ИСАИА 37
37
1Хезекиа хаан үүнийг сонсмогц, хувцсаа урж, таар нөмрөн, ЭЗЭНий өргөөнд оров. 2Тэрээр ордны даамал Елиаким, гүүш Шебнаг тахилч нарын настангуудын хамт, таар нөмөргөн, Амозын хүү эш үзүүлэгч Исаиа уруу илгээв. 3Тэд Исаиад
—Хезекиа ингэж хэлэв. “Энэ өдөр бол зовлон, зэмлэл, гутамшгийн өдөр юм. Учир нь төрж буй хүүхэд умайн амсарт ирсэн боловч төрүүлэх чадвар алга. 4Амьд Бурханыг доромжлохоор, өөрийн эзэн Ассирийн хаанаас илгээгдсэн Рабшакегийн үгийг таны Бурхан ЭЗЭН сонсох биз. Таны Бурхан ЭЗЭН сонссон үгийнхээ төлөө түүнийг зэмлэнэ биз ээ. Тиймээс үлдсэн амьд хүмүүсийн төлөө залбирлаа өргөөч” гэжээ. 5Ингээд Хезекиа хааны зарц нар Исаиа уруу ирэв. 6Исаиа тэдэнд
—Та нар эзэндээ ингэж хэлэгтүн. ЭЗЭН ийн айлдаж байна. “Намайг доромжилсон Ассирийн хааны боолуудын үгс буюу чамд сонсогдсон тэдгээр үгсээс бүү айгтун. 7Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад, тэр нэг мэдээ сонсоод өөрийн нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана” гэв.
8Дараа нь Рабшаке буцаж ирээд, Ассирийн хаан Лахишийг орхисныг сонсоод, түүнийг Либнагийн эсрэг дайтаж байхад нь олов. 9Мөн Кушийн хаан Тирхакагийн тухай “Тэр өөртэй чинь дайтахаар хөдөлсөн” гэхийг сонсоод тэр Хезекиад элч нарыг илгээж,
— 10Та нар Иудагийн хаан Хезекиад ингэж хэл. “Чиний итгэдэг Бурхан «Иерусалим Ассирийн хааны гарт өгөгдөхгүй» хэмээн чамайг бүү мэхлэг. 11Үзэгтүн, Ассирийн хаад бүх газрыг бүрэн устгаж, юу хийснийг нь чи сонссон билээ. Тэгэхээр чи аврагдана гэж үү? 12Гозан, Харан, Резеф болон Телассарт байсан Едений хөвгүүдийг миний эцэг өвгөд устгахад тэр үндэстнүүдийн бурхад тэднийг аварсан уу? 13Хаматын хаан, Арпадын хаан, Сефарваимын хотын хаан болон Хена, Иввагийн хаад хаана байна?” гэв.
14Тэгэхэд Хезекиа элч нарын гараас захидлыг авч уншаад, ЭЗЭНий өргөө уруу явж, уг захидлыг ЭЗЭНий өмнө дэлгэв. 15Хезекиа ЭЗЭНд залбиран, 16“Херубуудын дээр залрагч Израилийн Бурхан болох түмэн цэргийн ЭЗЭН, Та бол дэлхий дээрх бүх хаанчлалын ганцхан Бурхан мөн. Та тэнгэр, газрыг бүтээсэн. 17ЭЗЭН, чих тавин сонордооч. ЭЗЭН, мэлмий талбин үзээч. Амьд Бурханыг доромжлохоор илгээсэн Сеннахерибын бүх үгсийг сонсооч. 18Өө, ЭЗЭН, Ассирийн хаад үнэхээр бүх улс орон, мөн газар нутгийг нь сүйтгээд, 19тэдний бурхдыг нь галд хаясан. Учир нь тэдгээр нь бурхад бус, харин хүний гарын бүтээл, мод чулуу байв. Тиймээс тэд устсан билээ. 20Бидний Бурхан ЭЗЭН, дэлхийн бүх хаанчлалд ЭЗЭН болох Та бол цорын ганц Бурхан гэдгийг мэдүүлэхийн тулд одоо биднийг түүний гараас авраач” гэв. 21Тэгээд Амозын хүү Исаиа Хезекиад үг илгээн, “Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Ассирийн хаан Сеннахерибын талаар чи Надад залбирсан учраас 22түүний эсрэг ЭЗЭНий айлдсан үг нь энэ юм.
