ИСАИА 54

54
1“Хүүхэд төрүүлээгүй, хүүсэр нэгэн ээ! Баярлан хашхирагтун.
Төрөхийн зовлон үзээгүй байгаа та нар, бахдан дуулж, бархиран хашхирагтун.
Учир нь ганц бие хүний хөвгүүд нь гэрлэсэн эмэгтэйн хөвгүүдээс олон байх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.
2“Майхныхаа талбайг өргөтгөн,
сууцныхаа хөшгийг дэлгэн татаж, бүү хаагтун.
Аргамжаагаа уртасгаж, гадсаа бөхлөгтүн.
3Учир нь чи өрнө ба дорно зүгт өргөсөн тэлж,
чиний үр удам үндэстнүүдийг эзлэн,
хаягдсан хотуудад нь суурьшина.
4Бүү айгтун. Учир нь чи ичгүүрт унахгүй.
Бүү ичингүйр. Учир нь чи гутамшиг болохгүй.
Харин чи залуу насныхаа ичгүүрийг мартаж,
бэлэвсрэлийнхээ доромжлолыг цаашид дурсахгүй.
5Учир нь чиний нөхөр бол чамайг Бүтээгч.
Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН.
Чиний Аврагч бол бүх дэлхийн Бурхан хэмээн нэрлэгдсэн Израилийн Ариун Нэгэн юм.
6ЭЗЭН чамайг сэтгэлээр унасан, хаягдсан эхнэр мэт,
залуу үедээ гэрлэсэн боловч гологдсон эхнэр мэт дуудсан” гэж чиний Бурхан айлдаж байна.
7“Би чамайг эгшин зуур орхисон боловч агуу энэрлээр чамайг цуглуулна.
8Дүрэлзсэн уурандаа Би эгшин зуур чамаас нүүрээ нуусан боловч,
мөнхийн энэрэл хайраар чамайг энэрнэ” гэж чиний Аврагч ЭЗЭН айлдаж байна.
9“Энэ нь Миний хувьд,
Ноагийн өдрүүд мэт бөгөөд
тэгэхэд Би Ноагийн ус дэлхийг дахин нөмрөхгүй гэж тангарагласан.
Иймээс чамд уурлахгүй, чамайг зэмлэхгүй гэж Би тангарагласан.
10Уулс ганхаж, толгод доргивч,
Миний энэрэл хайр чамаас салахгүй,
Миний энхийн гэрээ хөндөгдөхгүй” гэж чамайг энэрэгч ЭЗЭН айлдаж байна.
11“Салхинд туугдсан, тайвширшгүй, зовсон нэгэн ээ.
Үзэгтүн. Би чамайг оюугаар барьж, чиний суурийг биндэрьяагаар тавина.
12Цаашилбал, Би чиний цонхнуудыг бадмааргаар,
дааман хаалгуудыг болроор хийж,
хана чинь бүхэлдээ үнэт чулуу болно.
13Чиний бүх хөвгүүд ЭЗЭНээр сургагдаж,
чиний хөвгүүдийн эв найр нь агуу их болно.
14Үнэн зөв дотор чи байгуулагдаж,
дарлал зовлонгоос хол байна.
Учир нь чи айхгүй. Чи аюул хүчирхийллээс хол байна.
Учир нь аюул чамд ойртохгүй.
15Хэрэв хэн нэгэн нь чам уруу хэрцгийлэн халдвал,
тэр нь Надаас биш юм.
Чам уруу халдагч нь чамаас болж унана.
16Үзэгтүн, нүүрсний галыг хөөрөгдөн ашиглахын тулд зэвсэг хийдэг дархныг Би бүтээсэн.
Би хөнөөхийн тулд сүйтгэгчийг бүтээв.
17Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй.
Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүр яллагдана.
Энэ бол ЭЗЭНий зарцуудын өв бөгөөд Надаас ирэх тэдний зөвтгөл юм” гэж ЭЗЭН зарлиг болгов.

Одоогоор Сонгогдсон:

ИСАИА 54: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү