НЕХЕМИА 2

2
1Артаксеркс хааны хорьдугаар оны Нисан сард түүний өмнө дарс байсан бөгөөд би дарсыг авч хаанд барив. Би урьд нь түүний өмнө гунигтай байсангүй. 2Тиймээс хаан надад
—Чи өвчин тусаагүй атал царай чинь юунд гунигтай байна вэ? Энэ нь зүрхний гуниглалаас өөр юу ч биш ажээ гэж хэлэв. Тэгэхэд би маш ихэд айв. 3Тэгээд би хаанд
—Хаан мөнх наслах болтугай. Миний эцэг өвгөдийг тавьсан газар болох тэр хот эзгүйрч, дааман хаалгууд нь галд шатаагдсан байхад миний царай хэрхэн гуниггүй байх билээ? гэв. 4Тэгэхэд хаан надад
—Чи юу гуймаар байна? гэв. Тиймээс би тэнгэрийн Бурханд залбирлаа. 5Би хаанд хандан
—Хэрэв хаан таалбал, хэрэв таны зарц таны хишгийг олсон бол намайг Иуда уруу, миний эцэг өвгөдийг тавьсан хот уруу түүнийг дахин босгохын тулд илгээнэ үү? гэлээ. 6Тэгэхэд түүний хажууд хатан нь сууж байсан бөгөөд хаан надад
—Чиний аян хэр удаан болж, чи хэдийд буцаж ирэх вэ? гэв. Намайг илгээхийг хаан таалсан тул би түүнд тодорхой цагийг товлов. 7Би хаанд
—Хэрэв хаан таалбал, Евфрат мөрний тэртээх мужийн захирагчдад намайг Иуда хүртэл нэвтрүүлэхийг тэднээр зөвшөөрүүлэх захидлыг надад өгнө үү. 8Мөн сүмийн дэргэдэх цайзын дааман хаалгануудад дам нуруу хийх болон хотын хэрмэнд зориулан, миний очих байшинд зориулан дүнз моддыг надад өгүүлэхийн тулд хааны ойг сахигч Асафт захидал өгнө үү гэлээ. Тэгэхэд хаан тэдгээрийг надад соёрхов. Учир нь миний Бурханы сайн мутар миний дээр байв.
9Тэгээд би Евфрат мөрний тэртээх мужуудын захирагчид уруу очиж, тэдэнд хааны захидлуудыг гардуулав. Хаан надтай хамт цэргийн захирагчид ба морьтонгуудыг илгээсэн юм. 10Хорони хүн Санбаллат ба аммон хүн, түшмэл Тобиа нар үүнийг сонсоод, хэн нэгэн хүн Израилийн хөвгүүдийн сайн сайхныг хайн ирсэн нь тэдэнд тун тааламжгүй байв. 11Тиймээс би Иерусалимд очиж, тэнд гурав хоног байв. 12Тэгээд шөнөөр би цөөхөн хүний хамт босов. Иерусалимын төлөө юу хийх ёстойг Бурхан миний зүрхэнд чиглүүлж байсныг би хэнд ч хэлээгүй бөгөөд миний унаж явсан унаанаас минь өөр амьтан тэнд байсангүй. 13Тэгээд би шөнөөр Луут Худгийн зүг Хөндийн Хаалгаар гарч, Иерусалимын нураагдсан хэрмийг, галд шатаагдсан дааман хаалгуудыг ажин Хаягдлын Хаалга хүртэл явав. 14Дараа нь Оргилуурын Хаалга ба Хааны цөөрөм уруу очсон ч тэнд миний уналга моринд явах газар үгүй байв. 15Тиймээс би шөнөөр жалга даган явж, хэрмийг шинжив. Дараа нь би Хөндийн Хаалгаар дахин орж, буцаж харив. 16Намайг хаашаа явж, юу хийснийг минь түшмэд мэдээгүй бөгөөд би иудейчүүдэд ч, тахилч нарт ч, язгууртнуудад ч, түшмэдэд ч, ажил хийсэн бусад хүмүүст ч юу ч хэлээгүй юм.
17Тэгэхэд би тэдэнд
—Та нар бидний байгаа муу нөхцөл байдлыг, Иерусалим эзгүйрч, дааман хаалгууд нь галд шатаагдсан байгааг харж байгаа биз дээ. Ирцгээ, Иерусалимын хэрмийг дахин босгоцгооё. Тэгвэл бид цаашид гутамшиг болохгүй гэв. 18Миний Бурханы мутар надад ямар ивээлтэй байсныг болон хааны надад хэлсэн үгсийн тухай би тэдэнд хэлэв. Тэгэхэд тэд
—Босоцгоон, дахин барьцгаая гэв. Тэд тийнхүү гараа сайн үйлд зориулав. 19Гэвч хорони хүн Санбаллат ба аммон хүн, түшмэл Тобиа, Гешем, Араб нар үүнийг сонсоод биднийг шоолон жигшиж
—Та нар юу гээчийг хийж байна вэ? Та нар хааны эсрэг самуун үүсгэж байна уу? гэв. 20Тэгэхэд би тэдэнд хариулан
—Тэнгэрийн Бурхан бидэнд амжилт өгнө. Тиймээс Түүний зарц нар болох бид босоцгоон барих болно. Харин та нарт Иерусалимд ямар ч хувь, эрх, эсвэл дурсгал ч байхгүй гэж хэлэв.

Одоогоор Сонгогдсон:

НЕХЕМИА 2: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү