ИЕРЕМИА 25

25
1Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөв дэх жилд (энэ нь Вавилоны хаан Небухаднезарын эхний жил байв) Иудагийн бүх хүмүүсийн талаарх үг Иеремиад иржээ. 2Үүнийг эш үзүүлэгч Иеремиа Иудагийн бүх хүмүүст болон Иерусалимын бүх оршин суугчдад ярин 3“Иудагийн хаан, Аммоны хүү Иосиагийн арван гурав дахь жилээс авахуулан энэ өдрийг хүртэл, энэ хорин гурван жилийн турш ЭЗЭНий үг надад ирсэн бөгөөд би та нарт дахин, дахин ярьсан боловч та нар сонссонгүй. 4ЭЗЭН эш үзүүлэгчид болох Өөрийн бүх зарц нараа та нар уруу дахин дахин илгээсэн боловч та нар сонсоо ч үгүй, сонсох гэж чихээ тавьсан ч үгүй. 5Тэд «Хүн бүр өөрийн бузар муу замаас болон үйлсийнхээ бузар муугаас эргэж, ЭЗЭНий та нарт болон та нарын эцэг өвгөдөд үүрд мөнхөд өгсөн нутагт амьдар. 6Өөр бурхдад үйлчилж, мөргөхийн тулд тэдний араас явахгүй байж, өөрсдийн гарын бүтээлээр Намайг уурлахад бүү хүргээрэй. Тэгвэл Би та нарт ямар ч хор хөнөөл учруулахгүй» гэсэн. 7Гэтэл та нар Намайг сонсоогүй нь өөрсөддөө гай болохын тулд гарынхаа бүтээлээрээ Намайг уурлан хилэгнүүлэхийн тулд байв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
8“Тийм учраас түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Та нар Миний үгсийг сонсоогүй тул, 9үзэгтүн, Би илгээж, хойд зүгийн бүх гэр бүлийг авч,» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Миний зарц болох Вавилоны хаан Небухаднезар уруу илгээж, тэднийг энэ нутгийн эсрэг, оршин суугчдынх нь эсрэг болон эргэн тойрны эдгээр бүх үндэстнүүдийн эсрэг аваачна. Би тэднийг бүрмөсөн устгаж, тэднийг аймшиг, харуусал ба үүрдийн эзгүйрэл болгоно. 10Үүнээс гадна, Би тэднээс баяр баясгалан болон баяр хөөрийн дууг, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу хоолойг, тээрмийн чулууны дуу чимээг болон дэнлүүний гэрлийг авна. 11Энэ бүхэл нутаг эзгүйрэл болон айдас болж, эдгээр үндэстнүүд Вавилоны хаанд далан жил үйлчилнэ.
12Далан жил гүйцэж өнгөрөхөд Вавилоны хаан болон тэр үндэстнийг, халдеичуудын нутгийг тэдний гэм буруугийн төлөө Би шийтгэнэ. Би түүнийг үүрдийн эзгүйрэл болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 13«Би тэр нутаг дээр түүний эсрэг зарласан Өөрийн бүх үгсийг, бүх үндэстнүүдийн эсрэг Иеремиагийн эш үзүүлсэн энэ номд бичигдсэн бүхнийг авчирна. 14(Учир нь олон үндэстнүүд болон агуу их хаад тэднээс, тэднийг хүртэл боол болгоно. Би тэдэнд тэдний үйлс болон тэдний гарын үйлдлийн дагуу нөхөн төлнө.)» хэмээв”.
15Учир нь Израилийн Бурхан, ЭЗЭН надад ингэж айлдаж байна. “Миний мутраас уур хилэнгийн дарсны энэ аягыг авч, Миний чамайг илгээх бүх үндэстэнд түүнийг уулга. 16Тэд ууж, гуйван, тэдний дунд Миний илгээх илднээс болж галзуурна”.
