ФИЛИППОЙ 2
2
1Тиймээс хэрэв Христ дотор ямар нэгэн дэмжлэг байгаа бол, хэрэв хайрын тайвшрал байгаа бол, хэрэв Сүнсний нөхөрлөл байгаа бол, энэрэнгүй болоод өрөвчхөн сэтгэл байгаа бол, 2адил сэтгэж, адил хайртай байж, сэтгэлээрээ нэгдэн, нэгэн бодолтой байж, намайг гүйцэд баярлуул. 3Юуг ч өрсөлдөх сэтгэлээр, эсвэл бардам зангаар бүү хий. Харин даруугаар бие биеэ өөрөөсөө дээр гэж үзэж, 4хүн бүр зөвхөн хувийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар. 5Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай. 6Тэрээр хэдийгээр Бурханы мөн чанараар оршин байсан боловч, Бурхантай тэгш байх явдлыг Өөртөө хадгалах зүйл гэж үзсэнгүй, 7харин Өөрийгөө хоосолж, боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ. 8Хүн төрхийг олсон Тэрээр үхэлд ч төдийгүй загалмайн үхэлд ч хүртэл дуулгавартай байснаараа Өөрийгөө даруу болгов. 9Тиймээс ч Бурхан Түүнийг үлэмжийн дээдээр өргөмжилсөн бөгөөд аливаа нэрээс дээд нэрийг Түүнд соёрхов. 10Энэ нь Есүсийн нэрд тэнгэрт байгаа, газар дээр байгаа, газрын доор байгаа бүх юмс өвдөг сөгдөж, 11мөн бүх хэл Бурхан Эцэгийн алдрын төлөө Есүс Христ бол Эзэн гэж хүлээн зөвшөөрөх ёстойн учир ажээ.
12Иймээс хайрт хүмүүс минь, та нар үргэлж дуулгавартай байсныхаа адил, зөвхөн намайг байхад ч биш, харин эдүгээ байхгүй байхад бүр ч илүү өөрсдийн авралыг айдас ба чичрэлээр биелүүлэгтүн. 13Учир нь Өөрийн сайн тааллын дагуух зүйлсийг үйлдүүлж, хүсүүлэхийн тулд та нарын дотор ажиллаж буй нь Бурхан юм. 14Бүхнийг гоморхолгүйгээр, маргалгүйгээр хийцгээ. 15Ингэснээр та нар гэрэл мэт үзэгдэн дунд нь амьдардаг буруу, гажууд үеийнхний дотор өөрсдийгөө гэм зэмгүй, буруугүй Бурханы хүүхдүүд гэдгээ батлах юм. 16Амийн үгээс баттай баригтун. Тэгвэл би дэмий ажиллаагүй, дэмий гүйгээгүй хэмээн Христийн өдөр сайрхах болно. 17Хэрэв би та нарын итгэлийн үйлчлэл ба тахил дээр ундаан өргөл болон асгагдаж байгаа ч баярлаж, өөрийн баяр хөөрөө та бүхэнтэй хуваалцана. 18Түүнчлэн та нар ч баярлаж, баяр хөөрөө надтай хуваалцаарай.
19Тимотыг та нар уруу удахгүй илгээнэ гэж би Эзэн Есүст найдаж байна. Тэгвэл та нарын байдлын талаар сонсоод, би бас урам зоригтой байх болно. 20Та нарын төлөө үнэхээр санаа тавих адилхан санаатай өөр хэн ч надад алга. 21Учир нь тэд бүгд Христ Есүсийнхийг биш, өөрсдийн сонирхлыг эрдэг. 22Харин Тимот надтай хамт хүү нь эцэгтээ үйлчилдэг шиг сайн мэдээний төлөө үйлчлэн өөрийгөө хэрхэн нотолсныг та нар мэднэ. 23Тиймээс миний байдал надад илэрхий болмогц даруй түүнийг илгээнэ гэж би найдаж байна. 24Би өөрөө мөн удахгүй очно гэж Эзэнд итгэж байна.
25Харин миний дүү хийгээд хамтран зүтгэгч, хамт байлдагч, мөн та нарын элч, хэрэгтэй үед минь надад үйлчилдэг Епафродитыг та нар уруу илгээх нь хэрэгтэй гэж би бодлоо. 26Тэр та бүгдийн хүслэн болсон байв. Түүнийг өвчтэй байна гэж та нар сонссон тул тэр шаналсан. 27Тэр үнэхээр үхтлээ өвдсөн юм. Харин Бурхан түүнийг өршөөсөн. Зөвхөн түүнийг ч биш, уй гашуу дээр уй гашуу нэмэгдэх вий гэж мөн намайг ч бас өршөөв. 28Тиймд та нар Епафродитыг дахин хараад баярлаж, би бас бага санаа зовнихын тулд би түүнийг яаран илгээлээ. 29Тиймээс түүнийг Эзэн дотор их баяр хөөртэйгөөр хүлээн ав. Түүн шиг хүмүүсийг хүндлээрэй. 30Яагаад гэвэл тэрээр та нарыг орлож, надад үйлчлэхийн тулд амь өрсөн, Христийн ажлын төлөө үхэлд ойрхон очсон билээ.
Одоогоор Сонгогдсон:
ФИЛИППОЙ 2: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society