НЕХЕМИА 5

5
1Хүмүүс болон тэдний эхнэрүүдийн дунд иудей ах дүүсийнхээ эсрэг бөөн эсэргүүцэл гарав. 2Учир нь “Бид хийгээд бидний хөвгүүд, охид олон байна. Тиймээс бид өөрсдийгөө тэжээж амьдрахын тулд үр тариа олж авцгаахыг бидэнд зөвшөөр” гэж хэлэгсэд энд байв. 3Мөн “Өлсгөлөнгөөс болж, бид үр тариа олж авахын тулд тариан талбайгаа, усан үзмийн төглүүдээ, байшингуудаа барьцаалж байна” гэж хэлэх хүмүүс ч байв. 4Мөн ийн хэлэгсэд ч байв. “Бидний тариан талбай, усан үзмийн төглүүдэд оноох хааны татварыг төлөхийн тулд бид мөнгө зээлсэн. 5Бидний махан бие бидний ах дүү нарын махан биетэй адил, бидний хүүхдүүд тэдний хүүхдүүдтэй адил билээ. Гэсэн ч харцгаа, бид хөвгүүд, охидоо боол болгохоор хүчилж, манай охидын зарим нь аль хэдийн боолчлогдож байгаа. Бид яаж ч чадахгүй байна. Учир нь бидний тариан талбай, усан үзмийн төглүүд бусдынх болжээ”.
6Тэгээд би тэдний эсэргүүцлийг болон эдгээр үгсийг сонсоод ихэд уурлав. 7Тэгээд би өөртөө зөвшөөд, сурвалжтанууд ба захирагчдыг зэмлэн, тэдэнд
—Та нар бүгд өөрсдийнхөө ах дүүгээс мөнгө хүүлэхийг шаардаж байна гэв. Тэгээд би тэдний эсрэг их чуулганыг цуглуулав. 8Би тэдэнд
—Бид үндэстнүүдэд худалдагдсан иудей ах дүүсээ өөрсдийн чадах чинээгээрээ чөлөөлсөн билээ. Одоо бидэнд худалдагдахын тулд та нар ах дүүсээ худалдах гэж үү? гэсэнд тэд чимээгүй болж, хэлэх үгээ ч олж чадсангүй. 9Би дахин хэлэв.
—Та нарын хийж буй зүйл чинь сайн юм биш. Та нар бидний дайснуудын болон үндэстнүүдийн зэмлэлээс болж Бурханы айдас дотор явахгүй гэж үү? 10Үүнтэй адил би болон миний ах дүү нар миний зарц нар ч тэдэнд мөнгө ба үр тариаг зээлүүлж байгаа. Мөнгө хүүлэхээ больцгооё. 11Яг энэ өдөр тэдний тариан талбай, усан үзмийн төглүүд, чидуны төглүүд болон байшингуудыг нь, мөн тэднээс шаардаж байгаа мөнгөний, үр тарианы, шинэ дарсны тосны хүүг тэдэнд буцаан өгцгөө гэв. 12Тэгэхэд тэд
—Бид үүнийг буцаан өгөөд, тэднээс юу ч нэхэхгүй. Бид яг таны хэлсэнчлэн хийнэ гэв. Тиймээс би тахилч нарыг дуудаж, энэ амлалт ёсоор хийнэ гэсэн тангаргийг тэднээс авав. 13Би мөн өөрийн хувцасны хормойг сэгсэрч, Бурхан энэ амлалтыг биелүүлээгүй хүн бүрийг гэрээс нь, эзэмшлээс нь ийнхүү сэгсрэг. Тэр ийнхүү сэгсрэгдэж бүр хоосрог гэв. Тэгэхэд бүх чуулган
—Амен гэв. Тэгээд тэд ЭЗЭНийг магтав. Дараа нь хүмүүс амласан ёсоороо үйлдэв.
14Түүнээс гадна, би Иудагийн нутагт тэдний захирагчаар томилогдсон өдрөөс буюу Хаан Артаксерксын хорьдугаар оноос гучин хоёрдугаар он хүртэл арван хоёр жилийн турш би өөрөө ч, миний хамаатнууд ч захирагчийн хүнсний хангамжийг идсэнгүй. 15Харин миний өмнө байсан урьдын захирагчид ард түмэнд ачаа үүрүүлж, дөчин мөнгөн шекелээс гадна тэднээс талх, дарс авч байсан. Зарц нар нь хүртэл ард түмнийг ноёлж байжээ. Харин би Бурханаас эмээсэн учир тийн үйлдсэнгүй. 16Мөн би энэ хэрмийн ажилд бүх хүчээ шавхан оролцсон. Бид ямар ч газар худалдаж аваагүй бөгөөд миний бүх зарц нар тэнд ажиллахаар цугласан. 17Түүнээс гадна, бидний эргэн тойронд байсан үндэстнүүдээс бидэн уруу ирэгсдээс гадна зуун тавин иудейчүүд болон захирагчид миний ширээнд хооллодог байв. 18Өдөр бүр нэг үхэр, зургаан шилдэг хонь төхөөрч байсан төдийгүй, надад мөн шувуудыг бэлтгэдэг байв. Арван хоногт нэг удаа бүх төрлийн дарсыг элбэг дэлбэгээр өгч байв. Гэсэн ч энэ бүхэнд би захирагчийн хүнсний ногдлыг шаардаж байгаагүй. Учир нь энэ ард түмний дээрх боолчлол нь хүнд байв. 19Бурхан минь, энэ ард түмний төлөө хийсэн бүхний минь дагуу, сайны төлөө намайг санаач.

Одоогоор Сонгогдсон:

НЕХЕМИА 5: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү