ИСАИА 60

60
1“Бос, гэрэлт.
Учир нь чиний гэрэл ирж,
ЭЗЭНий цог жавхлан чиний дээр мандаж байна.
2Үзэгтүн, газрыг харанхуй бүрхэн,
гүн харанхуй хүмүүсийг хучсан.
Гэвч ЭЗЭН чиний дээр мандан,
Түүний цог жавхлан нь чиний дээр үзэгдэнэ.
3Үндэстнүүд чиний гэрэл уруу,
хаад нь чиний мандах туяа уруу ирнэ.
4Нүдээ өргөн орчин тойрноо харагтун.
Тэд бүгдээрээ цуглан, чам дээр ирж байна.
Чиний хөвгүүд алс холоос ирнэ.
Чиний охид гар дээр тэврүүлэн ирнэ.
5Чи харж, царай чинь гэрэлтээд,
чиний зүрх хөдлөн, баясна.
Яагаад гэвэл далайн баялаг та нарынх болж,
үндэстнүүдийн хөрөнгө чамд ирнэ.
6Тэмээн сүрэг, Мидиан болон Ефагийн ботгонууд чамайг бүрхэнэ.
Тэд бүгдээрээ Шебагаас ирнэ.
Тэд алт хийгээд гүгэл авчран,
ЭЗЭНий магтаалын сайн мэдээг тээнэ.
7Кедарын бүх хонин сүрэг чам дээр цугларч,
Небаиотын хуцнууд чамд үйлчилнэ.
Тэд Миний тахилын ширээнд тааламжтайгаар өргөгдөн,
Би Өөрийн сүр жавхлант гэрийг алдаршуулна.
8Үүл мэт, үүрэндээ буцах тагтаанууд мэт нисэж буй тэд хэн бэ?
9Үнэхээр эргийн орнууд Намайг харуулдана.
Чиний Бурхан ЭЗЭНий нэр,
Израилийн ариун Нэгэний төлөө алс холоос чиний хөвгүүдийг алт,
мөнгөтэй нь хамт авчрахын тулд Таршишийн усан онгоцнууд эхэнд ирнэ.
Учир нь Тэр чамайг алдаршуулсан юм.
10Харийнхан хана хэрмийг чинь босгон,
тэдний хаад чамд үйлчилнэ.
Чамайг Би хилэнгээрээ цохисон боловч,
өршөөлөөрөө Би чамайг өрөвдөх болно.
11Учир нь чиний дааман хаалганууд өдөр ч, шөнө ч хаагдахгүй, ямагт нээлттэй байж
Хүмүүс үндэстнүүдийн эд баялгийг чамд авчирч
хаад нь цувааг хөтөлж ирнэ.
12Чамд үйлчлэхгүй байх үндэстэн, хаанчлалууд сөнөнө.
Тийм үндэстнүүд бүрмөсөн устгагдана.
13Миний ариун газрыг үзэсгэлэнтэй болгохын тулд
Ливаны сүр жавхлан болох арц, жодоо, нарс мод чам уруу ирнэ.
Би хөлийнхөө гишгүүрийг сүр жавхлантай болгоно.
14Чамайг зовоогчдын хөвгүүд нь ирж, чамд мэхийн,
чамайг үзэн ядагчид бүгдээрээ хөлийн чинь уланд хүртэл бөхийнө.
Тэд чамайг ЭЗЭНий хот буюу Израилийн Ариун Нэгэний Сион гэж нэрлэнэ.
15Хэдийгээр чи хаягдан, үзэн ядагдаж,
хэн ч дайран өнгөрдөггүй байсан боловч,
Би чамайг мөнхийн бахархал,
үеэс үед баяр хөөр болгоно.
16Чи бас үндэстнүүдийн сүүгээр тэжээгдэн,
хаадын мээмийг хөхнө.
Тэгэхэд ЭЗЭН Би бол чиний Аврагч,
чиний Чөлөөлөгч,
Иаковын Хүчит Нэгэн мөн болохыг чи мэднэ.
17Би чамд зэсийн оронд алт,
төмрийн оронд мөнгө,
модны оронд зэс,
чулууны оронд төмөр авчирч,
чиний төр баригчдыг амар амгалан болгон,
чиний харгалзагчдыг үнэн зөв болгоно.
18Чиний нутагт хүчирхийлэл,
хил хязгаарын чинь дотор эвдрэл сүйрэл дахин сонсогдохгүй.
Харин чи өөрийн хана хэрмүүдийг Аврал,
дааман хаалгануудаа Магтаал гэж нэрлэнэ.
19Үүнээс хойш өдрөөр нар чиний гэрэл байхаа больж,
сарны туяа ч чамайг гийгүүлэхээ болино.
Харин ЭЗЭН чиний үүрдийн гэрэл болж,
чиний Бурхан чиний алдар болно.
20Хойшид чиний нар шингэхгүй,
сар чинь хавиргалахгүй.
Учир нь ЭЗЭН чиний үүрдийн гэрэл болж,
чиний гашуудлын өдрүүд төгсөнө.
21Дараа нь чиний бүх ард түмэн зөв шударга болж,
газрыг мөнхөд эзэмшинэ.
Тэд бол Намайг алдаршуулахын төлөө Миний тарьсан мөчир,
Миний мутрын бүтээл юм.
22Хамгийн өчүүхэн нэгэн нь мянга болж,
хамгийн бага нэг нь хүчирхэг үндэстэн болно.
ЭЗЭН Би үүнийг тухайн цагт нь яаравчлах болно”.

Одоогоор Сонгогдсон:

ИСАИА 60: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү