ИСАИА 51:11-16

ИСАИА 51:11-16 АБ2004

ЭЗЭНий зольсон хүмүүс буцаж, баяртайгаар дуулан Сион уруу ирнэ. Тэдний магнай дээр мөнхийн баяр хөөр байна. Тэд зугаа цэнгэл, баяр хөөртэй байх бөгөөд гашуудах, санаа алдах нь зугтан одно. “Би, зөвхөн Би Өөрөө та нарыг Тайвшруулагч мөн. Үхмэл хүнээс айн, өвс мэт бүтээгдсэн хүний хөвгүүнээс эмээдэг чи хэн бэ? Тэнгэрийг дэлгэж, газрын суурийг тавигч Бүтээгч ЭЗЭНээ чи мартсан уу? Устгахад бэлэн байгаа дарлагчийн уур хилэнгээс чи өдөржингөө, бүр үргэлж айж байдаг уу? Гэвч дарлагчийн уур хилэн хаана байна вэ? Удахгүй гинжлэгдсэн нэгэн чөлөөтэй тавигдана. Тэд гянданд үхэхгүй, талхаар дутагдахгүй. Учир нь Би бол далай тэнгис болон түүний нүргээнт давалгааг хөдөлгөгч ЭЗЭН, чиний Бурхан байна. (Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН мөн.) Би тэнгэрийг байрлуулж, газрын суурийг тавин, Сионд хандан «Чи бол Миний ард түмэн» гэж айлдахын тулд Өөрийн үгийг чиний аманд тавьж, Өөрийн мутрын сүүдрээр чамайг халхалсан”.