СУРГААЛТ ҮГС 25:1-28

СУРГААЛТ ҮГС 25:1-28 Ариун Библи 2013 (АБ2013)

Эдгээр нь бас Соломоны сургаалт үгс бөгөөд Иудагийн хаан Хезекиагийн эрс үүнийг нэгтгэн сийрүүлэв. Бурханы алдар суу нь хэрэг явдлыг нууцлахад. Хаадын алдар суу нь тэдгээрийг олж илрүүлэхэд. Тэнгэр дээш өндөр, газар доош гүн Тэр лугаа адил хаадын зүрх ил бус. Мөнгөний дархан сав хийхдээ Мөнгийг хольцноос нь цэвэршүүлэх адил Хааны өмнөөс буруут хүнийг холдуулсугай! Хаан сэнтий нь тэгвэл зөвт байдалд тогтоно. Хааны өмнө өөрийгөө бүү өргөмжил Их хүмүүсийн байранд бүү зогс. Ноёдын өмнө дорд орохоо харснаас “Дээшээ морилогтун” гэж хэлүүлсэн нь дээр биз ээ. Хэрэг зарга хийхдээ бүү яар! Хөрш чинь чамайг ичгүүрт оруулахад эцэст нь чи яах юм бэ? Өөрийн хэргийг хөрштэйгөө л шийд Бусдын нууцыг бүү задруул. Эс тэгвээс үүнийг сонссон хүн чамайг ичээх вий. Чиний тухай базаахгүй үг тасрахгүй байх вий. Зохимжтой хэлсэн үг мөнгөн хээ угалзны дундах алтан алим мэт буюу. Мэргэн зэмлэл дуулгавартай чихэнд Алтан ээмэг, алтан гоёл мэт буюу. Итгэмжит элч нь илгээгсдэдээ Ургацын үеэрх хурын сэрүү таталт мэт. Учир нь тэрээр эзнийхээ сэтгэлийг сэргээнэ. Өгөхгүй бэлгээрээ сайрхагч болбоос Хургүй үүл ба салхи мэт буюу. Тэвчээрт захирагчийн уур ятгагдах Зөөлөн хэлэнд яс хугарах. Чи зөгийн бал олвоос Бөөлжихгүйн тулд хэт их бус, хэрэгцээнийхээ хэрээр л ид. Хөршийнхөө гэрт хөлөө ховор тавь Эс тэгвээс тэр чамаас залхаж, Чамайг үзэн ядах вий. Хөршийнхөө эсрэг худал мэдүүлэгч Хурц үзүүртэй сум, илд болон шийдэм мэт. Хэцүү цагт урвагч хүнд найдах нь Хорхойтсон шүд, доголсон хөл мэт. Шаналсан зүрхтэй нэгэнд дуу дуулдаг хүн болбоос Шархан дээр цуу асгах ба хүйтэн өдөр хувцсаа тайлах хүн мэт буюу. Дайсан чинь өлссөн бол түүнд идэх талх өг Харин цангасан бол уух ус өг Ингэснээр чи түүний толгой дээр галтай нүүрс овоолж байгаа бөгөөд ЭЗЭН чамайг шагнах болно. Умрын салхи бороо оруулах Далдуур муучлагч хэл ууртай царай авчрах. Дэндүү яншаа эхнэртэй нэг байшинд сууснаас Дээврийн буланд амьдарсан нь дээр. Алс газраас ирэх сайн мэдээ Ангасанд хүйтэн ус өгөхтэй адил. Буруутын өмнө зөвт сөхрөн унах нь Бохирдсон худаг, булингартсан ундарга мэт. Зөгийн балыг хэтрүүлж идэх Алдар дээр алдар нэрийг хэт эрэлхийлэхийн аль аль нь сайн бус. Өөрийгөө захирдаггүй хүн Ханан хэрэмгүй, нурсан хот мэт болой.

