ИОВ 19
19
1Тэгэхэд Иов хариулан
— 2Хэдий болтол та нар намайг тарчлааж,
үгсээр намайг бяцлах юм бэ?
3Та нар намайг ийнхүү арван удаа доромжиллоо.
Намайг буруутгахаасаа ч та нар ичдэггүй билээ.
4Хэрэв би үнэхээр алдсан байсан ч алдаа минь наддаа л үлдэнэ.
5Хэрэв та нар үнэхээр миний эсрэг өөрсдийгөө дөвийлгөж,
миний шившгийг надад нотолж байгаа бол,
6Бурхан намайг буруутгаж,
миний эргэн тойронд Өөрийн торыг татсаныг мэдтүгэй.
7Харагтун, би “Хүчирхийлэл!” хэмээн орилдог боловч ямар ч хариу авдаггүй.
Би тусламж эрэн хашхирдаг, харин ямар ч шударга ёс алга.
8Тэрээр замыг минь тагласан нь би нэвтрэн гарч чадахгүйн тулд бөгөөд
тэрээр жимүүд дээр минь харанхуйг буулгажээ.
9Тэрээр алдар хүндийг минь надаас зайлуулж,
тэргүүнээс минь титмийг тайлж авсан юм.
10Тэрээр намайг тал бүрд сүйтгэдэг бөгөөд би өнгөрлөө.
Тэрээр найдварыг минь мод мэт үндсээр сугалан хаяв.
11Тэрээр бас Өөрийн уураа миний эсрэг ноцоож,
намайг Өөрийн дайснаа хэмээн үзсэн билээ.
12Түүний цэргүүд хамтдаа ирж, миний эсрэг чиглэж,
майхныг минь бүслэн буудалладаг.
13Тэрээр ах дүүсийг минь надаас хол явуулсан бөгөөд
танилууд минь надаас бүрмөсөн дөлөх болжээ.
14Төрөл төрөгсөд минь дайжсан бөгөөд
дотнын нөхөд минь намайг мартав.
15Миний гэрт амьдрагсад хийгээд шивэгчид минь хүртэл намайг танихгүй хүнд тооцдог.
Тэдний нүдэнд би харь хүн билээ.
16Зарцаа би дууддаг боловч, тэрээр хариулдаггүй.
Би түүнийг амаараа гуйх болдог.
17Миний амьсгал эхнэрт минь цээрлэгдэж,
өөрийн ах дүүстээ би жигшигдэж байна.
18Жаахан хүүхдүүд хүртэл намайг жигшдэг.
Намайг босоход тэд миний эсрэг ярьдаг юм.
19Бүх зөвлөхүүд минь намайг үзэн яддаг бөгөөд
миний хайрлаж байдаг хүмүүс ч миний эсрэг эргэжээ.
20Миний яс нь арьс, махтайгаа наалдаж,
би шүднийхээ буйлтай л үлдлээ.
21Бурханы мутар намайг цохисон тул миний анд нөхөд та нар
намайг өрөвдөөч, намайг өрөвдөөч.
22Юунд та нар Бурханы адил намайг хавчиж,
миний маханд цадахгүй байна вэ?
23Миний үгс бичигдсэн байдаг ч болоосой!
Тэд номд буулгагддаг ч болоосой!
24Төмөр зоруул болон тугалгаар тэд хад чулуун дээр үүрд мөнхөд сийлэгддэг ч болоосой!
25Миний хувьд гэвэл, миний Золигч амьд гэдгийг болон
эцэст Тэрээр дэлхий дээр байр сууриа эзэлнэ гэдгийг би мэднэ.
26Арьс минь устгагдсан хойно ч
би махан биеэрээ Бурханыг харах болой.
27Түүнийг би өөрөө харах бөгөөд Түүнийг,
өөр хэнийг ч биш миний нүд үзэх болно.
Миний зүрхэн дотор үүнийг л хүсэн хүлээж байна!
28Хэрэв та нар “Бид түүнийг яаж хавчих вэ?”,
мөн “Түүний эсрэг хэргийн ямар шалтгийг бид олж чадах вэ?” гэж хэлбэл,
29өөрсдөд чинь ирэх илднээс айцгаа.
Учир нь уур хилэн нь илдний шийтгэл бөгөөд
энэ нь шүүлт бий гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд юм гэв.
Одоогоор Сонгогдсон:
ИОВ 19: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society