СУРГААЛТ ҮГС 10:17-32
СУРГААЛТ ҮГС 10:17-32 АБ2004
Сургамжийг сахидаг хүн амийн зам дээр байна. Харин зэмлэлийг хэрэгсдэггүй хүн төөрч оддог. Үзэн ядалтаа нууцалдаг хүн худалч мөн. Хов тараагч хүн мунхаг нэгэн мөн. Үг олшроход нүгэл зайлшгүй, Харин амаа захирдаг хүн мэргэн нэгэн юм. Шударга зөв хүний хэл цалин цагаан мөнгө мэт бол Хар санаатны зүрх өчүүхэн үнэ цэнэтэй аж. Шударга зөв нэгний яриа олон хүнийг тэжээдэг бол Мунхаг хүмүүс ухаан дутсанаас үхдэг. ЭЗЭНий ерөөл баян болгодог бөгөөд Тэр харууслыг эс авчирна. Муу үйлдэл нь мунхаг нэгэнд зугаа болдог бол Ухаант нэгэн мэргэн ухаанд баярладаг. Хар санаатан айдаг зүйлтэйгээ дайралдана. Шударга зөв хүний хүсэл биелэгдэнэ. Хуй салхи шуураад өнгөрөхөд, муу хүн алга болно. Харин шударга зөв хүнд мөнхийн суурь байдаг. Залхуу хүн ажилд зарагсдын хувьд хумсны завсар шаасан хулс, Нүд уруу суунаглах утаа мэт буюу. ЭЗЭНээс эмээхүй нь амьдралыг уртасгадаг бол Хар санаатны он жилүүд богиносдог. Шударга зөв хүний итгэл найдвар нь баяр баясгалан бол Хар санаатны найдвар мөхдөг. ЭЗЭНий зам нь шударга зөв нэгэнд өмөг түшиг, Харин зүй бусыг үйлдэгсдэд сүйрэл ажээ. Шударга зөв хүн хэзээ ч ганхдаггүй. Харин хар санаатай хүн дэлхийг өвлөхгүй. Шударга зөв хүний ам мэргэн ухааныг анхилуулна. Харин хорлогчийн хэл огтлогдоно. Шударга зөв нэгний ам зөвшөөрөхүйц зүйлийг гаргадаг бол Хорон нэгний ам хор хөнөөлийг гаргадаг.