ИОВ 6
6
1Тэгэхэд Иов хариулж
— 2Өө, миний уй гашуу үнэндээ хэмжигдэж,
миний сүйрлийн хамт жин хэмжүүр дээр тавигдах ч болоосой!
3Тэгвэл тэр нь далай тэнгисийн элснээс ч илүү хүнд байхсан.
Тиймээс миний үгс яаруу байна.
4Төгс Хүчит Нэгэний сумнууд миний дотор байгаа бөгөөд
тэдний хорыг сүнс минь ууж байна.
Бурханы аймшгууд миний эсрэг жагсжээ.
5Өвстэй бол хулан орилох уу?
Тэжээлтэй бол үхэр мөөрөх үү?
6Амтгүй зүйлийг давслахгүйгээр идэж чаддаг бил үү?
Өндөгний цагаанд амт байдаг бил үү?
7Тэдгээрт хүрэхээс сэтгэл минь татгалзаж байна.
Миний хувьд, тэд балиар муухай хоол мэт юм.
8Өө, миний хүсэлт биелэгдэж,
Бурхан миний тэмүүллийг өгч соёрхох ч болоосой!
9Бурхан намайг няцлахыг хүссэн байгаад
Тэрээр Өөрийн мутраа сул тавин, намайг тастан хаяасай!
10Гэсэн ч энэ нь надад тайтгарал болсоор байдаг бөгөөд
би хөнөөлт өвчинд баярлан хөөрдөг.
Учир нь би Ариун Нэгэний үгсийг үгүйсгээгүй юм.
11Би хүлээхийн тулд надад ямар хүч байгаа вэ?
Миний төгсгөл ямар болоод би тэсэх ёстой билээ?
12Миний хүч хад чулууны хүч үү?
Миний бие хүрэл үү?
13Миний тусламж миний дотор байхгүй нь энэ үү?
Аврал нь надаас зайлуулагдсан нь энэ үү?
14Цөхөрсөн хүн Төгс Хүчит Нэгэнээс эмээхээ мартахгүйн тулд
түүнд анд нөхдөөс нь энэрэл байх болой.
15Ах дүүс минь горхи мэт,
ширгэдэг горхинуудын цутгалан мэт итгэлгүйгээр үйлджээ.
16Тэд мөстсөн үедээ булингартай бөгөөд
дотроос нь цас хайлдаг.
17Усгүй болохдоо тэд дуугүй болж,
халуун болоход тэд байрнаасаа алга болдог.
18Тэдний замналын жимүүд тахийдаг бөгөөд
тэд цөл уруу явж, ор сураггүй алга болдог билээ.
19Темагийн жинчид тэднийг харж,
Шебагийн аянчид тэдгээрт найдаж байсан.
20Найдлага тавьж байсан учраас тэд ичицгээсэн бөгөөд
тэнд очоод тэд улайцгаасан.
21Үнэхээр та нар одоо тийм болцгоожээ.
Та нар аймшгийг хардаг бөгөөд айн дагжиж байна.
22Би “Надад өгөөч”,
эсвэл “Өөрсдийн эд хөрөнгөнөөс миний төлөөсийг өргөөч”,
23эсвэл “Өстний савраас намайг чөлөөлөөч”,
эсвэл “Харгис догшин хүмүүсийн савраас намайг авраач” гэж хэлэв үү?
24Надад сургаач, тэгвэл би дуугүй байя.
Хэрхэн алдсаныг минь харуулаач.
25Шударга үгс юутай хүчтэй вэ?
Гэвч та нарын залруулгууд юуг залруулдаг вэ?
26Цөхөрсөн нэгний үгс салхи мэт байдаг байхад
та нар үгсийг буруутгах гэж байна уу?
27Та нар өнчин хүмүүсийн төлөө ч шавга хаяж,
анд найзаа арилжих байсан.
28Би та нарын нүүрний өмнө худал ярьж байгаа эсэхийг надаас одоо хараач.
29Эргэгтүн, би гуйж байна, бурууг бүү байлга.
Эргэгтүн, миний шударга байдал үүнд байна.
30Хэлэн дээр минь буруу юм байна уу?
Миний тагнай сүйрлийг ялгаж чадахаа больсон уу?
Одоогоор Сонгогдсон:
ИОВ 6: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society