“Чамайг Сионы онгон охин басамжлан элэглэв.
Чиний араас Иерусалимын охин толгойгоо сэгсрэв.
23Чи хэнийг басамжлан доромжилсон бэ?
Чи хэний эсрэг дуугаа өндөрлөн, ихэмсгээр нүдээ өргөв?
Израилийн Ариун Нэгэний эсрэг!
24Чи боолуудаараа дамжуулан Эзэнийг доромжилж,
«Би өөрийн олон тэргээр уулсын өндөрлөгүүдэд,
Ливаны хамгийн алслагдсан хэсгүүдэд хүрлээ.
Би тэндхийн өндөр хуш, шилмэл нарс моддыг тас цавчлаа.
Би түүний хамгийн өндөр оргил, хамгийн өтгөн ойд хүрч очно.
25Би малтаж, ус ууж, хөлийнхөө улаар Египетийн бүх голыг хатаасан билээ» гэсэн.
26Чи сонсоогүй юм уу?
Би үүнийг өнө эртнээс төлөвлөж, дээр үед хийсэн юм.
Одоо Би үүнийг биелүүлэхээр авчирлаа.
Ингэснээр чи бэхлэгдсэн хотуудыг нуранги балгас болгон эргүүлэх юм.
27Ийм учраас тэдний оршин суугчид чадал дутаж, айн түгшиж, ичгүүрт орсон.
Тэд хээр талын өвс, ногоо шиг байшингийн орой дээр ургаж нахиалахаасаа өмнө хатдаг өвс мэт болов.
28Гэвч Би чиний суух, гарах, орохыг болон Миний эсрэг уурлахыг чинь ч мэднэ.
29Чи Миний эсрэг уурлаж, чиний дээрэлхүү зан Миний чихэнд хүрсэн учраас
Би Өөрийн дөрийг чиний хамарт зүүж, амыг чинь хазаарлаж,
ирсэн замаар чинь чамайг буцаана.
30Тэгээд энэ нь чамд тэмдэг болно. Энэ жил чи юу ургасныг нь идэж, хоёр дахь жилд мөн түүнээс юу гарсныг нь идэж, гурав дахь жил нь тарьж хураан, усан үзэм тариалж, түүнийхээ үр жимсийг идэх болой. 31Иудагийн гэрийн амьд үлдэгсэд дахин доогуураа үндэслэн, дээгүүрээ үр жимс гаргах болно. 32Учир нь Иерусалимаас үлдэгсэд, Сион уулаас аврагдагсад гарч ирнэ. Түмэн цэргийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлнэ”» гэв. 33Тийм учраас Ассирийн хааны талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. «Тэр энэ хот уруу ирэхгүй, нум сумаар ч харвахгүй. Хотын өмнө тэрээр бамбайтай ирэхгүй, бүслэлт овоо ч босгохгүй. 34Тэр ирсэн замаараа буцах болно. Тэр энэ хот уруу ирэхгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 35«Учир нь Би Өөрийнхөө төлөө болон Миний зарц Давидын төлөө энэ хотыг аврахын тулд түүнийг хамгаалах болно»” гэж хэлэв.
36Тэгтэл ЭЗЭНий тэнгэр элч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод хартал, тэд бүгд үхдэл болсон байжээ. 37Тэгээд Ассирийн хаан Сеннахериб хөдлөн, буцаж, Ниневед амьдрав. 38Түүнийг өөрийн Нисрох бурхны сүмдээ мөргөл үйлдэж байхад нь хөвгүүд нь болох Адраммелех, Шарезер нар түүнийг илдээр алаад, өөрсдөө Арарат нутаг уруу зугтав. Түүний оронд хүү Есархаддон нь хаан болжээ.
Одоогоор Сонгогдсон:
ИСАИА 37: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society