ИОХАН 14:1-14
ИОХАН 14:1-14 АБ2004
Та нар зүрхээ бүү зовоо. Бурханд итгэ, мөн Надад итгэ. Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Хэрэв тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлдэхээр явна. Хэрэв Би явж та нарт орон байр бэлдвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно. [Миний] явах газарт очих замыг та нар мэднэ гэж айлдав. Томас Түүнд —Эзэн, бид Таны хаашаа явахыг мэдэхгүй. Бид тэр замыг яаж мэдэх вэ? гэсэнд Есүс —Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй. Хэрэв та нар Намайг мэдсэн бол Миний Эцэгийг ч мөн мэдэх байсан. Одооноос эхлэн та нар Түүнийг мэдэж, Түүнийг харлаа гэлээ. Филип Түүнд —Эзэн, бидэнд Эцэгээ харуулаач. Энэ л бидэнд хангалттай гэв. Есүс —Би та нартай ийм удаан хамт байхад, чи Намайг таньсангүй гэж үү, Филип ээ? Намайг харсан хүн Эцэгийг харсан. Гэтэл “Бидэнд Эцэгээ харуулаач” гэж чи яаж хэлнэ вэ? Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэхгүй байна уу? Миний та нарт хэлж байгаа үгсийг Би Өөрийн санаагаар хэлээгүй. Харин Миний дотор оршигч Эцэг Өөрийнхөө ажлуудыг хийж байгаа юм. Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэгтүн. Эс бөгөөс үйлсийн учир итгэгтүн. Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Надад итгэдэг хүн Миний хийдэг ажлуудыг бас хийх бөгөөд эдгээрээс агуу ажлуудыг ч хийх болно. Яагаад гэвэл Би Эцэгтээ очно. Та нар Миний нэрээр юуг ч гуйсан, Эцэг Хүүгээрээ алдаршуулагдахын тулд Би түүнийг хийнэ. Хэрэв та нар Миний нэрээр юуг ч Надаас гуйвал, Би түүнийг чинь хийнэ.