ТООЛЛОГО 14
14
1Дараа нь бүх чуулган өөрсдийн дуугаа өндөрсгөн хашхирч, тэр шөнө ард олон уйлалдав. 2Израилийн бүх хөвгүүд Мосе, Аарон нарын эсрэг гомдоллож байв. Бүхэл чуулган тэдэнд
—Бид Египетийн нутагт үхэцгээсэн ч болоосой! Эсвэл бид энэ цөлд үхэцгээсэн ч болоосой! 3ЭЗЭН яагаад биднийг энэ нутагт авчирч байгаа юм бэ? Илдэнд унагаахаар уу? Бидний эхнэрүүд, бидний бяцхан хүүхдүүд олз болох болно. Египет уруу буцсан нь бидэнд дээр байх юм биш үү? гэж байв. 4Тийнхүү тэд бие биедээ
—Цөмөөрөө удирдагчийг томилоод Египет уруу буцацгаая гэв.
5Дараа нь нь Мосе, Аарон нар Израилийн хөвгүүдийн чуулганы бүх цугларалтын өмнө нүүрээрээ унацгаав. 6Тэр нутгийг тагнасан хүмүүсийн дотроос Нуны хүү Иошуа болон Иефуннегийн хүү Калеб нар хувцсаа урав. 7Тэд Израилийн хөвгүүдийн бүх чуулганд хандаж ярин
—Бидний тагнахаар туулан өнгөрсөн нутаг бол дэндүү сайхан нутаг болой. 8Хэрэв ЭЗЭН биднийг таалбал, Тэр биднийг тэр нутагт аваачиж, тэрхүү сүү, зөгийн балаар бялхсан нутгийг бидэнд өгөх болно. 9Зөвхөн ЭЗЭНий эсрэг бүү тэрсэл. Тэр нутгийн ард олноос бүү ай. Учир нь тэд бидний олз болох болно. Тэдний хамгаалалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд ЭЗЭН бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айгтун гэлээ. 10Гэвч бүх чуулган тэдэн уруу чулуу чулууд гэцгээж байлаа. Тэгтэл ЭЗЭНий цог жавхлан хурлын майхан дотор Израилийн бүх хөвгүүдэд үзэгдэв.
11ЭЗЭН Мосед хандан
—Энэ ард түмэн хэр удаан Намайг голох вэ? Тэдний дунд Миний бүтээсэн бүх тэмдгүүдийг үл ойшоон тэд хэр удаан Надад итгэхгүй байх юм бэ? 12Би тэднийг тахлаар цохиж, тэднийг устгах болно. Би чамайг тэднээс илүү агуу, илүү хүчирхэг үндэстэн болгоно гэв.
13Гэвч Мосе ЭЗЭНд
—Тэгвэл Та Өөрийн хүчээр энэ ард олныг египетчүүдийн дундаас гаргасан учир тэд үүнийг сонсоод, 14энэ нутгийн оршин суугчдад ярих болно. Таны үүл тэдний дээр тогтон байх зуур, ЭЗЭН Та нүүр нүүрээрээ тулан харагддаг тул ЭЗЭН Та энэ ард олны дунд байгааг тэд сонсоцгоосон билээ. Та тэдний өмнө өдөр нь үүлэн баганаар, шөнө нь галан баганаар явдаг. 15Одоо хэрэв Та энэ ард олныг нэг хүн мэт алах аваас, Таны алдар сууг сонссон үндэстнүүд 16“ЭЗЭН тэдэнд тангараглан амласан нутагт энэ ард түмнийг аваачиж чадаагүй учраас Тэр тэднийг цөлд алав” хэмээн ярих болно. 17Харин одоо би залбирч байна. Таны тунхагласан шиг Эзэний хүч чадал нь агуу байг. 18“ЭЗЭН бол уурлахдаа удаан, хайр энэрлээр элбэг, гэм нүгэл, хууль бусыг уучилдаг. Харин Тэр гэм бурууг шийтгэлгүй орхидоггүй бөгөөд эцгүүдийнх нь гэм бурууг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл буулгадаг”. 19Би залбиран гуйя, Та энэ ард түмнийг Египетээс одоог хүртэл уучилсаар ирсэн шигээ Өөрийн хайр энэрлийн аугаа байдлын дагуу энэ ард түмний хууль бус явдлыг уучлаач гэлээ.
