ИОВ 2

2
1Өөр нэгэн өдөр Бурханы хөвгүүд өөрсдийгөө ЭЗЭНий өмнө үзүүлэхээр ирэхэд Сатан бас ЭЗЭНий өмнө өөрийгөө үзүүлэхээр тэдний дунд ирэв. 2ЭЗЭН Сатанд
—Чи хаанаас ирэв? гэхэд, Сатан ЭЗЭНд хариулан,
—Газар дэлхийгээр хэрэн хэсүүчилсээр ирлээ гэв. 3ЭЗЭН Сатанд
—Миний боол Иовын талаар чи бодов уу? Түүн шиг Бурханаас эмээдэг, бузар муугаас зайлдаг, гэм зэмгүй, шулуун шударга хүн газар дэлхий дээр нэг ч алга. Ямар ч учир шалтгаангүйгээр түүнийг сүйрүүлэхээр чи Намайг түүний эсрэг турхирсан боловч тэрээр үнэнч шударга байдлаа хадгалсаар л байна гэв. 4Сатан ЭЗЭНд хариулан
—Арьсыг арьсаар! Тийм ээ, өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм. 5Харин одоо Өөрийн мутраа сунгаж, түүний яс ба маханд хүргээч. Тэр Таны нүүрэн дээр Таныг хараах болно гэв. 6Тиймээс ЭЗЭН Сатанд
—Үзэгтүн, тэрээр чиний мэдэлд байна, зөвхөн түүний аминд хүрч болохгүй гэв.
7Тэгээд Сатан ЭЗЭНий оршихуйгаас явж, Иовыг хөлийнх нь улнаас толгойн орой хүртэл нь яр хатиганд бариулав. 8Тэрээр үнс нурман дунд сууж байхдаа өөрийгөө маажих гэж ваарын хэлтэрхий авав. 9Тэгэхэд эхнэр нь түүнд
—Чи үнэнч шударга байдлаа хадгалсаар л байна уу? Бурханыг хараагаад, үх гэв. 10Харин тэрээр түүнд
—Чи мунхаг эмсийн адилаар ярьж байна. Бид үнэндээ Бурханаас сайныг хүлээн авч, зовлон бэрхшээлийг хүлээн авахгүй байх ёстой юу? гэв. Энэ бүхэнд Иов уруулаараа нүгэл хийсэнгүй.
11Иовд тохиолдсон энэ бүх гай зовлонгийн талаар түүний гурван найз болох теман хүн Елифаз, шух хүн Билдад, наамат хүн Зофар нар сонсоод, тус тусын газраас ирэв. Тэд түүнийг тайтгаруулж, тайвшруулахын тулд ирэхээр хамтдаа болзжээ. 12Тэд алсаас нүдээ өргөн, түүнийг хараад таньсангүйд дуугаа өндөрсгөн, уйлалдав. Тэдний хүн нэг бүр нөмрөгүүдээ урж, толгой дээгүүрээ тэнгэр өөд шороо цацав. 13Тэгээд хэн нь ч түүнд нэг ч үг хэлэлгүйгээр тэд долоон өдөр, долоон шөнийн турш түүний хамт газар сууцгаав. Учир нь өвчин шаналал маш их байгааг тэд харсан билээ.

Одоогоор Сонгогдсон:

ИОВ 2: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү