ИЕРЕМИА 30
30
1ЭЗЭНээс Иеремиад ирсэн үг айлдсан нь 2“Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна. «Миний чамд айлдсан бүх үгсийг номд бич. 3Учир нь харагтун, Би Өөрийн хүмүүс Израиль болон Иудагийн сайн сайхныг сэргээх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би бас тэдний эцэг өвгөдөд өгсөн нутагт та нарыг буцаан авчирч, тэд түүнийг эзэмших болно» гэж ЭЗЭН айлдаж байна”.
4Израиль болон Иудагийн талаар ЭЗЭНий айлдсан үгс бол эдгээр нь юм.
5“Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна.
«Би аймшиг, айдсын дууг сонссон бөгөөд амар амгалан үгүй.
6Асуугаад, эрэгтэй хүн хүүхэд төрүүлж чадах эсэхийг хар.
Яагаад хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг эрэгтэй хүн бүр гараа бүсэлхий дээрээ тавьсан байхыг Би харж байна вэ?
Яагаад бүх царайнууд нь цонхигор болов?
7Аяа! Тэр өдөр агуу бөгөөд түүнтэй адил өдөр байхгүй билээ.
Энэ бол Иаковын зовлонгийн үе боловч тэр үүнээсээ аврагдана.
8Тэр өдөр Би тэдний хүзүүн дээрээс түүний буулгыг эвдлэн авч, дөнгийг нь тастана. Харийнхан тэднийг дахин өөрсдийн боолоо үл болгоно» гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. 9«Харин тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНд, мөн тэдний төлөө Миний босгох өөрсдийн хаан Давидад үйлчилнэ.
10Миний зарц Иаков аа, бүү ай» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
«Израиль аа, бүү зүрх алд.
Учир нь харагтун, Би чамайг алсаас,
чиний үр удмыг олзлогдсон нутгаас нь аварна.
Иаков буцан ирж, чимээгүй болон тайван байж, түүнийг хэн ч айлгахгүй.
11Учир нь чамайг аврахын тулд Би чамтай хамт байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
«Учир нь Би та нарыг дунд нь тараасан үндэстнүүдийг Би бүрэн устгах бөгөөд
зөвхөн чамайг Би бүрэн устгахгүй.
Гэвч Би чамайг шударгаар гэсгээж, яасан ч чамайг шийтгэхгүй орхихгүй»
12Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна.
«Чиний шарх эдгэшгүй, чиний гэмтэл ноцтой.
13Чиний хэргийг өмгөөлөх хэн ч байхгүй.
Чиний яранд эдгэрэл, чамд тэнхрэл үгүй.
14Чиний бүх амраг чамайг мартаж,
тэд чамайг эрэлхийлэхгүй байна.
Учир нь Би чамайг дайсны шархаар,
харгис нэгний шийтгэлээр шархдуулсан нь чиний гэм буруу их ба чиний нүглүүд тоолшгүй олон тул байв.
15Чи юунд гэмтлээсээ болж хашхирна вэ?
Чиний өвчин эдгэшгүй.
Чиний гэм буруу их ба чиний нүглүүд тоолшгүй олон тул Би чамд эдгээр зүйлсийг үйлдэв.
16Тийм учраас чамайг залгигч бүхэн залгигдах болно.
Чиний бүх дайснууд, тэдний хүн нэг бүр нь олзлогдон явах болно.
Чамайг тоногчид тонуулах бөгөөд чамаас олз ологчид олзонд өгөгдөх болно.
17Учир нь Би чамайг тэнхрүүлэн сэргээнэ.
Чамайг шархнаас чинь эдгээнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
«Учир нь тэд чамайг зайлуулагдагч гээд
“Энэ бол Сион.
Түүнийг хэн ч анхаардаггүй” гэдэг».
18ЭЗЭН ингэж айлдаж байна.
«Үзэгтүн, Би Иаковын майхнуудын сайн сайхныг сэргээн,
түүний амьдардаг газруудад өршөөл үзүүлнэ.
Хот өөрийн балгас дээр дахин баригдаж,
ордон өөрийн зөв газартаа босох болно.
19Тэднээс талархлууд болон баярлан цэнгэдэг хүмүүсийн дуу хоолой гарна.
Би тэднийг олшруулж, тэд цөөрөхгүй.
Би бас тэднийг хүндэтгэж, тэд өчүүхэн байхаа болино.
20Тэдний хүүхдүүд бас урьдынх шигээ байж,
тэдний цуглаан Миний өмнө тогтоогдох болно.
Би тэдний бүх дарлагчдыг шийтгэнэ.
21Тэдний удирдагч нь тэдний нэг байх бөгөөд
тэдний захирагч тэдний дундаас гарч ирнэ.
Би түүнийг ойртуулахад, тэр Над уруу дөхөн ирнэ.
Над уруу дөхөж ирэхээр өөрийн амиар хэн аз туршиж зүрхлэх билээ?» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
22«Та нар Миний ард түмэн,
Би та нарын Бурхан болно» хэмээв”.
23Үзэгтүн, ЭЗЭНий шуурга!
Уур хилэн, хуйлрах шуурга гарав.
Энэ нь хорон муу хүмүүсийн толгой дээр хагарах болно.
24Тэрээр Өөрийн зүрхний төлөвлөгөөг биелүүлж, гүйцэтгэх хүртэл ЭЗЭНий ширүүн уур хилэн буцаж эргэхгүй.
Сүүлчийн өдрүүдэд та нар үүнийг ойлгоно.
Одоогоор Сонгогдсон:
ИЕРЕМИА 30: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society