ИЕРЕМИА 31
31
1“Тэр үед Би Израилийн бүх ургуудын Бурхан болж, тэд Миний ард түмэн болох болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
2ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Илднээс амьд үлдсэн хүмүүс цөлд нигүүлслийг олсон,
амралтаа хайхаар явсан Израиль юм”.
3ЭЗЭН түүнд холоос үзэгдэн,
“Би чамайг үүрдийн хайраар хайрласан.
Тийм учраас Би чамайг хайр энэрлээр татсан билээ.
4Би чамайг дахин барьж, чи дахин баригдах болно, Израилийн онгон охин!
Чи дахин товшууруудаа авч, баярлан цэнгэгчдийн бүжигт очно.
5Чи дахин Самарийн толгод дээр усан үзмийн цэцэрлэгүүдийг суулгана.
Тариаланчид тарьж, таашаах болно.
6Учир нь Ефраимын толгод дээрх харуулууд
«Босоцгоо, Сион өөд өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу явцгаая» гэж хашхирцгаах өдөр ирнэ”.
7Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Иаковын төлөө баяртайгаар чанга дуулж,
үндэстнүүдийн ахлагчдын дунд хашхирагтун.
Тунхаглан, магтаалыг өргөж,
«Өө, ЭЗЭН, Израилийн үлдэгсэд болох Өөрийн ард түмнийг авраач» гэж хэл.
8Үзэгтүн, Би тэднийг хойд зүгийн нутгаас авчирч байна.
Би тэднийг газар дэлхийн алслагдсан хэсгүүдээс цуглуулж,
тэдний дунд сохор ба доголон,
жирэмсэн эмэгтэй ба хүүхдээ төрүүлэх гэж өвдөж буй эмэгтэй
бүгд хамтдаа байх болно.
Бөөн хүмүүс, тэд энд буцаж ирнэ.
9Тэд уйлан ирж, Би тэднийг гуйлтаар удирдана.
Би тэднийг урсгал усны хажуугаар,
бүдрэхээргүй тэгшхэн замаар алхуулна.
Учир нь Би Израильд Эцэг нь бөгөөд Ефраим бол Миний ууган хүү юм”.
10Үндэстнүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсож,
алс холын эргүүдэд тунхаглан,
“Израилийг тараасан Нэгэн түүнийг цуглуулан,
хоньчин хонин сүргээ хамгаалдаг шиг түүнийг хамгаална” гэж хэлцгээ.
11Учир нь ЭЗЭН Иаковыг зольж,
түүнийг өөрөөс нь илүү хүчтэй байсан нэгний гараас чөлөөлсөн юм.
12Тэд ирж, Сионы өндөрлөгүүд дээр баярлан хашхиралдана.
Тэд ЭЗЭНий хишиг болох үр тариа, шинэ дарс, тос, мал сүргийн үр төлийн улмаас гэрэлтэнэ.
Тэдний амьдрал услагдсан цэцэрлэг мэт болж,
тэд дахин хэзээ ч доройтохгүй.
13Тэгээд онгон охин, мөн залуу ба хөгшин хүн хамтдаа бүжиглэн баярлана.
Учир нь Би тэдний гашуудлыг баяр хөөр болгож,
тэднийг тайвшруулан,
зовлонгийнх нь оронд тэдэнд баяр хөөрийг өгнө.
14Би тахилч нарын сэтгэлийг элбэг дэлбэгээр дүүргэж,
Миний ард түмэн Миний сайн байдалд хангалуун байх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
15ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Ихэд гашуудан уйлах дуу Рамад сонсдов.
Рахел хүүхдүүдийнхээ төлөө уйлна.
Тэд байсангүй учир тэрээр тайтгарлыг авахгүй байна”.
16ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Уйлахаас дуу хоолой, нулимсаас нүдээ тэвчин барь.
Учир нь чиний үйлс шагнагдана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
“Тэд дайсны нутгаас буцаж ирнэ.
17Та нарын ирээдүйд найдвар бий” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
“Хүүхдүүд өөрсдийн нутаг дэвсгэр уруу буцаж ирнэ.
18Би Ефраимыг
«Та намайг гэсгээсэн бөгөөд Би сургагдаагүй бух шиг гэсгээгдсэн юм.
Та Миний Бурхан ЭЗЭН тул намайг буцаан авчраач, ингэснээр би сэргээгдэнэ.
19Учир нь би буцаж эргэсний дараа гэмшсэн билээ.
Би зааварлуулсны дараа гуяа алгадсан.
Би залуу үеийнхээ гутамшгийг үүрсэн тул ичиж, дорд болгогдсон» гэж гашуудаж байхыг нь үнэхээр сонслоо.
20Ефраим Миний хайрт хүү мөн үү?
Тэрээр тааламжит хүү мөн үү?
