуулсугай. Тэгвээс хаан ширээ нь зөв шударгад тулгуурлан босно. Хааны өмнө өөрийгөө бүү өргөмжил. Аугаа хүмүүсийн байранд бүү зогс. Нүдэнд чинь үзэгдэж буй ноёдын өмнө чи дорд орсноос, “Дээшээ морилогтун” гэж хэлэгдсэн нь дээр биз ээ. Хэн нэгнийг шүүн хэлэлцэхээр бүү яар. Хэрэв тэгвэл хөрш чинь чамайг эвгүй байдалд оруулбал чи яах юм бэ? Өөрийн хэргээ хөрштэйгөө л шийд. Бусдын нууцыг бүү задруул. Эс тэгвэл үүнийг сонссон хүн чамайг буруутгах вий. Чиний тухай хорон муу мэдээ хааяагүй тарна шүү. Цагаа олсон зөв үг болбоос мөнгөн хээ угалзны дунд шигтгэсэн алтан алим мэт буюу. Мэргэн зэмлэгчийн үгс болбоос Чих тавин сонсогч нэгэнд шижир алтан гоёл ба алтан ээмэг мэт буюу. Итгэлт элч болбоос өөрийг нь явуулагсдад ургацын үеэрх хурын сэрүү таталт мэт байдаг. Тэрээр эздийнхээ сэтгэлийг тэнхрүүлнэ. Үл өгдөг атлаа бэлгүүдээрээ сайрхагч болбоос хургүй үүл ба салхи мэт буюу. Захирагч хүнийг тэвчээрээр ятгаж болно. Уян хатан хэл ясыг ч хугалж чадна. Чи зөгийн бал олсон уу? Хэтрүүлээд бөөлжихгүйн тулд хэрэгцээнийхээ хэрээр л түүнийг ид. Хөршийнхөө гэрт цөөхөн оч. Эс тэгвэл гэрийн эзэн чамаас залхаж, чамайг үзэн ядах болно. Хөршийнхөө эсрэг худал мэдүүлэг өгдөг хүн болбоос Илд, хурц үзүүртэй сум, шийдэм мэт буюу. Хэцүү цагт итгэлгүй хүнд найдах нь янгинах шүд, доголон хөл мэт буюу. Зовж шаналсан зүрхэнд дуу дуулдаг хүн болбоос шархан дээр давс үйрүүлэх мэт, эсвэл хүйтэн өдөр хувцсаа тайлаад явах хүн мэт буюу. Хэрэв дайсан чинь өлссөн бол түүнд идэх хоол өг. Цангасан бол уух юм өг. Учир нь ингэснээр чи түүний толгой дээр шатаж буй нүүрс овоолж байна гэсэн үг бөгөөд ЭЗЭН чамайг шагнана. Умраас үлээх салхи хур бороо авчирдаг. Хов живтэй хэл ууртай царайг авчирна. Хэрүүлч эхнэрийн хамт байшинг хуваалцан сууснаас дээврийн буланд амьдарсан нь хавьгүй дээр. Ядарч туйлдсан сэтгэлд хүйтэн ус ямар байдаг шиг алс холын газраас ирэх сайн мэдээ тийм байна. Шударга зөв хүн хар санаатны өмнө нүгэлд унах нь бохирдсон худаг бөгөөд Булингартсан булаг мэт буюу. Зөгийн балыг хэтрүүлж идэх нь сайн зүйл биш. Алдар нэрийнхээ хойноос хөөцөлдөх нь ч алдар биш ээ. Өөрийнхөө сүнсийг захирдаггүй хүн бол Эргэн тойрондоо хэрэм босгоогүй, нурсан хот мэт буюу.