17Тэгээд би ЭЗЭНий мутраас аягыг авч, ЭЗЭНий намайг илгээсэн бүх үндэстэнд түүнийг уулгав. 18Иерусалим, Иудагийн хотуудад, түүний хаад болон түүний ноёдод уулгасан нь тэднийг энэ өдөрт мэт сүйрэл, айдас, харуусал болон хараал болгохын тулд юм. 19Египетийн хаан Фараон, түүний зарц нар, түүний ноёд, болон түүний бүх ард түмэн, 20харийн бүх хүмүүс, Уз нутгийн бүх хаад, филистчүүдийн нутгийн бүх хаад (Ашкелон, Газ, Екрон ба Ашдодын үлдэгсэд), 21Едом, Моаб, болон Аммоны хөвгүүд, 22Тирийн бүх хаад, Сидоны бүх хаад болон тэнгисээс цааш орших арлуудын хаад, 23Дедан, Тема, Буз болон булангуудыг огтолдог хүмүүс, 24Арабын бүх хаад болон цөлд оршин суудаг харийн хүмүүсийн бүх хаад, 25Зимрийн бүх хаад, Еламын бүх хаад болон Медийн бүх хаад, 26өөр хоорондоо ойр хол байдаг хойд зүгийн бүх хаад, мөн газрын гадаргуу дээрх газар дэлхийн бүх хаанчлал ууж, Шешахын хаан тэдний дараа уух болно.
27“Чи тэдэнд «Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Та нарын дунд Миний илгээх илдний улмаас ууж, согтууран, бөөлжиж, унаад, дахин бүү бос”» гэж хэл. 28Хэрэв тэд чиний гараас аягыг уухаар авахаас татгалзвал, чи тэдэнд «Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нар заавал уух ёстой! 29Учир нь үзэгтүн, Миний нэрээр дуудагдах энэ газар Би гамшгийг авчирч эхэлсэн байтал та нар шийтгэлээс бүрмөсөн чөлөөлөгдөж чадна гэж үү? Та нар шийтгэлээс чөлөөлөгдөхгүй. Учир нь Би газар дэлхийн бүх оршин суугчдын эсрэг илдийг дуудаж байна” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна» гэж хэлэгтүн.
30Тийм учраас чи тэдний эсрэг эдгээр бүх үгсийг эш үзүүлж, чи тэдэнд хэлэхдээ
«ЭЗЭН өндөр дээрээс архиран,
Өөрийн ариун оршихуйгаас Өөрийн дууг гаргана.
Тэрээр Өөрийн сүргийн эсрэг хүчтэйгээр архирна.
Тэрээр газар дэлхийн бүх оршин суугчдын эсрэг усан үзмийг гишгэлдэг хүмүүсийн адил хашхирна.
31ЭЗЭН үндэстнүүдтэй маргасан тул газар дэлхийн адагт хашхираан хүрчээ.
Тэрээр бүх махан биесийг шүүнэ. Хорон муу хүмүүсийн хувьд,
Тэрээр тэднийг илдэнд тушаажээ» гэж ЭЗЭН тунхаглаж байна”.
32Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Үзэгтүн, бузар муу нь үндэстнээс үндэстэн уруу явж,
газар дэлхийн хамгийн алслагдсан хэсгээс агуу их шуурга хөдөлгөгдөж байна.
33Тэр өдөр ЭЗЭНээр хядуулсан хүмүүс газар дэлхийн нэг адгаас нөгөөг хүртэл байна. Тэдний төлөө гашуудахгүй, тэднийг цуглуулахгүй, оршуулахгүй. Тэд газрын гадаргуу дээрх ялгадас мэт болно.
34Уйлцгаа, хоньчид оо, та нар хашхир.
Сүргийн эзэд ээ, та нар үнсэнд хөрвөө.
Учир нь та нарын хядлагын болон таран бутралтын үе ирсэн бөгөөд
та нар шилмэл сав шиг унана.
35Хоньчдод зугтах газар,
сүргийн эздэд хэлтрэх газар үгүй байх болно.
36Хоньчдын хашхирах дуу,
сүргийн эздийн уйлах дуу!
Учир нь ЭЗЭН тэдний бэлчээрүүдийг устгаж байгаа бөгөөд
37ЭЗЭНий ширүүн уур хилэнгийн улмаас амар амгалан сүргүүд дуугуй болгогдоно.
38Тэрээр арслан мэт Өөрийн нууц газраа орхив.
Учир нь дарангуйллын хатуу байдал болон Түүний ширүүн уур хилэнгээс болж айдас тэдний нутаг болжээ.

Одоогоор Сонгогдсон:

ИЕРЕМИА 25: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү