ИОВ 8

8
1Дараа нь шух хүн Билдад хариулан
2Хэр удаан чи эдгээр зүйлсийг чалчиж,
амны чинь үгс хүчит салхи болох юм бэ?
3Бурхан шударга ёсыг завхруулдаг уу?
Төгс Хүчит Нэгэн зөв юмыг завхруулдаг уу?
4Хэрэв хөвгүүд чинь Түүний эсрэг нүгэл үйлдсэн бол
Тэрээр тэднийг өөрсдийнх нь нүглийн хүчинд тушаасан хэрэг юм.
5Хэрэв чи Бурханыг хайж,
Төгс Хүчит Нэгэний өршөөлийг гуйсан сан бол,
6мөн хэрэв чи цэвэр ба шулуун шударга бол,
Тэрээр одоо чиний төлөө Өөрөө босож,
чиний зөв шударга орон гэрийг дахин босгоно.
7Чиний эхлэл шалихгүй байсан ч төгсгөлөө агуу ихээр өсгө.
8Өнгөрсөн үеийнхний талаар асууж,
тэдний эцэг өвгөдийн эрэлхийлж байсан зүйлсийг эргэцүүлэн бод.
9Бид чинь өчигдрийнх бөгөөд
газар дэлхий дээрх бидний өдрүүд сүүдэр мэт учраас
бид юу ч мэддэггүй билээ.
10Тэд чамд сурган хэлж,
өөрсдийн оюун санааны үгсийг гаргахгүй гэж үү?
11Намаг байхгүй бол хулс ургаж чадах уу?
Усгүйгээр зэгс ургаж чадах уу?
12Тэр нь огтлогдоогүй, ногооноороо байхдаа ч
алив ургамлаас өмнө хатаж хорчийдог аж.
13Бурханыг умартсан бүх хүний зам үүнтэй адил юм.
Бурхангүйчүүдийн найдвар мөхнө.
14Тэдний найдвар хэврэг бөгөөд
итгэл нь аалзны шүлсэн тор юм.
15Тэрээр өөрийн гэрт найддаг боловч гэр нь тогтдоггүй.
Тэрээр түүнээс зуурдаг боловч тэр нь даадаггүй.
16Тэрээр наранд өтгөрөн ургаж,
мөчрүүд нь цэцэрлэгээр нь тархдаг.
17Түүний үндэснүүд чулуун овоог ороож,
тэрээр чулуун гэрээс зууралдана.
18Хэрэв тэрээр байрнаасаа хөдөлбөл,
дараа нь тэр газар нь түүнийг үгүйсгэж
“Би чамайг огт хараагүй” гэнэ.
19Харагтун, Түүний замын баяр баясгалан энэ болой.
Шорооноос өөр хүмүүс соёолох болно.
20Үнэнч шударгыг Бурхан үнэхээр орхихгүй,
бузар мууг үйлдэгчдийг Тэрээр дэмжихгүй юм.
21Тэрээр чиний амыг инээдээр,
чиний уруулыг баярын дуугаар дүүргэх л болно.
22Чамайг үзэн ядагчид ичгүүрээр хувцаслах бөгөөд
хорон муу хүний майхан байхгүй гэв.

Одоогоор Сонгогдсон:

ИОВ 8: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү