ИОВ 3
3
1Үүний дараа Иов амаа нээж, өөрийн төрсөн өдрийг хараав. 2Иов хэлэхдээ
— 3Миний төрсөн өдөр,
“Хөвгүүн бүрэлдсэн” гэсэн шөнө сөнөг.
4Тэр өдөр харанхуй байг.
Дээр буй Бурхан түүнийг бүү харж үзэн,
тэр өдөр гэрэл ч бүү гэрэлтэг.
5Харанхуй болон хар манан түүнийг буцааж аваг.
Үүл түүнийг бүрхэг.
Харанхуй тэр өдрийг айлгаг.
6Тэр шөнө түнэр харанхуйд эзлэгдэг.
Жилийн өдрүүдийн дунд тэр өдөр бүү баясаг.
Тэр нь саруудын тоонд ч бүү орог.
7Үзэгтүн, тэр шөнө үргүй болог.
Тэр шөнө баярын уухай бүү хадаг.
8Левиатаныг сэрээхээр бэлдсэн,
өдрийг хараагч нар түүнийг хараагтун.
9Түүний үдшийн бүрэнхийн одод бөхөг.
Тэр нь гэрлийг хүлээвч авахгүй байж,
үүрийн гэгээг ч бүү үзэг.
10Учир нь тэрээр эхийн минь хэвлийн ам нээгдэхийг зогсоогоогүй,
миний нүднээс зовлонг нуудаггүй.
11Юунд би төрөхдөө үхсэнгүй,
хэвлийнээс гарахдаа эндсэнгүй вэ?
12Юунд өвдгүүд болон намайг хөхүүлэх гэж
эхийн хөх намайг хүлээн авав аа?
13Уг нь би одоо хэвтээд, анир чимээгүй болж,
би нойрсож амрах байсан сан.
14Өөрсдөдөө нурангийг дахин босгосон
дэлхийн хаад, зөвлөгч нартай хамт,
15эсвэл гэр орнуудаа мөнгөөр дүүргэсэн,
алтыг эзэмшиж байсан ноёдын хамт байх байсан.
16Зулбаад хаягдсан,
нарны гэрэл хэзээ ч үзээгүй нялхсын адил би байхгүй яав даа.
17Тэнд хорон муу санаатнууд ч түйвээхээ зогсоож,
ядарч туйлдагсад амарцгаадаг билээ.
18Хоригдлууд хамтдаа тайвныг эдэлж байна.
Тэд харгалзагчийн хашхирах дууг үл сонсдог аж.
19Их багагүй тэнд байцгаадаг бөгөөд
боолчууд эзнээсээ чөлөөлөгддөг аж.
20Юунд зовон тарчлагсдад гэрэл,
сэтгэлээр гашуудагсдад амь өгөгддөг вэ?
21Тэд үхлийг хүсэмжлэвч тэр нь ирдэггүй бөгөөд
нуусан эрдэнэсээс илүүгээр тэд үхлийг хайж ухдаг ажээ.
22Тэд булшаа олмогц асар ихээр хөөрөн, баярладаг.
23Зам нь нуугдмал хүнийг Бурхан хүрээлдэг билээ.
24Хоолны оронд надад ёолох нь л ирэх бөгөөд
миний нулимс ус мэт асгарч байна.
25Миний эмээдэг зүйл над дээр ирж,
миний айдаг зүйл надад оноогддог.
26Би тайван биш, чимээгүй ч биш бөгөөд
би амраагүй, харин үймээн самуун ирдэг билээ гэв.
Одоогоор Сонгогдсон:
ИОВ 3: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society