Үнэхээр Би түүний эсрэг ярьсан бүрдээ Би түүнийг лавтай яа санадаг.
Тийм болохоор Миний зүрх сэтгэл түүн уруу тэмүүлдэг.
Би гарцаагүй түүнд өршөөл үзүүлнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
21“Өөртөө зориулан замын тэмдгүүдийг тавьж, дохио тэмдгүүдийг байрлуул.
Өөрийн оюун бодлоо явсан зам уруугаа, их зам уруу чиглүүл.
Эргэж ирээч, Израилийн онгон охин, өөрийн эдгээр хот уруу эргэж ирээч.
22Итгэлгүй охин, чи хир удаан үүгээр түүгээр явах юм бэ?
Учир нь ЭЗЭН газар дэлхий дээр нэгэн шинэ зүйл бүтээв.
Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хүрээлнэ”.
23Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би тэдний сайн сайхныг сэргээх үед тэд Иудагийн нутагт болон түүний хотуудад дахин нэг удаа энэ үгийг хэлэх болно.
«Зөв шударгын гэр,
ариун толгод оо,
ЭЗЭН чамайг ерөөх болтугай!»
24Иуда болон түүний бүх хотууд, тариачин болон хонин сүрэгтэйгээ нүүдэллэгчид хамтдаа түүн дотор амьдарна. 25Учир нь Би ядарч эцсэн хүмүүсийг хангаж, сульдсан хүмүүсийг сэргээдэг”. 26Тэгэхэд би сэрээд харсан бөгөөд миний нойр надад тааламжтай байв.
27“Үзэгтүн, Би Израилийн гэр болон Иудагийн гэрийг хүний үр болон араатан амьтны үрээр тарьж суулгах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 28“Зулгаан зумлаж, эвдлэн хямруулж, хөмрүүлж, сүйтгэж, мөн гай гамшгийг авчрахын тулд Би харсан шигээ барьж, тарьж ургуулахын тулд Би тэднийг харна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
29“Тэдгээр өдрүүдэд тэд
«Эцгүүд гашуун усан үзэм идсэн бөгөөд
хүүхдүүдийн шүд мохно» гэж дахин хэлэхгүй.
30Гэвч хүн бүр өөрийн гэм буруугийн төлөө үхнэ. Гашуун усан үзмийг иддэг хүн бүрийн шүд нь мохох болно”. 31ЭЗЭН тунхаглаж байна. “Үзэгтүн, Израилийн гэр болон Иудагийн гэртэй Би шинэ гэрээ хийх өдрүүд ирж байна. 32Тэр нь эцэг өвгөдийг нь Египетийн нутгаас гаргахын тулд гараас нь барьсан тэр өдөр тэдэнтэй байгуулсан гэрээ буюу хэдийгээр Би тэдэнд нөхөр нь байсан боловч тэдний зөрчсөн Миний гэрээтэй адил биш юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 33“Гэвч энэ нь тэдгээр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би Өөрийн хуулийг тэдний дотор хийж, зүрхэн дээр нь Би түүнийг бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно. 34Хүн бүр хөршдөө, хүн бүр ах дүүдээ «ЭЗЭНийг мэд» гэж тэд дахин заахгүй. Учир нь тэдний багаас том хүртэл нь тэд бүгд Намайг мэдэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би тэдний гэм бурууг уучилж, тэдний нүглийг дахин санахгүй”.
35Гэрэл болгон өдрөөр нарыг,
шөнөөр сар болон оддыг тогтоогдсон зарлигаар өгдөг,
давалгаа нь хүржигнэтэл далайг хутгадаг ЭЗЭН ингэж айлдаж байна.
Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН.
36“Хэрэв энэ тогтоогдсон зарлиг Миний өмнөөс холдвол,
Израилийн үр удам бас Миний өмнө үндэстэн байхаа үүрд болино” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
37ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Хэрэв дээрх тэнгэрүүд хэмжигдэж,
доорх газрын сууриуд тооцоологдож чадвал,
Би ч бас Израилийн бүх үр удмыг үйлдсэн бүгдийнх нь төлөө зайлуулна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
38“Үзэгтүн, ЭЗЭНд зориулж Хананелын цамхгаас Булангийн Дааман Хаалга хүртэл хот дахин баригдах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 39“Хэмжих шугам нь цаашаа чигээрээ Гареб толгодод хүртэл явна. Дараа нь тэр Гоа уруу эргэнэ. 40Үхсэн хүүр ба үнстэй бүхий л хөндий болон Кидрон горхи хүртэлх бүх талбай, зүүн зүг уруу Морин Хаалганы булан хүртэл ЭЗЭНд ариун болно. Энэ нь дахин зулгаан зумлагдахгүй, эсвэл хөмрөгдөхгүй”.
Одоогоор Сонгогдсон:
ИЕРЕМИА 31: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society