20Тийнхүү ЭЗЭН айлдан
—Чиний үгээр Би тэднийг уучиллаа. 21Харин үнэхээр Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Бүх дэлхий ЭЗЭНий яруу алдраар дүүрэх болно. 22Үнэхээр Египет болон цөлд Миний бүтээсэн тэмдгүүд болон Миний цог жавхланг харсан атлаа ийнхүү арван удаа Намайг сорин, Миний дууг сонсоогүй бүх хүмүүс, 23өвөг дээдэст нь Миний амласан тэр нутгийг яасан ч үзэхгүй бөгөөд Намайг голсон хүмүүсийн хэн нь ч түүнийг үзэхгүй. 24Харин Миний зарц Калеб өөр сүнстэй байн, Намайг бүрэн дагаж байсан тул түүний орсон тэр нутаг уруу нь Би аваачих бөгөөд түүний үр удам нь тэр газрыг эзэмших болно. 25Амалекчууд болон канаанчууд хөндий талд амьдарч байгаа. Маргааш буцан, Улаан тэнгисийн замаар буй цөл уруу хөдлөгтүн гэв.
26ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин айлдахдаа
— 27Миний эсрэг гомдоллож буй энэ хорон муу чуулганыг Би хэр удаан тэсвэрлэх вэ? Миний эсрэг гомдоллож буй Израилийн хөвгүүдийн гомдлыг Би сонссон. 28Тэдэнд ийн хэл. ЭЗЭН айлдаж байна. “Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Та нар Миний чихэнд ярьсантай адил түүнчлэн Би та нарт үнэхээр хийх болно. 29Миний эсрэг гомдоллосон хорь ба түүнээс дээш насны гүйцэд тоологдсон тооныхоо дагуу та нараас тоологдсон бүх хүний цогцос нь энэ цөлд унах болно. 30Миний та нарыг суурьшуулахаар тангарагласан тэр нутагт Иефуннегийн хүү Калеб болон Нуны хүү Иошуа нараас өөр хэн ч орохгүй. 31Харин олз болох нь хэмээн та нарын хэлсэн хүүхдүүдийг чинь Би оруулж, та нарын эс тоомсорлосон тэр нутгийг тэд мэдэх болой. 32Харин та нарын хувьд, цогцсууд чинь энэ цөлд унах болно. 33Хөвгүүд чинь цөлд дөчин жилийн турш хоньчид байх болно. Та нарын цогцсыг цөлд унах хүртэл та нарын үнэнч бус байдлын чинь төлөө тэд зовох болно. 34Дөчин хоног буюу та нарын тэр нутгийг тагнасан өдрүүдийн тоо ёсоор, өдөр бүрийн төлөө нэг жил буюу дөчин жилийн турш та нар өөрсдийн гэм бурууг үүрнэ. Та нар Миний эсэргүүцлийг мэдэх болно. 35ЭЗЭН Би айлдав. Миний эсрэг хамтдаа цугласан энэ бүх хорон муу чуулганд Би үүнийг үнэхээр хийх болно. Тэд энэ цөлд устгагдаж, тэнд үхэх болно” хэмээв.
36Уг нутгийг тагнахаар Мосегээр илгээгдсэн, буцаж ирэн, уг нутгийн талаар муу мэдээг авчирснаараа бүх чуулганыг түүний эсрэг гомдоллуулсан хүмүүсийн хувьд, 37уг нутгийн талаар маш муу мэдээг авчирсан тэдгээр хүмүүс ЭЗЭНий өмнө тахлаар үхэв. 38Харин Нуны хүү Иошуа, Иефуннегийн хүү Калеб нар нутгийг тагнахаар явсан хүмүүсээс амьд үлдэв.
39Мосе эдгээр үгсийг Израилийн бүх хөвгүүдэд хэлэхэд ард олон үлэмж гашуудацгаав. 40Харин өглөө нь тэд эртлэн босож, уулархаг нутаг уруу гарч
—Бид энд байна. Бид үнэхээр нүглийг үйлдсэн боловч ЭЗЭНий амласан газар уруу явах болно гэв. 41Харин Мосе
—Энэ чинь бүтэхгүй атал та нар юунд ЭЗЭНий тушаалыг зөрчиж байна вэ? 42Бүү яв. Эс бөгөөс та нар дайсныхаа өмнө нам цохигдоно. Учир нь ЭЗЭН та нарын дунд байхгүй. 43Амалекчууд болон канаанчууд тэнд та нарын өмнө байх бөгөөд та нар ЭЗЭНийг дагахаас эргэн буцсан болохоор илдэнд унах болно. ЭЗЭН та нартай хамт байхгүй хэмээв. 44Гэвч тэд уулархаг нутаг уруу дур зоргоороо өгсөн явлаа. ЭЗЭНий гэрээний авдар ч, Мосе ч хуаранг орхисонгүй. 45Тэгтэл уулархаг нутагт амьдарч байсан амалекчууд болон канаанчууд буун ирж, тэднийг хядан, Хорма хүртэл тэднийг бут цохив.
Одоогоор Сонгогдсон:
ТООЛЛОГО 14: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society