СУРГААЛТ ҮГС 25:1-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

Эдгээр нь бас Соломоны сургаалт үгс юм. Энэхүү сургаалт үгсийг Иудагийн хаан Хезекиагийн хүмүүс нэгтгэн сийрүүлэв. Хэрэг явдлыг нууцлах нь Бурханы суу алдар. Харин тэдгээрийг олж илрүүлэх нь хаадын суу алдар. Тэнгэр нь өндөрт, газар нь нам дорд зориулагдсан мэт хаадын зүрх сэтгэл ойлгогдошгүй. Мөнгийг хольцноос нь цэвэршүүл. Тэгвэл мөнгөний дархны урлах сав бэлэн болно. Хааны өмнөөс хар санаатныг холдуулсугай. Тэгвээс хаан ширээ нь зөв шударгад тулгуурлан босно. Хааны өмнө өөрийгөө бүү өргөмжил. Аугаа хүмүүсийн байранд бүү зогс. Нүдэнд чинь үзэгдэж буй ноёдын өмнө чи дорд орсноос, “Дээшээ морилогтун” гэж хэлэгдсэн нь дээр биз ээ. Хэн нэгнийг шүүн хэлэлцэхээр бүү яар. Хэрэв тэгвэл хөрш чинь чамайг эвгүй байдалд оруулбал чи яах юм бэ? Өөрийн хэргээ хөрштэйгөө л шийд. Бусдын нууцыг бүү задруул. Эс тэгвэл үүнийг сонссон хүн чамайг буруутгах вий. Чиний тухай хорон муу мэдээ хааяагүй тарна шүү. Цагаа олсон зөв үг болбоос мөнгөн хээ угалзны дунд шигтгэсэн алтан алим мэт буюу. Мэргэн зэмлэгчийн үгс болбоос Чих тавин сонсогч нэгэнд шижир алтан гоёл ба алтан ээмэг мэт буюу. Итгэлт элч болбоос өөрийг нь явуулагсдад ургацын үеэрх хурын сэрүү таталт мэт байдаг. Тэрээр эздийнхээ сэтгэлийг тэнхрүүлнэ. Үл өгдөг атлаа бэлгүүдээрээ сайрхагч болбоос хургүй үүл ба салхи мэт буюу. Захирагч хүнийг тэвчээрээр ятгаж болно. Уян хатан хэл ясыг ч хугалж чадна. Чи зөгийн бал олсон уу? Хэтрүүлээд бөөлжихгүйн тулд хэрэгцээнийхээ хэрээр л түүнийг ид. Хөршийнхөө гэрт цөөхөн оч. Эс тэгвэл гэрийн эзэн чамаас залхаж, чамайг үзэн ядах болно. Хөршийнхөө эсрэг худал мэдүүлэг өгдөг хүн болбоос Илд, хурц үзүүртэй сум, шийдэм мэт буюу. Хэцүү цагт итгэлгүй хүнд найдах нь янгинах шүд, доголон хөл мэт буюу. Зовж шаналсан зүрхэнд дуу дуулдаг хүн болбоос шархан дээр давс үйрүүлэх мэт, эсвэл хүйтэн өдөр хувцсаа тайлаад явах хүн мэт буюу. Хэрэв дайсан чинь өлссөн бол түүнд идэх хоол өг. Цангасан бол уух юм өг. Учир нь ингэснээр чи түүний толгой дээр шатаж буй нүүрс овоолж байна гэсэн үг бөгөөд ЭЗЭН чамайг шагнана. Умраас үлээх салхи хур бороо авчирдаг. Хов живтэй хэл ууртай царайг авчирна. Хэрүүлч эхнэрийн хамт байшинг хуваалцан сууснаас дээврийн буланд амьдарсан нь хавьгүй дээр. Ядарч туйлдсан сэтгэлд хүйтэн ус ямар байдаг шиг алс холын газраас ирэх сайн мэдээ тийм байна. Шударга зөв хүн хар санаатны өмнө нүгэлд унах нь бохирдсон худаг бөгөөд Булингартсан булаг мэт буюу. Зөгийн балыг хэтрүүлж идэх нь сайн зүйл биш. Алдар нэрийнхээ хойноос хөөцөлдөх нь ч алдар биш ээ. Өөрийнхөө сүнсийг захирдаггүй хүн бол Эргэн тойрондоо хэрэм босгоогүй, нурсан хот мэт буюу.