ФИЛИППОЙ 1
1
1Христ Есүсийн боол Паул би болон Тимот Филиппойд байгаа Христ Есүс доторх бүх ариун хүмүүст болон харгалзагчид, үйлчлэгч нарт илгээв. 2Бидний Эцэг Бурханаас хийгээд Эзэн Есүс Христээс нигүүлсэл, амар тайван нь та нарт байх болтугай.
3Та нарын талаарх бүх дурсамжиндаа өөрийн Бурханд би талархдаг. 4Та бүгдийн төлөө залбирах бүрдээ би үргэлж баяр хөөртэйгөөр залбирлаа өргөдөг нь 5та нар сайн мэдээг сонссон анхны өдрөөс өнөөг хүртэл үүн дотор хамтран зүтгэж байгаа тул юм. 6Та нарын дотор сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл төгс төгөлдөр болгоно гэдэгт би бат итгэж байна. 7Та бүгдийн талаар ингэж бодох нь миний хувьд зөв юм. Яагаад гэвэл та нар миний зүрхэнд байдаг. Намайг сайн мэдээг батлан хамгаалж байхад ч, хүлээстэй байхад ч та нар бүгд надтай хамт нигүүлслийг хуваалцдаг билээ. 8Христ Есүсийн сэтгэлээр та бүгдийг би хэрхэн үгүйлж буйд Бурхан миний гэрч мөн. 9Та нарын хайр жинхэнэ мэдлэг ба бүх ойлгоцоор улам бүр бялхсаар байх болтугай гэж би залбирдаг. 10Ингэснээр та нар Христийн өдрийг хүртэл цэвэр, гэм зэмгүй байхын тулд аль нь сайн болохыг ялгах чадвартай болох юм. 11Ингэхдээ Бурханы магтаал болоод алдрын төлөө Есүс Христээр ирэх зөвт байдлын үр жимсээр дүүрэн байгтун.
12Ах дүү нар аа, эдүгээ миний нөхцөл байдал сайн мэдээний үлэмж ахиц дэвшил болж буйг та нар мэдээсэй гэж би хүснэм. 13Миний хүлээс Христийн төлөө байгаа нь захирагчийн бүхэл ордонд болон бусад бүх хүнд илэрхий болов. 14Мөн ах дүү нарын ихэнх нь миний хүлээснээс болж Эзэнд итгэлтэй болж, Бурханы үгийг ярихдаа айлгүй улам илүү зоригтой байна.
15Зарим нь үнэндээ атаархал, өрсөлдөөнөөс болж Христийг тунхагладаг байхад зарим нь бас сайн санаанаасаа тунхагладаг билээ. 16Тэдгээр хүмүүс намайг сайн мэдээг хамгаалуулахаар томилсныг мэдээд хайрын үүднээс Христийг тунхагладаг. 17Нөгөө хүмүүс нь чин сэтгэлээсээ бус өрсөлдөх хүслийн үүднээс Христийг тунхагладаг. Ингэхдээ тэд хүлээстэй намайг шаналгана гэж бодож байна. 18Тэгээд юу гэж! Хуурамч ч бай, үнэнээсээ ч бай аливаа замаар Христ тунхаглагдаж байна. Үүнд л би баярладаг. Мөн баярлах ч болно. 19Та нарын залбирал болон Есүс Христийн Сүнсний туслалцаагаар дамжуулан би суллагдах болно гэдгийг би мэддэг. 20Юунд ч ичихгүй, харин бүрэн зоригтой байх юмсан гэсэн миний хүслэн болсон горьдлого болоод найдварын дагуу Христ одоо ч урьдын адил амиар ч бай, үхлээр ч бай бие дотор минь өргөмжлөгдөх болно. 21Миний хувьд амьдрах нь Христ, үхэх нь ололт юм. 22Хэрэв би махан биенд амьдрах аваас миний ажил үр жимстэй болох бөгөөд алийг нь сонгохоо би мэдэхгүй. 23Гэвч би хоёр талаас шахагдаж байна. Эндээс одож, Христтэй хамт байхыг хүсэж байна. Учир нь энэ нь илүү дээр юм. 24Гэвч махан биендээ үлдэх нь та нарын тусын тулд илүү чухал байна. 25Би үлдэж, та нарын итгэлийн ахиц дэвшилт болон баяр хөөрийн төлөө та бүгдтэй хамт байна гэдгээ мэдэж, үүндээ итгэлтэй байна. 26Ингэснээр би та нартай дахин хамт байснаараа, надаас болж та нарын сайрхал Христ Есүсийн дотор бялхах болно.
27Өөрсдийгөө зөвхөн Христийн сайн мэдээнд зохистойгоор авч явагтун. Тэгвэл би ирээд, та нарыг харлаа ч, эсвэл байхгүй байлаа ч та нарыг сайн мэдээний итгэлийн төлөө нэг сэтгэлээр хамтдаа зүтгэж, нэг сүнс дотор бат зогсоцгоож байгаа гэж сонсох болно. 28Мөн эсэргүүцэгчдийн юунаас ч айж сүрдэхгүй байгааг чинь би сонсох болно. Тэгээд ч айж сүрдэхгүй байх нь тэдний хувьд сүйрлийн тэмдэг, харин та нарын хувьд авралын тэмдэг юм. Энэ нь Бурханаас ирдэг юм. 29Учир нь Христийн төлөө Түүнд зөвхөн итгэх бус, Түүний төлөө бас зовох нь та нарт соёрхогджээ. 30Ингэхдээ та нар миний дотор харсан болон эдүгээ миний дотор байгаа гэж сонсож байгаатай адил тэмцлийг туулах юм.
Одоогоор Сонгогдсон:
ФИЛИППОЙ 1: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society